С.Насанбат: Хэдий төсөв санхүү бага ч, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ

С.Насанбат: Хэдий төсөв санхүү бага ч, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-2017 он гарсаар аймгийн удирдлагууд нэгдсэн сур­галтад хамрагдаж сайдууд­тай гэрээ байгууллаа. Энэ жилийн үндсэн зорилго зорилт, үйл ажиллагаагаа юунд чиглүүлж байна вэ. Энэ асуултаас ярилцлагаа эхлэх үү?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлж, харилцан мэдээлэл солилцох уулзалт Улаанбаатар хотод оны эхэнд боллоо. Мөн салбарын сайд бүртэй гэрээ байгууллаа. Үндсэндээ аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны үйл ажиллагааны чиглэл, хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болсон. 
 
Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байгаа. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүд, ажилтан албан хаагчид батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй ажлуудыг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхээс гадна, тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн зардлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах чиглэлийг УИХ, Засгийн газраас өгсөн. Манай аймгийн хувьд 2017 онд Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар Төрийн албаны хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ гэсэн хоёр үндсэн зорилт дэвшүүлсэн байгаа. 
 
-Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг нэлээд өндөржүүлэх нь ээ. Нөгөө талаас тэднийг сургаж дадлагажуулахад хэрхэн анхаарах вэ?
-МУЗГ-ын тэргүүн, УИХ-ын даргаас 2017 онд төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэхэд төрийн үйлчилгээг шуурхай, боломжит байдлаар хүргэх талаар чиглэл өгсөн. Тодорхой шалгууруудыг давахгүй байгаа, ёсзүйн хариуцлагын алдаа гаргаж буй төрийн албан хаагчидтай цаг тухай бүрт нь хариуцлага тооцож ажиллана. Энэ утгаараа бид 2017 онд төрийн албан хаагчдыг чадавхжуулах ажлыг эрчимжүүлнэ. Ажил авснаас хойш аймгийн ИТХ-тайгаа хамтраад олон сургалт хийсэн. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Төсвийн хариуцлагын хүрээнд гадаад дотоод томилолт, үр ашиггүй хүлээн авалт, үр дүнгүй төсөл хөтөлбөрийг цэгцэлж салбарын яамдтай хамтарч төсвийн сахилга батыг эрхэмлэж ажиллах чиглэл авсан. 2016 оны жилийн эцсийн байдлаар төсвийн орлогоо давуулан биелүүлсэн зургаан  аймгийн нэг нь Дархан-Уул аймаг.
 
Энэ жил улсын төсвөөс татаас авахгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлж улмаар улсын төвлөрсөн төсөвт Дархан-Уул аймаг орлого төвлөрүүлэх үүргийг сангийн сайдын өмнө хүлээсэн. Тэгэхээр энэ жил төрийн байгууллагууд аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчдоо дэмжихэд илүү анхаарах шаардлага урган гарч байна.
 
-Энэ жил бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх бол хэмээн иргэд сонирхож байгаа байх. Тухайлбал Зам тээвэр, хөгжлийн сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан авто замын ажлуудыг иргэд маш таатайгаар хүлээж авч байгаа?
-Энэ онд хийх хоёр томоохон ажлаас дурьдвал, Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын санхүүжилтээр Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг нэрлэхээр байна.  2014 оноос судлаж техникийн бичиг баримтыг нь бүрдүүлж, улмаар УИХ-аар соёрхон батлуулж, зөвлөх, материал боловсруулах, орон нутийн ажлын хэсгүүд хамтран ажилласны үр дүнд томоохон бүтээн байгуулалтын ажил энэ онд эхлүүлэх гэж байна.   Улаанбаатар-Дарханыг холбосон 239 км авто замыг шинэчлэхээр Зам тээврийн яам, Азийн Хөгжлийн банк харилцан тохиролцлоо.
 
