Н.Учрал: Монгол эрдэмтний ганцхан патент 12 давхар байшингийн үнэ хүрч байна

Н.Учрал: Монгол эрдэмтний ганцхан патент 12 давхар байшингийн үнэ хүрч байна
Инновацийн хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
 
-Инновацийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг та ахалж байгаа. Хэрэгжилт ямар төвшинд байна вэ?
-2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан. Хуулийг даган 22 журам батлах байсан ч гурваас бусад нь батлагдаагүйгээс болж хэрэгжих боломжгүй болсон. Улсын Их Хурлын дэргэдэх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос тус хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж холбогдох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үндсэндээ Инновацийн хууль батлагдан гарсан даруйгаасаа хэрэгжих боломжгүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна.  Хэрэгжилтийг хангах буюу сурталчлан таниулах ажлыг хийгээгүй. Иргэдэд хуулийн ач холбогдлыг танилцуулаагүй. Хэрвээ дагалдах журмуудыг нь баталсан бол  төрийн захиргааны төв байгууллагууд нь хамтын ажиллагааныхаа зарчмыг тохирч, ажлын хэсэг байгуулан, тодорхой журам, гэрээг байгуулан ажиллах боломжтой байсан. Зөвхөн хуульд зохицуулагдсан заалтыг хэрэгжүүлж ажиллах гэхээр хөрсөндөө бууж өгөхгүй байгаагаас гадна төрийн байгууллагуудын дунд үл ойлголцол үүсээд байна.
 
-Инновацийн салбарт хандах хандлага сайжрахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байгаа вэ?
-Инновацийн хууль батлагдсанаар инноваци, өндөр технологийн газар гэдэг бүтцийн нэгжийг байгуулах шаардлага бий болсон. Энэ дагуу Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд нэгж байгуулан ажилласан. Гэтэл Үндэсний шинэтгэлийн хороо нь Эдийн засаг, хөгжлийн яам руу шилжсэн. Харин одоо Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны харъяанд ирчихсэн байна. Нэг үгээр хэлбэл, “Энэ манай ажил биш” гээд байгуулсан нэгжийг нь байгууллагаас байгууллага дамжуулан бие, биенээсээ холдуулсан тал байна. Одоо Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд гурван хүнтэй  “Өндөр технологи, инновацийн хэлтэс” ажиллаж байна.
 
Хэлтсийн ажил мэтээр л хандаад байдаг. Нөгөө талаас бид инновацийг шинжлэх ухаантай хэт их андуурдаг. Шинжлэх ухаан бол мэдлэгийг бүтээх үйл явц. Харин мэдлэгийг баялаг болгох үйл явц бол инноваци юм. Инноваци тоогоор хэмжигддэг учраас шинжлэх ухаан гэхээсээ илүүтэй эдийн засгийн асуудал. Гарааны  компани хэд байгуулагдсан.
 
Тэд ямар хэмжээтэй борлуулалт хийсэн, хэдэн ажлын байрыг бий болгосон, улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ гэдгээр нь ажлын үр дүнг нь хэмждэг. Инноваци нэг бус бүх салбарын асуудал. Гадны орнуудад инновацийн бие даасан агентлагууд бий болсон байна. Тайванд шинжлэх ухааны паркийг байгуулан тэндээ гарааны компаниудыгаа нэгтгээд эдийн засагтаа маш том түлхэц болон ажиллаж байна. Манай улсын хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхайн салбар гэх мэт бүх төвшинд инновацийн үйл ажиллагаа шаардлагатай. Бүх салбарт инновацийн нэгж байх ёстой. Инновацийн үйл ажиллагааг дэмжих, шинэ технологийг дамжуулдах чиглэлээр салбар бүр хоорондоо өрсөлдөх систем рүү явах ёстой. Уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь бодитой бүтэц, хөшүүрэг байхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр инновацийн талаарх ойлголтыг сайжруулах, эрх зүйн орчин хөшүүргийг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
 
-Хөгжингүй улсуудад инновацийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүнийг хэрхэн дэмжээд байх шиг байна. Манайд харин дэмжлэг ямар төвшинд байна вэ?
-2012 онд батлагдсан хуулинд гарааны компаниудыг дэмжих талаар олон зохицуулалт орсон. Тухайлбал, гарааны компани байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж бараа таваар оруулаад ирвэл гааль татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байгаа. Эхний гурван жилийн татварыг нь тэглэсэн. Мөн үйл ажиллагаа явуулах газар ашиглалтын төлбөрийг нь 10 жил, НӨАТ-ыг нь бас чөлөөлсөн. Энэ мэт инновацийн хууль батлагдан гарсантай холбоотойгоор гааль, татварын олон хуульд өөрчлөлт орсон. Төрөөс худалдан авалтыг хийхдээ өндөр технологи шингэсэн, инновацийг агуулсан бүтээгдэхүүнийг авах ёстой гэдэг давуу эрхийг хүртэл олгочихсон. Гэтэл хэрэгжүүлж чадахгүй байна. Хэрэгжиж буй хуулийг зохицуулалт бүрээр нь авч үзвэл олон сайн зүйл бий.
 
