М.Батчимэг: АН-ын даргын сонгуулийн үр дүнд эргэлзэж байна

М.Батчимэг: АН-ын даргын сонгуулийн үр дүнд эргэлзэж байна

АН-ын даргын сонгуулийн санал хураалт энэ сарын 28-нд буюу ирэх ням гарагт орон даяар зохион байгуулагдах билээ. Гэвч сонгуулийн явц, намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагаанд хэд хэдэн ноцтой асуудал үүсч буйг АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Л.Гантөмөрийн менежер М.Батчимэг, АН-ын шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч М.Чимэддорж нар намын зарим гишүүдийн хамт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж,  олон нийтэд мэдээллээ.

Хэвлэлийн хурлын эхэнд М.Батчимэг “АН-ын даргын сонгууль  ганц  нэр дэвшиж буй таван эрхмийн  хэн нь дарга болох тухай асуудал огтхон ч биш. Монголын улстөрийн хоёр гол хүчний нэг, өнгөрсөн 27 жил ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэх үйлсэд чухал үүрэг  гүйцэтгэж ирсэн АН-ын шинэчлэлийн хувь заяа, цаашилбал Монгол Улсын улстөрийн төлөвшил, хувь заяатай холбоотой гэж намын гишүүд бид үзэж байгаа.

Сонгууль гишүүдийн сонгох, сонгогдох эрх ашгийг дээдэлсэн, намын дүрмээ баримталсан, хамгийн чухал нь  улстөрчдийн ёс зүйг дээдэлсэн байх ёстой. Ингэж байж л нийт дэмжигчиддээ  итгэл үнэмшил төрүүлж, цаашид Ардчилсан намын шинэчлэлийн суурь тавигдах учиртай юм” гэдгийг онцлоод үндсэн гурван шаардлагыг намын нэр бүхий эрхмүүдэд хаяглаж буйгаа уламжилсан юм. Тэрбээр “Үндсэндээ гурван асуудлыг энд онцолно. Нэгдүгээрт,  өчигдөр орой АН-ын дарга З.Энхболд С1 телевизийн “Цэнзургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо илэрхийлсэн байр суурь бидний гишүүд дэмжигчдийг чимээгүй суух боломжгүй нөхцөл байдалд хүргэлээ.

З.Энхболд дарга нэвтрүүлэгт орохдоо маш том алдаа гаргасан. Үүнийхээ төлөө АН-ын гишүүдээс уучлалт гуйх ёстой. Намын даргын сонгуульд нэр дэвшигчид кампанитаа эхлүүлэх үед АН-ын дарга З.Энхболд эв нэгдэлтэй байхыг захиж, таван сум бэлэглэж байсан. Харамсалтай нь, хэвлэлд өгсөн ярилцлагадаа зөвхөн “УИХ-ын гишүүдийг сонгоорой, Л.Гантөмөрийн нэрийг татах шаардлагатай” гэх агуулга бүхий мэдэгдэл хийсэн.

Сонгуулийн хороо үүнийг хэрэгжүүл гэх даалгаврыг ч олон нийтийн мэдээллийг хэрэгслээр өгч байх жишээтэй. Намын даргын сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг алагчилсан энэ мэт мэдэгдлийг намын дарга хүн илэрхийлэх нь туйлын зохисгүй. Түүнчлэн, сонгуулийн хороо өөрөө хараат бус ажиллаж ёстой. Гэтэл намын дарга сонгуулийн хорооны байр суурьт нөлөөлж байна гэж бид үзсээр ирсэн. Үүнийгээ ч хэвлэлээр тодорхой илэрхийлэх шиг боллоо.  Тиймээс нэр дэвшигч Л.Гантөмөрийн менежерээр ажиллаж буй хүний хувьд З.Энхболд дарга энэ үйлдэлдээ уучлалт хүсэх ёстой гэж үзэж байна.

Хоёрдугаарт, намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагаанд маш их алдаа завхрал гарч байна. Энэ асуудлыг ярихгүйгээр сонгуулийг цаашид шударга зохион байгуулах боломжгүй боллоо. Гишүүдийг бүртгэх ажлын хэсэг туйлын хангалтгүй ажиллаж байгаа. Ийм учраас таван нэр дэвшигч хамтарч хуралдаад өөрсдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан бүртгэлийг шударга явуулъя гэдэг санал тавьсан. Уг нь саналыг хүлээн авч шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхийг хүссэнгүй. З.Энхболд даргын Шонхор фракцийн хүмүүс бүх бүртгэлийг зохион байгуулж байна.

Хан-Уул дүүрэг, Дархан, Эрдэнэт хотод намыг гишүүдийг бүртгэхгүй байна. Намын даргаа гишүүдээрээ сонгуулна  гэчихээд хайрцагласан хэсэгтээ нэмж хүн бүртгэхгүй байна. Бүртгэл хаалттай болсон учраас АН-ын даргын сонгуулийн үр дүн шударга гарч чадах эсэхэд эргэлзэж эхэллээ. Тиймээс намын гишүүдийг бүртгэж, саналаа өгөх боломжоор нь хангахыг шаардаж байна.

Гуравт, намын даргын сонгуулийн хороо журмаа мөрдөж ажиллахгүй байна. Үүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зайлшгүй шаардлага гарч ирлээ. АН-ын даргад нэр дэвшигч таван хүн 21 аймаг, есөн дүүргээр явж намын гишүүдтэйгээ уулзаж байгаа. Гэтэл уулзалтад заалны багтаамжаас шалтгаалаад нэг уулзалтад 300-500 гишүүн л оролцож байна. Үндсэндээ АН-ын нийт гишүүдийн 10-аас илүү хувь нь мэдээлэл огт авч чадахгүй байгаа. Хэн ямар мөрийн хөтөлбөртэй, юу ярьж оролцож байгааг тэд мэдэхгүй байна. АН-ын даргын сунгааны журмаар уулзалтыг шууд дамжуулахыг хориглосон учраас мэдээлэлгүй байна. АН-ын VI их хурлаас гаргасан журмаар нэгдүгээр сарын 28-нд таван нэр дэвшигчийн дунд мэтгэлцээн явуулах ёстой.

Гэтэл Шонхор франкциас бүрдсэн АН-ын даргын сонгуулийн хороо өчигдөр /уржигдар/  дотооддоо санал хурааж, мэтгэлцээний болиулсан байна. Намын их хурлаас баталсан журмын заалтыг хэдхэн хүн хуралдаад өөрчиллөө. Намын гишүүдийг мэдээлэл авах эрхээр нь хангаж, мэтгэлцээнийг яаралтай явуул гэсэн шаардлагыг тавьж байна. Шаардлагаа зохих хүмүүст хаяглаж байгаа. Өнөөдрийн дотор хариу ирүүлнэ үү. Хэрэв ямар нэг байдлаар шаардлагыг хүлээн авахгүй бол бид дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ. Бид ардчилсан улсын иргэд. Зүй зохистой, зарчмын сонгууль явуулах эрхийнхээ төлөө тэмцэхээс өөр аргагүй болж байна” гэлээ.  

Б.Сумъяа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.