...Бид 2013 онд  есөн тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байсан бол энэ онд 1.9 орчим тэрбум төгрөг аймагт хуваарилагдсан боловч 1.2 орчим тэрбум төгрөгөөр урсгал зардлыг санхүүжүүлэх тухай Сангийн Яамнаас чиглэл ирсэн. Ингээд ОНХС-ийн үлдэгдэл 671 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын зарим ажлыг хийнэ. Тухайлбал: Дархан сумын III багийн нутаг дэвсгэрт 2.7 км хайрган хучилттай замыг хатуу хучилттай зам болгоно...  
 
Бид орон нутгийн зүгээс холбогдох судалгаагаа хийж улмаар дээрх замын багцад Шарын гол-Дарханыг холбосон 48 км хатуу хучилттай авто зам, Хонгор-Салхитыг холбосон хатуу хучилттай авто зам, мөн 2016 онд ашиглалтад оруулсан хоёр Дарханыг холбосон найман км хатуу хучилттай авто замын үлдэгдэл 5.2 км авто замыг давхар оруулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Энэ онд техникийн бичиг баримтыг нь бүрдүүлж, тендерийн бэлтгэл ажлыг хангана. 2018 онд замын ажил эхэлнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу тав орчим тэрбум төгрөгөөр “Монгол малын удмын сан”-гийн барилга байгууламжийн ажлыг энэ онд барьж дуусгана. Мөн ШУТИС-ийн байрны дутуу санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэхээр болсон. 
 
-Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдтай байгуулсан гэрээнд аймгийн “Спорт цогцолбор”-ын асуудал хэрхэн яаж тусав.  2017 онд ажил нь хийгдэх үү?
-Орон нутгаас Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн анхаарлын төвд байгаа нэг асуудал бол “Спорт цогцолбор”-ын барилгыг бүрэн эрхийнхээ хугацаанд гүйцээж ашиглалтад оруулах явдал. Энэ ч утгаараа УИХ-аар төсөв хэлэлцэх үед энэ жил 1.5 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. 
 
-2017 онд “Орон нутгийн хөгжлийн сан” ямар чадавхтай байгаа вэ? 
-ОНХС-ийн хөрөнгө энэ онд харьцангуй буурсан. Бид 2013 онд  есөн тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байсан бол энэ онд 1.9 орчим тэрбум төгрөг аймагт хуваарилагдсан боловч 1.2 орчим тэрбум төгрөгөөр урсгал зардлыг санхүүжүүлэх тухай Сангийн Яамнаас чиглэл ирсэн. Ингээд ОНХС-ийн үлдэгдэл 671 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын зарим ажлыг хийнэ. Тухайлбал: Дархан сумын III багийн нутаг дэвсгэрт 2.7 км хайрган хучилттай замыг хатуу хучилттай зам болгоно.  Дархан сумын хүн ам олноор суурьшсан гэр хорооллын доторх VII, VIII  багийн нутаг дэвсгэрээр өнгөрдөг бидний ярьж заншснаар эрүүлжүүлэхийн хажуугаар гардаг замыг орон нутгийн замын сангийн хөрөнгөөр хэсэгчлэн хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлнэ. Дархан сумын VI  багийн нутаг дэвсгэр “Ногооны зоорь”-ны орчимд нийтийн тээврийн буудал хийнэ.
 
Энэ бүхний үр дүнд иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ ойртох юм. Ерөөсөө аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Тохилог хороолол” төслийн хүрээнд гэр хорооллын хөгжилд ихээхэн анхаарна. Гэр хорооллын гэрэлтүүлгийн хүрээнд Дархан сумын XV багийн нутаг дэвсгэрт 130 сая төгрөгөөр гурван хэсэг газарт гэрэлтүүлгийн ажил хийнэ. Тус сумын VI, VII багийн иргэдэд өрхийн эмнэлгийн үйлчилгээг ойртуулна.  XV багийн иргэдийн удаа дараагийн хүсэлтээр тус багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж өрхийн эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ.
 
