АН-ын даргад нэр дэвшигчдийг энэ ням гарагт бүртгэж эхэлнэ

АН-ын даргад нэр дэвшигчдийг энэ ням гарагт бүртгэж эхэлнэ

АН-ын VI Их хурал энэ сарын 6-7 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Хонхны дуугаар эхэлсэн Ардчилсан намын энэхүү зургадугаар их хуралд аймаг, сум, дүүргүүдээс ирсэн 1200 гаруй төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн Их хурлаар төлөөлөгчдөд намын шинэтгэлийн хөтөлбөрийн төслийг танилцуулж, нийт төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлэн баталлаа.

Хэлэлцэн баталсан энэхүү шинэтгэлийн хөтөлбөрт АН цаашид хэрхэн шинэтгэлээ хийх вэ гэдэг талаар үндсэн долоон зарчмыг тусгаж өгчээ. Нээлттэй, оролцоотой, итгэлтэй, хариуцлагатай, цахим нам, бодлогын нам болохоор тусгасан байна. Энэ хүрээнд ямар ажлуудыг ямар хугацаанд хийх вэ гэдэг хувиараа гаргаж шинэтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр болсон аж. Түүнчлэн энэ хүрээнд үндсэн дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа.

Дүрмийн өөрчлөлтөөрөө намын гишүүдээ цахимаар бүртгэдэг болох намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ сонгохоор их хурлын төлөөлөгчид байр сууриа нэгтгэж тогтжээ. Өөр нэг чухал асуудал бол мэдээж намын дагын асуудал. Тэгвэл АН Монгол Улсын улс төрийн намуудаас анх удаа намын даргаа нийт гишүүдээс сонгох дүрмийг баталж чадлаа. Энэхүү АН-ын даргын сонгуулийг орон даяар ирэх нэгдүгээр сарын 29-ний өдөр улс орон даяар нэгэн зэрэг явуулахаар намын VI их хурлаас баталсан байна. Харин  намын даргад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаагаа энэ сарын 10-нд албан ёсоор эхлэх гэнэ.

Улмаар  энэ сарын 19-ний өдрөөс нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлыг эхлүүлэхээр тогтжээ. Түүнчлэн намын даргыг сонгох сонгуулийн ажлыг зохион байгуулах хороог аймаг, дүүрэг тус бүрээс нэг хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.  Дашрамд дуулгахад, намын даргыг батлах намын VII дугаар их хурлыг ирэх оны хоёрдугаар сарын 12-нд хийхээр тогтжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.