Х.Нямбаатар: Оффшор бүсээс Монгол Улсад 10.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн

Х.Нямбаатар: Оффшор бүсээс Монгол Улсад 10.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу Оффшорын хуулийн төслийн  танилцуулга, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Л.Энхболд, Д.Сарангэрэл нар болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна. Жагсаалтыг Нидерланд (4.23 тэрбум ам.доллар), Люксембург (1.15 тэрбум), Британийн Виржин Арал (1.1 тэрбум), Хятадын Гонконг (229 сая), Бермудын арал (129 сая), Швейцарь (103 сая), Кэймэн арал (74 сая) тэргүүлж байна. “Эргийн гадна” хэмээх Оффшор бүсэд Британийн Виржин арал, Бермуд, Кэймэн арал зэргээс гадна АНУ, Малайз, Хятадын Гонконг, Нидерланд, Люксембург, Лихтенштэйн зэрэг улс орнууд, тэдгээрийн оффшор бүсүүд ордог ба оффшор үйлчилгээ нь өнөөдөр дэлхийн санхүү, бизнесийн салбарт өргөн хэрэглэдэг арга хэрэгслэл болсон, нэн ялангуяа дэлхийн хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт өөрийн гэсэн тодорхой байр суурь эзлэх болжээ. Бусад орны туршлагаас харахад “оффшор бүс” гэх албан ёсны тодорхойлолт байхгүй. “Эргийн гаднах, хилийн гаднах улс, бус нутаг” гэх утгыг илэрхийлдэг. Оффшор бүсийн шинжид гадаадын иргэн, хуулийн этгээдэд татварын таатай орчин бүрдүүлсэн байх, эсхүл бүхэлдээ татварын таатай орчин бүрдүүлсэн байх, эсхүл гадаад улс, гадаадын улсын нутаг дэвсгэр байх, эсхүл хэрэглэгчийн мэдээлэл болон бусад мэдээллийн аюулгүй байдлын системийн нууцлал өндөртэй банктай байх гэх зэрэг олон шинжүүд хамаардаг. Түүнчлэн үүний аль нэг шинжийг хангасан байхад оффшор бүсэд хамруулж үзэж болдог байна. Иймд манай улсын хувьд оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийг тодорхойлох, жагсаалт батлах нь манай улсын гадаад харилцаа, бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул бусад улс орны туршлагыг судлан үзэж “оффшор бүс”-ийг “гадаад улсын нутаг дэвсгэр” гэж томъёолсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан. Түүнчлэн нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан” хэмээн онцлж байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга”, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Хөрөнгө эргүүлэн авахтай холбоотой эрх зүйн орчин: Олон Улсын ба үндэсний эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39.800 төрийн албан тушаалтанд оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулахыг хориглох хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан уг заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан. Эдгээр албан тушаалтанг дотор нь төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан, санхүү, төсөв хариуцсан албан тушаалтан, авлигад өртөх эрсдэл бүхий зарим албан тушаалтан /шүүгч, прокурор гэх мэт/ зэргээр гурван хэсэгт ангилан үзэж болохоор байгааг Ажлын хэсгийн гишүүд танилцуулсан.

Хуулийн төсөл батлагдвал төрийн албан тушаалтан болон төрийн албан тушаалд нэр дэвшигч этгээд гурван сарын дотор гадаад улсад нээлгэсэн дансаа хаалгах, байршуулсан мөнгөө татах, хуулийн этгээд байгуулсан бол үйл ажиллагааг нь зогсоох, эрхээ шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч, энэ тухайгаа 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээх юм. Харин төрийн албан тушаалтан гадаадад суралцах, эмчлүүлэх, өөрт хамаарал бүхий этгээд гадаады аль нэг улсад данс эзэмших эрхэд халдахгүй аж. Уг хуулийн төслийг боловсруулахдаа гадаад улс орнуудын жишгийг нарийн судалж тусгасан болохоо Ажлын хэсгийн гишүүд хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав. Тухайлбал, АНУ, ОХУ, БНХАУ, Европын холбоо, ХБНГУ, Франц зэрэг орнуудад энэ төрлийн харилцааг ямар нэр томъёог ашиглаж, хэрхэн зохицуулж байгааг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын тайлбарласнаар бол УИХ-аар төслийг хэлэлцэх шатанд хоёр асуудал дээр гишүүд онцгой анхаарах ёстой гэж үзжээ. Нэгдүгээрт, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшор данс эзэмшихийг бүр мөсөн хориглох. Хоёрдугаарт, Өршөөлийн хууль баталж, оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг бол түүнийгээ мэдүүлэн, улсдаа оруулж ирэн, өршөөлд хамруулах гэсэн асуудлыг тавьж буй аж.

Нэгдүгээр асуудлын тухайд, төрийн албан хаагчийн ах дүү, хамаатан саданг гадаадад данс эзэмшихийг хоригло гээд хууль гаргах нь 1966 оны эдийн засгийн соёлын эрхийн факт, Үндсэн хууль, бусад хүний эрхийн тухай баримт бичгүүдэд заасан жам ёсны эрхийг зөрчиж, хууль зөрчих нөхцөл үүсэх аж. Хоёр дахь асуудлын хувьд УИХ-аас 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргасан. 2008 онд Татварын өршөөлийн хуулийг баталсан. Өршөөлийн хуулийг ойр, ойрхон гаргах нь өрөөсгөл гэнэ.

Одоогоор дэлхийн 200 гаруй орноос оффшортой холбоотой асуудлыг зохицуулсан хуультай орон цөөн байна. ОХУ, Хятад улс хоёр энэ асуудалд хатуу байр суурь барьдаг. Тодруулбал, төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн тодорхой алба хашдаг албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмших, хөрөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулахыг хуулиар хориглодог гэнэ. УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх шатанд энэ хуулийг мөрдөх албан тушаалтнуудын хүрээллийг багасгах нь зөв гэсэн санал гарчээ. Тиймээс төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна яам, агентлагийн газрын даргаас дээших албан тушаалтнуудад эл хууль үйлчилдэг байхаар зохицуулж болох юм гэж үзэж буй аж. Гэхдээ энэ нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.