Дархан сумын III  багийн нутаг дэвсгэр дэх Стадионыг засварлана. Үүний зэрэгцээ дутуу бариад орхисон морь барианы газрыг цогцоор нь шийднэ. Үндсэндээ 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл хөтөлбөрүүдийг 2017 оны зургадугаар сар гэхэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, бүрэн батлуулахаар аймгийн Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн бүхий  л хэрэгсэл, нээлттэй утсаар дамжуулж ард иргэдээс санал авч байна.
 
 
-Жишиг хороолол төсөл үргэлжлэх үү?
-Орон сууцны хорооллууд дахь “Жишиг хороолол”-уудыг бий болгох ажлаа үргэлжлүүлнэ. Орон сууцны арван багийн нийтийн эзэмшлийн талбайд хотын өнгө үзэмжид нийцсэн хогийн савыг нэг багт дөрвөөр тооцож 40 орчим хогийн сав байрлуулна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт парк шинэчлэл хийнэ. 2014 онд таван самасвол авч өгсөн байдаг. Хэрэгцээ шаардлагын дагуу өндөржилтийн машин, хог ачих  зориулалтын таван тонны даацтай автомашин авч өгнө. Хавар бэлэн тарьц бэлдэх зорилгоор Байгаль орчныг хамгаалах сангаас өвлийн хүлэмжийг барихаар төлөвлөж байна. Ингэснээр төсөв хэмнэхийн дээр 2018 онд өөрсдийн бэлтгэсэн тарьцаараа ногоон байгууламжаа нэмэгдүүлж хотын өнгө үзэмжийг сайжруулах ажилд шинэчлэл гарна гэж тооцож байна. 
 
-Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаархи мэдээллийг иргэд ихэд сонирхдог. 2017 онд концессийн гэрээгээр ямар ажлууд хийгдэх вэ?
-Концессийн асуудлыг МУЗГ анхааралдаа авч, орон нутгийн хэмжээнд энэ асуудлыг түр хязгаарласан чиглэлтэй байна. Тиймээс концессийн асуудал 2017 онд Дархан-Уул аймагт байхгүй. Харин бид төр, хувийн хэвшлийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил дээр нягт хамтарч ажиллана. Тухайлбал, “Халнит” компанийн санхүүжилтээр зургаан давхар “Төвийн бүсийн эмчилгээ, оношилгооны төв”-ийн барилга баригдсан, 2017 онд ашиглалтад оруулахаар хүлээж байна. “Сонголон Хайрхан” компани дөрвөн одтой зочид буудал барихаар Залуучууд театрын дэргэд суурийг нь тавьсан байна. Бизнес төлөвлөгөөг нь орон нутгийн зүгээс дэмжихээр Солонгосын талд танилцуулж байна. Энэ бол аялал жуулчлал хөгжих үндсэн суурь гэсэн үг. Хувийн хэвшлийн оролцоотойгоор цэцэрлэгийн асуудлыг дэмжинэ. Хувийн хэвшлээр дамжуулж ажлын байр нэмэгдүүлнэ. Хэдэн зуун хүнтэй том үйлдвэр барина гэж ярихаасаа илүү тав, 10, 20 хүнтэй үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ. 
 
-Цэцэрлэг гэснээс 2017 онд сургуулийн өмнөх насны хамран сургалтыг 92.3 хувьд хүргэнэ гэж салбарын сайдтай гэрээ байгуулжээ. Энэ боломжийн талаар тодруулаач?
-Өнгөрсөн хугацаанд бид бүх боломжоо ашиглаж СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлсэн.  Мөн хувийн хэвшлийн цэцэрлэгийг дэмжиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж  газар  олголтууд хийсэн. Хувийн хэвшлийн анхны цэцэрлэгийн зориулалт бүхий стандарт барилга 25 дугаар хороолол буюу XV багийн нутаг дэвсгэрт баригдлаа. Энэ жил VI  багийн иргэн н.Баярцэнгэл цэцэрлэгийн зориулалтаар газар авч, барилгын ажлаа эхлүүлэх гэж байна. Энэ мэтчилэн  бид  хувийн хэвшлийн цэцэрлэгүүдээ дэмжинэ. Мөн хүүхэд харах үйлчилгээний хүрээнд ажиллаж буй цэцэрлэгүүдээ ч дэмжиж ажиллана.
 