 Хууль цагаан дээр хараар бичигдсэн боловч амьдрал дээр хэрэгжихгүй байна. 32 гарааны компани байгуулагдсанаас ердөө дөрөв нь хөнгөлөлт эдэлжээ. Энэ дэндүү бага тоо. Шинжлэх ухааны нээлт хийсэн, патент, зохиогчийн эрх, ашигтай загвараа авсан эрдэмтдийн бүтээлийн тоотой харьцуулахад 32 гарааны компани гэдэг нь дэндүү бага тоо. 
 
Өнөөдөр манай их дээд сургуулиуд тэр дундаа Хөдөө аж, ахуйн их сургууль, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн маш олон эрдэмтний патент авсан бүтээл бий. Хөрөнгө оруулагчид “Гайгүй санаа, шинэ патент байна уу. Би хөрөнгө оруулж бизнес хиймээр байна” гэж ярьж байна. Эрдэмтэд шинжлэх ухааны нээлт хийж патент, шинэ санаа гаргачихаад байдаг.
 
Нөгөө талд компаниуд шинэ санаа хайгаад байдаг ч хоорондоо уулзаж чадахгүй байна. Төр, шинжлэх ухааны байгууллага, бизнес эрхлэгч гурвыг холбож өгөх л чухал байна. Мөнгөө юунд зарцуулахаа мэдэхгүй эрэл, хайгуул хийж буй хүмүүст нь эрдэмтдийнх нь патентыг өгчих хэрэгтэй. Харин төр ажиллах аргыг нь заагаад өгчих хэрэгтэй байна. Би  хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьж, салбарын яамнаас нэг л асуултыг асуусан. “32 гарааны компанийн борлуултын орлого нь ямар байсан юм. Энэ компаниуд хэдэн ажлын байрыг бий болгосон. Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ” гэж.
 
Хариултаа авч чадаагүй.Энэ бол  32 гарааны компани бүртгүүлчихээд лабораторийн түвшинд үйлдвэрлэл эрхэлж байгааг илтгэж байна. Хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэл явуулаагүй байна. Хуулийн зохицуулалт байгаа ч компаниуд нь уялдаж өгөхгүй байна. Хууль батлагдахаас өмнө байгуулагдсан том компаниуд үндэсний хэмжээний үйл ажиллагаа  явуулаад эхэлсэн жишээ бий. Гэхдээ хууль батлагдсаны дараа байгуулагдсан гарааны компаниудын хувьд  чамлалттай байгаа юм.
 
-Монгол залуусын мэдлэг, боловсрол олон улсын төвшинд гологдохооргүй болсон.  Зарим нь инновацийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний том компаниудад ажиллаж байна. Залуусыг эх орондоо татах механизм дутагдаад байна уу?
-Тэдгээр залуус надаас “Хэрвээ би 100 сая төгрөгийн патенттай тэгээд Солонгост амьдардаг бол банкинд энэ үнийн дүнгээрээ барьцаална. Монголд 100 сая төгрөгийн патентийг 10 саяар ч барьцаанд авахгүй. Ийм л үнэ цэнэгүй байна. Яах ёстой вэ” гэж асуудаг. Монгол эрдэмтэн Солонгост ганцхан патент зараад 12 давхар байшин худалдаж аваад амьдарч байна. Тэнд нь үйлчилгээ явуулдаг. Зарим эрдэмтэд “Би эрдмийнхээ ажлыг хийе. Харин сайн бизнес эрхлэгчтэй хамтарч ажилламаар байна” гэдэг. Боломж байна. Харин өнөөдөр манайд нийтлэг дутагдал ажиглагдаж байгаа нь эрдэмтэн хүн шинэ санаа гаргачихаад давхар бизнесийн ажил хийх гээд явж байна. Уг нь тэр хүн эрдмийн ажлаа хийх ёстой. Хөрөнгө оруулалт хайж явах ёсгүй юм. Зохилдолгоо алга.
 
Тэгэхээр бид гадны зах зээлд ажиллаж буй залуусаа дэмжих тал дээр үнэхээр сайн ажиллах ёстой. Төрийн хөрөнгө оруулалтын асуудалд анхаарах шаардлага бий болсон.Мөн Монголд инновацийн сан бий болох цаг нь болсон.  Ер нь цаашдаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Гарааны бизнесийг дэмжихэд аль байгууллага яаж ажиллах ёстой гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Хоёрдугаарт Ерөнхий сайдын дэргэд өндөр технологи, инновацийн талаар бүтэц байгуулж яам бүрийг оролцуулан салбар бүрт үзүүлж буй эдийн засгийн үр дүнг тодорхой болгох тогтолцоо руу явья. Үүнд харинУлсын Их Хурлын гишүүний хувиар лобби бүлгээс хуулийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллах юм. 
 
