Э.Мөнхтөр: Зураг авалт эхлэхийн өмнөх мөчид их ганцаарддаг

Э.Мөнхтөр: Зураг авалт эхлэхийн өмнөх мөчид их ганцаарддаг

Жүжигчин Э.Мөнхтөр СУИС-ийг дөрвөн мэргэжил, нэг дипломтой төгссөн уран бүтээлчдийн нэг. Элсэлтийн шалгалтын эхний шатанд улаан шугамны дөнгөж дээгүүр тэнцсэн болохоор “хэрэв тэнцэхгүй бол... би яах вэ?” гэсэн айдсаар  өөртөө хариуцлага үүрүүлэн хоёрдугаар шатанд орж, тэнцжээ. Түүнээс хойш тэр “мэргэжлийн шалгалт”-нд олон ч удаа орсон, орсоор л яваа. Яг одоо л гэхэд, “Өвлийн тууж” уран сайхны киногоороо үзэгчдийн шалгалтад орж байгаа...

-Э.Мөнхтөр гэдэг хүнийг мэдэхийн тулд “Акабелла” хамтлагийн талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу. Танай дөрөв дуулалт, жүжиглэлт, зан чанар, гадаад төрхийнхөө хувьд ч их зөрүүтэй дөрвөн өнгө шүү дээ. Тэр дөрвөн өнгийг чухам юу нэгтгэсэн бэ?

-Дуулах хүсэл нэгтгэсэн дээ. СУИС-д аккордины хичээл ордог байсан Мөнхзаяа багш маань бидний дөрвөн өнгийн хоолойд зориулсан дууг найруулж, нотлон өгч байлаа. Дуугаа тус тусдаа дуулж үзчихээд, маргааш нь багшийнхаа дэргэд нийлж үзэх тэр агшиний мэдрэмж бидний хүслийг улам оргилуулсан даа.

-Тэгж сайхан нэгдсэн хэрнээ яагаад хувь, хувийн уран бүтээлээ хөөж, хамтлагаа орхих болсон бэ?

-Манай Одкод Америкт сурах боломж гарч ирсэн. Тэр үед бид ч ид дуулж байлаа. Гэвч бидэнд байгаа авьяас чадвараа мөнгө болгож харах ухаан дутсан байх л даа. Одкодоо гарсан боломжинд хориг тавьж чадалгүй, дэмжээд америк руу явуулсан.

-Эхний нот нь эгшиглэмэгц л клипнийх нь үйл явдал нүдэнд тодордог “Хэзээ”, “Учрал” гэх мэт сайхан дуунууд танай хамтлагт олон бий. Дуунуудаа эргээд сонсохоор хоолой зангирах уу?

-Анхны бүхэн л сэтгэлд хадаастай үлддэг шүү дээ. Тэр ч утгаараа анх студид бичлэг хийлгэх гэж бараг бүтэн өдөр болсоноо огт мартдаггүй. Сэтгэлд хадаастай үлдсэн дурсамжуудаа эргэж санахаараа “Зориглосноороо л хамтдаа байсан бол...” гэсэн багахан харамсал төрдөг л юм.

-Одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ.

-Гэрээт уран бүтээлчийн ажлын хөлс Төрөөгийн өөрийгөө үнэлдэг үнэлэмжинд хүрдэг үү?

-Би ажлын санал тавьж байгаа хүмүүст "Та өөрөө л саналаа тавь” гэдэг юм. Үнэлгээг нь сонсож байгаад, ярилцаж тохирдог л доо.

-Таныг найруулагч бүр л өөр өнцөгөөс олж хараад байх шиг. Ингэхэд яг хүсэж байсан дүрийг тань санал болгож байсан найруулагч таарч байв уу?

-Яг одоо “Өвлийн тууж”, “Өвлийн шөнийн зүүд” гэсэн хоёр кино маань театруудад гарч байна. “Өвлийн тууж” киноны найруулагч Б.Тулгааг надад санал тавихаас өмнөхөн би эсрэг талын ч юм уу, хүйтэн хэрцгий дүрд тоглож үзэх юмсан гэж бодож байсан юм. “Гэмгүй царайны минь ард гэмтэй дүрээ нуугаач” гээд ярилцлага өгвөл хэлэх үгээ хүртэл бэлдчихсэн явсан. “Өвлийн тууж” зохиолыг унштал яг хүсэж явсан дүр маань байсан. Хүсэж байсан болохоор би өөрийгөө ийм дүрд бэлдчихсэн байсан юм шиг байна лээ. Тоглоход ч эвтэйхэн байсан.  