Тун  удахгүй бидний хэлж заншсанаар Прокурорын хашаан дотор 2016 онд концессоор хийгдсэн цэцэрлэг хүүхдээ авахад бэлэн болж байна. Удирдлагууд нь ажилдаа орчихсон 2016 оны боловсролын салбараас хэмнэгдсэн  хэмнэлтийн 36 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг бид энэ цэцэрлэгт хийж энэ ондоо багтаж ашиглалтад орно. Мөн Нийгмийн Даатгалын хэлтсийн хуучин барилгыг 220 сая төгрөг буюу балансын үнээр Нийгмийн Даатгалын сангаас худалдан авч цэцэрлэгийн зориулалтаар нь засварлаж, Дархан сумын IX  багийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг сайжруулна. Цаашлаад Шарын гол сумын Шаазгайтын цэцэрлэгийг өргөтгөх асуудлыг сум орон нутгийн удирдлагатай ярьж байна. Ингээд бид 2017 онд 92.3-аас дээш хувьд хүргэчих боломжтой. 
 
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хийгдэх шинэлэг ажлуудаас нэрлэвэл?
-Эхний ээлжинд “Багш хотхон”-ыг байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлаж шийдвэрлэхийг зорьж байгаа. Бид өмнө нь XV багийн нутаг дэвсгэрт хотхоны хэмжээнд төлөвлөж байсан. Гэтэл эдгээр их, дээд сургуулиуд босоо удирдлагатай болж салж нэгдсэнтэй холбоотойгоор бидний төлөвлөсөн төсөл хэрэгжих боломжгүй болсон. Гэхдээ орон нутгийн хэмжээнд “Дархан их сургууль” төслийг хэрэгжүүлэхээр судалж байна. Уг саналыг би өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд Турк улсын элчин сайдад тавьж байсан. Ер нь боловсролын салбарыг ярихаар багшлах боловсон хүчний чадавхийн асуудал зайлшгүй сөхөгдөнө. Тиймээс бид багш нараа сургаж чадавхжуулах төслийг Шарын гол сумаас эхлүүлж байна. Гавьяат багш н.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажиллах юм. Ирэх хичээлийн жилээс Орхон, Хонгор, алслагдсан багуудынхаа багш нарыг чадавхжуулах замаар анги дүүргэлтээ сайжруулна. 
 
-Манай улсад малын гоц халдварт өвчлөл гарч байна.  Саяхан Дархан-Уул аймагт хонины цэцэг өвчин гарч энэ сарын 10-нд  хорио цээрийн дэглэмийг бууруулсан. Энэ талаар?
-Мэдээж энэ бол манай аймгийн хэмжээнд биш улс орны хэмжээнд экспортын олон ажлыг зогсонги байдалд оруулсан таагүй мэдээ. Саяхан Улаанбаатар хотод хийсэн зөвлөгөөний үеэр ирэх дөрвөн жилд “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-т Оросын Холбооны улстай хамтарч ажиллахаар болсон тухай Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн мэдээлсэн. Энэ хүрээнд улсын хэмжээнд малын гоц халдварт өвчний голомттой бүс нутгуудыг эрүүлжүүлэх ажил цогц хэлбэрээр хэрэгжихээр болсон байгаа. 
 