-Инновацийг бүтээх тэр залуучууды хүсэл эрмэлзэл, хүчин чармайлтыг өдөөх, мэдлэг боловсролыг  дээшлүүлэх, хөгжингүй орнуудад сургах зээл олгох дэмжих хэлбэр лүү хэрхэн орох вэ?
-Одоо олгож буй тэтгэлгүүдийг байгалийн ухаан, инженер, өндөр технологийн салбар руу өгөх нь чухал. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбар руу оруулах хэрэгтэй. Мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргадаг ажил руу анхаарч ажиллах ёстой. Гадагшаа гарч буй бүтээгдэхүүний 88 хувь нь технологийн агууламжгүй. Нэг үгээр хэлбэл зүгээр л шороо зөөж байна. Гадны нэг эрдэмтэн гаргаж байгаа шороондоо мэдлэг шингээгээч гэж зөвлөсөн.
 
Мэдлэг, нэмүү өртөг, Монгол ухаан шингээж гадагш гаргавал ашиг олдог юм гэж хэлсэн. Тэгэхээр  эх орондоо үйлдвэрлэж байгаа инновацийн бүтээлээр үзэсгэлэн  гаргах, эрдэмтдийн патентыг олон нийтэд сурталчлах, хөрөнгө оруулагч, патент эзэмшигч хоёрын уулзварыг тодорхой болгох, гадны улс орнуудад монгол эрдэмтдийн бүтээл, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулбал манай эрдэмтдийн бүтээл үнэт зүйл болно. Монгол эрдэмтэд патентаа эзэмшүүлээд хувиа авдаг, залуус нь зохион бүтээсэн апплейкшнээ зараад мөнгө олдог болох юм. Олон сайхан график дизайн хийсэн залуусынхаа бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах санаачлагыг дэмжих ёстой. Залуус биднээс их зүйлийг хүсээгүй. Монголын төр өөрөө зохицуулалтыг нь зөв хийгээд өгчих хэрэгтэй.
 
-Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах шийдвэр гарсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Эрдэмтэд нэг дор суудаг газрыг шинжлэх ухааны парк гэдэггүй юм. Монголын шинжлэх ухааны паркид гарааны компаниудын бизнесийг бойжуулдаг, туслалцаа үзүүлдэг,зөвлөгөө, консалтинг үзүүлдэг байх ёстой юм. Компаниуд бүртгэлээ авч ажил эхлүүлээд том үйлдвэр болж тэндээс өрх тусгаарладаг байх ёстой юм.
 
Таны хувьд Монголд яг юу үйлдвэрлэх ёстой гэж боддог вэ?
Манайхан бүгд үндэсний үйлдвэрлэгч болох гэж туйлширдаг. Заримыг нь хий заримыг нь ав гэсэн ойлголт байдаг. Бид нар бүгдийг хийхгүй. Алийг нь хийх ёстой алийг нь авах ёстой гэдгээ тодорхойлох ёстой. Жишээ нь манайд угсралтыг сайн хийж чадахгүй. Америкчууд хүртэл өөрсдөө патентаа эзэмшээд Хятадад хийлгэж байна.
 
Тэгэхээр аль болох бидний чадах бусдын чадахгүйг олж хийх ёстой юм. Импортыг орлох бус экспорт руу чиглэх ёстой юм. Импортыг орлох бүтээгдэхүүнийг хийж манайх үнэтэй орон болж болохгүй. Өнөөдөр Монголд оймс үйлдвэрлэлээ гэхэд Хятадаас хямд үйлдвэрлэж чадаж байна уу. Давуу талаа ашиглаж юу хийх боломжтойг бодох хэрэгтэй. Тэгэхээр тэргүүлэх чиглэл буюу уламжлалт салбар болох мал аж ахуй, хүнс, байгалийн сэргээгдэх нөөц гээд тодорхой байх ёстой. Монгол улс 265 хоног нартай байдаг. Тэгэхээр байгалийн хүчин зүйлийг ашиглаж юу хийж болох вэ зэргийг бодох ёстой юм.
 
Дээрээс нь манайд тулгамдаад байгаа асуудлууд тэр дундаа утааг бууруулах, агаарын бохирдлоос сэргийлэх зэрэг нийгэмд хэрэгцээ шаардлагатай зүйлийг эрдэмтдээрээ хийлгэж иргэдийн санаачлагыг дэмжих ёстой.
 
С.УЯНГА
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.