-Найруулагч далд хүслийг чинь яаж мэдэрч дээ?

-Харин яаж тэгж таарсан юм бол. Магадгүй, зохиол бичигдэж эхлэх үед надад тийм хүсэл төрсөн ч юм болов уу. Өмнө нь “Өнөөдөр” кинон дээр Б.Тулгаатай хамтарч ажилласан болохоор тэндээс олж харсан байж магадгүй.

-“Өвлийн тууж”-ийн дүрийн хувьд гадаад төрх, дотоод сэтгэл нь төдийгүй нэр, хийж буй үйлдэл нь хүртэл асар их зөрчилтэй, сонин дүр санагдсан?

-Тийм шүү. Энэрэлийн хувьд бүх зүйл мөнх биш гэдэгт л итгэдэг. “Жаргах гэж л лав ирээгүй энэ орчлонд ирээгүй” гэдгээ мэдчихсэн. Өөрөөр хэлбэл, яах гэж ирсэн зорилгоо олчихсон, тэр зорилго нь өнгөц харахад сайн зүйл биш ч сайтар эргэцүүлж үзвэл өөрийн гэсэн утга учир, гоо сайхантай, сонин дүр л дээ.

-Ихэнх зохиол дээр хайрын эсрэг атаа хорсолыг тавьдаг. Харин Энэрэлийн дүр дээр хайрын эсрэг хайрыг тавьчихсан юм шиг ээ?

-Тэгж бас ойлгогдоно. Яагаад гэвэл, Энэрэл тэр бүсгүйд муухай хандахгүй хэрнээ бас хайрлахгүй байгаа юм.

-Яг л өөрийнхөө тухай ярьж байгаа юм шиг ярьж байна шүү. Дүрээ ямар сайн ойлгодог юм бэ?

-Дүр гэдэг жүжигчин хүнд ирдэг л зэвсэг ш дээ. Зохиолч болон бусад уран бүтээлчид тухайн зэвсгийн талаар жүжигчинд хангалттай мэдээлэл өгдөг. Өөрөөр хэлбэл, дүрийнхээ тухай бүх мэдээллийг зохиолоос болон бусдын ярианаас цуглуулаад, үлдсэн зүйлсийг нь ургуулан бодно. Яг л судоку бөглөдөгтэй адил. Олж авсан мэдээллүүдээрээ дүрээ чимсээр, судокугоо бөглөж дуусна. Ингэж дүрээ цогцоор нь олоод харчихвал тоглоход ч амар болдог.

-Дүрээ хүний сэтгэлд хоногштол гаргахад дөхөм болдог гэсэн үг үү?

-Хуучны монгол киноноос дүр үлддэг шүү дээ. Орчин цагийн киноноос дүр үлддэггүй. Миний тоглосон дүрүүдээс л гэхэд  хүний сэтгэлд хоногшсон дүр байхгүй. Би үүнийг мэднэ. Би үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, орчин цагийн монгол кинонууд дүр муутай болчихож. Монголчууд бол үгээ цоожилж ярьдаг, үгэн дотор үг хавчуулдаг айхтар ард түмэн. Энэ ч утгаараа хэлж байгаа үгээр нь дүрээ айхтар гаргаж ирдэг. Харин орчин үеийн кинонуудын текст ердөө жороо үг төдий байна.

-Таны энэ үгийг уран бүтээлч шүүмжлэл гэж ойлголоо. “Өвлийн тууж” кино текст багатай хэрнээ цөөн үгний цаана нэлээд зүйл “нуусан” юм шиг санагдсан. Энэ талаараа шүүмжлэлийг тань давсан бүтээл болсон болов уу?

-Буянаагийн зохиолуудыг уншихаар дүрүүд нь маш тодорхой байдаг. Бас өөр хэн нэгэнтэй огт адилхан биш.  Хэлж байгаа үгнүүд нь ч өөр хоорондоо ялгаатай. Тухайлбал, Ерөө, Энэрэл хоёр л гэхэд нэг үгээр ярихгүй. Өөр өөрийн үгээр л ярьдаг. Тэр тал дээр их сайн бичдэг гэж боддог юм. Логиктой үгнүүд цөөнгүй байгаа. Магадгүй хүмүүс үзээд, сэтгэлд нь үлдэж байвал бид хоёрын ярьж байгаа зүйл батлагдах биз ээ.