-Тэгэхээр 2016-2020 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ХАА-н чиглэлээр Дархан-Уул аймагт ямар ямар ажлууд хийгдэхээр төлөвлөсөн байгаа вэ? 
-Ерөнхий сайдыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр Орхон сумын иргэд төмс хүнсний ногоог боловсруулах орчин үеийн үйлдвэрийг Орхон суманд барих хүсэлт тавьсан. Энэхүү хүсэлтийн дагуу 2016-2020 онд хэрэгжих 21/100 төслийн хүрээнд төмс хүнсний ногоог гүн боловсруулах үйлдвэрийг Дархан-Сэлэнгийн бүсийн дунд буюу Дарханд барих саналыг Ерөнхий сайд дэмжсэн. Энэ чиглэлээр орон нутаг судалгааны ажлаа эхлүүлсэн. Мөн Улаанбаатар хотоос гаргаж Эмээлтэд барихаар зэхэж байгаа арьс шир боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт шилжүүлж барих хүсэлтийг орон нутгийн зүгээс УИХ, Засгийн газарт уламжилж байна. Хэрэв тус үйлдвэр манай аймагт орж ирвэл олон талын ач холбогдолтой.
 
Энд монгол малын удмын сан нь байна. Мөн энд эцсийн бүтээгдэхүүн гаргадаг “Дархан Минж”, “Дархан Нэхий” гээд хоёр том үйлдвэр нь байна. Манай станцын уурны дөнгөж 20, 30-хан хувийг ашигладаг. Цаана нь 60, 70-аад  хувь нь бэлэн байна.  Эрчим хүчний эх үүсвэр бүрэн бололцоотой байна. Дарханы Дулааны Цахилгаан Станц суурилагдсан хүчин чадлаа 35 мB-аар нэмэгдүүлээд байна. Нарны цахилгаан станц ашиглалтад орлоо. Мөн Франц улс Дархан хотод 40 мB-ын нарны цахилгаан станц барья газрын асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Ажиллах боловсон хүчин байна. Арьс ширний үйлдвэр ороод ирэхээр Хараа голыг маань бохирдуулна гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Бид БНХАУ-ын Хэбэй муж, Солонгосын Кёнги аймаг, Туркийн арьс шир боловсруулах үйлдвэр, технологиудыг газар дээр нь очиж үзсэн. Одоогоор Улаанбаатарт ажиллаж буй үйлдвэрүүд 60, 70-аад оныхоо технологиор, химийн хүчтэй хороор арьс ширнийхээ үсийг унагааж, дундуур нь нугалаад л вагонд ачдаг. Зөвхөн гадагшаа гаргах зорилготой, байгаль орчны асуудлаа шийдээгүй байдаг.
 
Тиймээс бид арьс шир боловсруулах үйлдвэрийг зоригтойгоор орон нутагтаа татаж байгаа. Дэлхийн арьс шир боловсруулдаг хамгийн орчин үеийн технологи бүхий томоохон групп үйлдвэрүүд Дарханд орж ирэх байр сууриа илэрхийлсэн. Бид гадны томоохон хөрөнгө оруулагчдад нээлттэй зарлаж, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн эцсийн бүтээгдэхүүн гаргахын төлөө ажиллах болно. Үүнийг дагаад тээвэр ложестик хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ гээд олон талын ач холбогдолтой.
 
-Гадаад харилцааны чиглэлээр ямар бодлого баримтлах вэ.  Энэ жилийн хувьд төлөвлөж буй гадаад айлчлалуудын талаар мэдээлэл өгнө үү?
-Оны эхэнд БНСУ-ын Пусан хотын даргын урилгаар 20 аймгийн Засаг дарга нарын хамтаар тус хотод айлчлаад ирлээ. Пусан хот дахь Монгол улсын консулын газраас  үйлдвэрийн район болох Улсан хоттой Дархан хотыг холбох тал дээр харилцан тохиролцсон. Мөн саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны У-Хай хоттой хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зураад ирсэн. Ажлын байр хумигдсан энэ үед Шарын гол сумаас хөдөө аж ахуй түүн дотроо мал аж ахуйн салбарт ажиллах ажилтан гаргах гэрээ хэлцэл хийхээр Шарын гол сумын Засаг дарга Япон улсын Хоккайдо мужийн Шинзоки хотод ажиллаад ирлээ.
 
