Эрүүл мэндийн салбарын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ

Эрүүл мэндийн салбарын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хийж хэрэгжүүлж буй ажлынхаа явцын талаар мэдээлэл хийв.

“Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого 2017-2026”-ын талаарх хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд 8 суурь зорилтыг тодорхойлон ажиллаж байгаагийн зэрэгцээ ирэх дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд 13 хуулийн төслийг боловсруулах, хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх 7 хөтөлбөр боловсруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн тэрээр цахим технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт ашиглан эмч, мэргэжилтнүүд туршлага солилцох хурал, уулзалт, орон нутаг дахь мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт, өвтчөнүүдийн үзлэг, оношлогоог онлайнаар явуулж байгаа талаар танилцуулсан. Эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүн амд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.

Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарын асуудлыг сайжруулах нь эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудал бөгөөд нэн тэргүүнд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 100.000 амьд төрөлтөд эхийн эндэгдэл 61.7 хувь байсан бол мөн оны төгсгөлд 48.6 хувь болж буурсан байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дээр хугацаанд 3.8 хувиар, нялхсын эндэгдэл 4 хувиар тус тус буурсан гэв.

Сүрьеэ, бэлгийн замын халдарт өвчний нөхцөл нь үндэсний хэмжээнд аюулын харанга дэлдэж байгаа учир салбарын яам төдийгүй төрийн бодлогын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа аж. Эрүүл мэндийн яамны зүгээс халдварт өвчин судлалын төвийн бүтцийг өөрчлөн, сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчин судлалын төвүүдийг бие даан байгуулах талаар ажлын хэсэг томилон ажиллуулж байгааг дуулгав. Үргэлжлүүлэн эм үйлдвэрлэл, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон технологийн бодлогын хэрэгжилт нэгдсэн зохицуулалтын хүрээнд хийгдэж буй ажлууд, хүний нөөцийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.