-Зохиолч, найруулагч, жүжигчин гурвын хэнээс нь шалтгаалаад дүр хүний сэтгэлд үлдэхгүй байгаа юм бол?

-Нэг уран бүтээлийг босгохын тулд явж байгаа нэг баг учраас хэн хэнээс нь л шалтгаална. Би жүжигчин хүн учраас л дүр гэж яриад байгаа юм. Найруулагч л гэхэд зохиолоос үлдэх санааг бодож, боловсруулдаг шүү дээ. Уран бүтээлч бүр өөрийнхөө ажлыг сайн хийх хэрэгтэй.

-Мөнхтөрийг найруулагч бүр яагаад өөр өөр өнцөгөөс хардагийг олоод мэдчих шиг боллоо.  “Энэ чи яавч биш ээ” гэж бодсон дүрээ ч санаснаасаа сайн гаргаж чадах юм байна шүү дээ?

-Магадгүй, “Би яаж энэ дүрд тоглох юм бэ” гэж эргэлзэх тусмаа эрэл хайгуултай, сонирхолтой санагддаг юм шиг байна. Найруулагч “Чи өөрийгөө эвдэх ёстой, чи чадна аа” гэж хэлсэн л бол би чаддаг. Яагаад гэвэл, цаг ямагт найруулагчийн зөв байдаг юм.

-Жүжигчдийн дүр их давтагдаж байна гэсэн шүүмжлэл их байна. Магадгүй, хамгийн олон өөр дүр бүтээсэн нь та байх шүү?

-Би тэгж хэлж чадахгүй. Сайн хувирдаг жүжигчид манайд олон бий. Би тэдэн шиг хувирч чаддаггүй. Жүжигчин хүн хувирах нь зөв. Гэвч хувирах гэж дэндүү хичээхээсээ илүү кино болон дүрээрээ дамжуулан, зохиолоо хүмүүст хүргэх учиртай. Өөрөөр хэлбэл, хувираад тэс өөр болох нь нэгдүгээрт биш л дээ.

-Ямар дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдэхийг хүсдэг вэ?

-Мартагдахгүй юмсан гэдэг шиг мартагдахгүй, үг текст нь хожим дурсагдаж байхаар сайхан дүр бүтээчих юмсан л гэж боддог. Одоогоор миний нас болоогүй, эсвэл авьяас чадвар маань хүрэхгүй байгаа юм болов уу. Сэтгэлд хоногшсон дүр бүтээж чадаагүй л явна.

-Зарим хүн магтаалд урамшдаг, зарим нь унадаг. Таныг магтаал, шүүмжлэл хоёрын аль нь илүү хурцалдаг вэ?

-Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайг “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж яваарай” гэж хэлэхийг оюутан байхдаа сонссон юм. Тэгээд л тэр үг миний тархинд суучихсан. Оюутан байхдаа үгэнд амархан гомдож, гутардаг л байлаа. Тэр үгийг сонссоноос хойш хүний магтаал, шүүмжлэлийг хүндээр хүлээж авахаа больсон. Намайг огт тийм бишээ мэдсээр байхад л магтаад байдаг хүмүүс ч байдаг. Магтаал, шүүмжлэлийн аль нь ч байсан, Цэрэндагва гуайн үгийг л боддог. 

-Тэгвэл амьдрал дээр хүсэж байгаа дүрээ бүтээж чадаж байна уу?

-Амьдралыг таашгүй. Хүн бүр л төгс сайхныг хүсдэг. Гэтэл амьдрал дээр төгс сайхан гэж байхгүй. Тэр дунд хүн өөрийнхөө л дүрийг бүтээгээд явдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө олсоор л, олсоор л байдаг. Би ч бас өөрт оногдсон дүрээ л бүтээж явна.

-Амьдрал дээр та найруулагч, зураглаач, зохиолч, жүжигчиний бүгдийнх нь үүргийг гүйцэтгэж байна. Хүсвэл өөрийнхөөрөө өөрчлөх боломжтой биш гэж үү?

-Хүн өөрийн хүссэн зүг рүүгээ л явдаг. Санасанаар болохгүй зүйл бас байна. Өнгө өнгийн асуудлууд байна. Тэр болгон дээр өөрийн бодсон дүрээрээ байхыг хичээдэг. Гэвч надаас шалтгаалахгүйгээр намайг өөр тийш хөдөлгөдөг зүйл байна. аль нэгийг нь заавал сонгох ёстой салаа замууд ч байна.