Дархан, Улан-Үдэ ах дүү найрамдалт хот болсны 50 жилийн түүхэн ойг 2017 оны аравдугаар сард тэмдэглэхийн зэрэгцээ тус хоттой эрүүл мэнд, боловсролын салбарт илүү их хамтын ажиллагааг өргөжүүлэх боловсон хүчнээ сургах тал дээр анхаарна. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг авто  замын  ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд суух зориулалт бүхий машины сандалны төслийг БНТУ-ын Засгийн газрын ТИКА байгууллагын буцалтгүй тусламжаар шийдвэрлэхээр саналаа өгөөд байна. Япон улсын Засгийн газрын элчин сайдын яамаар дамжуулж, Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Хонгор сумын дунд сургуулийн сурагчдын дотуур байрыг 130 сая төгрөгийн хөрөнгөөр засварлахаар болсон.
 
Шарын гол сумын Шаазгайтын хоёрдугаар цэцэрлэг, зургадугаар сургуулийн гадна бохирын асуудлыг мөн “Өвсний үндэс” хөтөлбөрт санал болгохоор бэлтгэж байна. Дархан хотын ерөнхий төлөвлөгөөг хэсэгчилсэн байдлаар боловсруулж байгаа Арт констракшн компанийн төсөлд Койкагийн зөвлөх багийг авч ажиллуулахаар саналаа уламжилсан зэрэг гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хийхээр олон ажлууд байна.
 
-Улаанбаатар   хотод   утааны асуудал хурцаар тавигдаж байгаа. Энэ асуудалд манай аймаг одооноос анхаарах шаардлагатай байх. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрхэн анхаарах вэ? 
-Агаарын бохирдлын хэмжээ их байгаа долоон аймгийн нэгэнд Дархан орсон байдаг. Үүнтэй  холбоотойгоор сүүлийн жилүүдэд БОАЖЯам, “Цэвэр агаар сан”-гаас тодорхой ажлыг хийсэн. Энэ өвөл бид 500 ширхэг бүрэн шаталттай утаагүй зуухыг иргэддээ тарааж байна. Хүчин чадлаасаа хамаараад гурван янзын зуух байгаа. Зөвхөн зуух тараагаад асуудлыг шийдэхгүйн нь ойлгомжтой. УБ хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн тариф тэглэх аргыг Дарханд нэвтрүүлэхийг иргэдээс ч, манай ИТХ-ын төлөөлөгчдөөс тавьж байна.
 
УБ хотын утааны 80 хувь нь гэр хорооллоос гарч байгаа бол манай аймгийн агаарын бохирдлын хэдэн хувь нь гэр хорооллоос байна вэ гэдгийг судлаж гаргана. Үүний дараагаар УБ хотод хэрэгжүүлж байгаа төслийг манайд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судлаж эрчим хүч цахилгаан түгээх станцад хүсэлтээ тавина. Гэхдээ манай аймгийн хувьд гэр хороолол гэхээсээ илүү галлагааны зуухууд асуудал үүсгэдэг. Тиймээс энэ байгууллагуудад технологийн шинэчлэл хийх асуудлуудыг тавьж байгаа. 
 
-Дарханчуудын өмнө тулгамдаж байгаа өөр ямар асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
-“Консулын уулзвар”-аас “Монгол алтны уулзвар” хүртэлх хоёр км гаруй Дархан хотын үндсэн дулааны шугамын шинэчлэл хийж 600 шугамыг солихоор болсон. Энэ шугам нь Дархан хотын нийт дулаанаар хангагдаж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 40 орчим хувийг дулаанаар хангаж байгаа үндсэн магистрал шугам. Одоогоос сар гаруйн өмнө хагарсан. 2015 онд 2-3 удаа хагарсан байдаг. Энэ асуудлыг саяхан Эрчим Хүчний сайдыг ирэх үеэр танилцуулсаны үр дүнд энэ онд сайдын багцад хоёр тэрбум төгрөгийг суулгуулж чадсан. 
 
Х.Соёл
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.