Эдийн засгийн болон өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав

Эдийн засгийн болон өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав
УИХ-ын Эдийн засгийн болон Өргөдлийн байнгын хорооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, 2016 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Намрын ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийг сэргээхэд чиглэсэн хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус тодорхойлох, 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар Байнгын хорооны санал дүгнэлт гаргажээ.
 
Улмаар хэлэлцүүлэх, яам, газруудын тайлан, мэдээллийг сонсч, үүрэг чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулан ажиллуулах зэрэгт чиглэсэн болохыг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва танилцууллаа. 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 32 удаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нэг удаа, ажлын хэсгүүд 10 гаруй удаа тус тус хуралдсан байна.
 
Давхардсан тоогоор 60 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 32 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 10-аад Ажлын хэсэг байгуулан ажиллуулжээ. Ээлжит чуулганы хугацаанд нийт дөрвөн хууль, 13 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын дөрвөн гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцсөн аж. 
 
Өргөдлийн байнгын хорооны тухайд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ. Намрын ээлжит чуулганы хугацаанд 17232 иргэнээс 1874 өргөдөл /нийслэлийн иргэдээс 1324 буюу 70.6 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 550 буюу 29.3 хувь/ ирүүлсэн бөгөөд тус Байнгын хороо бүх өргөдөлд хариу өгсөн болохыг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мэдээллийн эхэнд онцоллоо.
 
Тэрбээр Өргөдлийн байнгын хороо тайлант хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд хариуцсан яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, Засгийн газарт чиглэл өгч ажиллажээ. Тус Байнгын хороо нийт долоон удаа хуралдаж, 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж долоон тогтоол, нэг зөвлөмж, хоёр албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгч иргэдийн өргөдлүүдийг шийдвэрлэх чиглэлд ажиллажээ. Энэ хугацаанд иргэдээс хамгийн олон болох 5848 өргөдөл Туул голын бохирдлыг бууруулах хүсэлт, гомдол ирүүлсэн байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.