-Ямар үед хамгийн их ганцаарддаг вэ?

-Зураг авалтын өмнөхөн их ганцаарддаг. Мотор эхлэхийн өмнө надад өгч байгаа цаг л даа. Гэвч тэр үед ханьгүйдээд, ганцаардаж байгаагаа мэдэрдэг. “Ингээд л дэргэд хэн ч байхгүй, хээр талд гав ганцаархнаа сууж байх юм бол би чинь ийм л амьтан шүү дээ” гэж бодогдоод, хүнтэй ярилцмаар ч юм шиг санагддаг.

-Ажиллаагүй үедээ ганцаарддаг уу?

-Ихэвчлэн гэртээ байдаг учраас гэрээсээ хол байвал л ганцаарддаг. Хүүхэд гэдэг мөнхийн ритм шүү дээ. Тиймээс гэртээ байхад ганцаардах хором мөч байхгүй.

Машин дотор бас их ганцаардах юм. Очих гэж байгаа газар, хийх гэж байгаа үйлдлийнхээ тухай бодно. Хөгжмөө сонсоно. Тэгсэн хэрнээ л ганцаараа шүү дээ.

-Яагаад ингэж асуув гэвэл “Их ганцаардаж, шаналсан үедээ ханьтайгаа учирсан”  гэж ярьсаныг тань сонин дээрээс уншсан юм л даа?

-Би тэр сэтгүүлчид уг нь “Нэг их эргэлзээтэй үе байсан юм” гэж хэлсэн. Гэтэл “шаналал, зөрчил” болгоод биччихсэн байна лээ.

Амьдралд нэг тийм шийдвэр гаргаж чадахгүй эргэлздэг, тэндээ түгжигддэг, уналтанд ордог үе байдаг шүү дээ. Тийм үедээ эхнэртэйгээ танилцаж, эргэлзээнээсээ гараад урагшаа явж эхэлсэн юм.

-Эргэлзэж тээнэгэлзсэн бол шалтгаан нь чухал байх л даа. Гэтэл тэр сэтгүүлч “Яагаад?” гэж асуугаагүй байсан?

-Тийм. Хамтлаг тарчихсан. “Сайн уу, амьдрал минь”, “Хайрын рекорд”, “Амьдралын амт” кинонуудаас хойш ажлын санал ч ирэлгүй жил гаруйн хугацаа өнгөрсөн. Нэг л нам жим, хийх ажил ч үгүй, эвгүй үе байсан л даа.

-Ажлаа хийж байхдаа жүжигчин ч гэлээ амьдрал дээр бол үзэгч биз. Бусад хүмүүс тайзан дээр байгаа жүжигчид шиг санагддаг болов уу?

-Ингэж хэлэхээр хүмүүст сонин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ хүн бүр л жүжиглэдэг. Хэзээ, хаана, хэрхэн жүжиглэдгээрээ л ялгаатай болохоос биш. Жишээлбэл, нэгэн албан байгууллагын нарийн бичгийн дарга бүсгүй байлаа гэж бодъё. Тэр өглөө босоод, нүүрээ будаад, нөгөө хувцасаа өмсөөд дүрдээ ороод ажилдаа ирдэг шүү дээ.

Амьдрал дээр биднээс илүү жүжиглэдэг хүмүүс ч бий. Тэднээс сурах зүйл их бий.

-Та ч бас амьдрал дээр жүжиглэдэг үү?

-Аль болох өөрөөрөө байхыг хичээдэг. Баггүй гэж хэлэх нь ч бас хаашаа ч юм. Багтай хүмүүстэй багтай харьцахгүй бол болдоггүй юм аа.

-Таны баг ямар үед гарч ирдэг вэ?

-Нүүр таарахгүй хүн гэж байдаг даа. Ярилцаад эхлэхээр яриа нийлэхгүй. Гэтэл тэр хүрээлэл дунд заавал орох шаардлагатай болдог. Тэр үед л багаа зүүгээд, өөрсөдтэй нь адилхан болж байгаад харьцана даа.

-Энэ ярилцлагын үеэр та баг зүүсэн үү. Ярилцлага эхлэх үед өөдөөс нэг их сонжсон харцаар хараад байсан?

-Хүмүүсийг харж, унших нь мэргэжлийн онцлог байх л даа. Түүнээс биш энэ ярилцлагын туршид өөрөөрөө л байлаа.

Ц.Баттуяа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.