Залуучуудын холбоо хар жагсаалтаа зарлав

Залуучуудын холбоо хар жагсаалтаа зарлав
Монголын Залуучуудын Холбооноос өнөөдөр “Хар жагсаалтад орсон этгээдийг бүү сонго” хэмээх нэрийн дор хурал зохион байгууллаа. Тус хурлыг зохион байгуулсан Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ “Монголын Залуучуудын холбоо V их хурлын үеэр төрийн босгыг өндөрсгөе, улстөрчдийн болчимгүй үйлдлийг зогсооё гэсний үүднээс “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг эхлүүлэхээр болсон. 
 
Энэ үеэс эхлэн хар жагсаалтыг хэрхэн гаргах, ямар цензур тавих, хэн гэдэг хүн орох, хэдий хугацааг хамруулах зэргийг судалж эхэлсэн. Тэгээд С.Зориг агсаны амь насаа алдсан өдрөөс хар жагсаалтыг нэрлүүлэх үйл ажиллагаа эхэлсэн юм. Бид гурван удаа материал гаргасан. Үүнд: “Хулгайчгүй Монгол” сонин, дараагийнх нь иргэд өөрсдөө нэрлэсэн “100 хар үйлдэл”, сүүлийнх нь “Хар жагсаалт” гэв. 
 
1992 оноос хойш 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндсэн хууль, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийтийн үнэт зүйлд харшилсан голлох үйл явдлыг нэрлүүлж 100 хар үйл явдлыг иргэдийн санал дээр үндэслэн гаргажээ. 
 
Тодруулбал, залуу гэр бүлийн 500 мянга,  Эх орны хишиг, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хүүхдийн мөнгө тэтгэвэр тэтгэмж, Өршөөлийн хуулийн хориг, Төрийн албаны хямрал, “Саалийн үнээ” Эрдэнэт, МИАТ компани, Тендерийн хууль, Хувьчлалын асуудал, Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө, Хадгаламж зээлийн хоршоодын хэрэг, Боловсролын салбарын шинэчлэлүүд, Түүхийн дурсгалт зүйлийн наймаа, Ноён уулыг хөндсөн нь, Дэд бүтэц шугам сүлжээ, Боловсролын салбарын шинэчлэлүүд, “Цэвэр агаар сан”, “Нүүрс хөтөлбөр”, Барилга дээр гарсан ослууд, Байгалийн бохирдол хог хаягдал зэргийг  багтаан үзжээ.
 
Үүний дараа олон нийт хүлээн зөвшөөрсөн 100 хар үйл явдлын жагсаалтанд оролцсон, гүйцэтгэсэн, зохион байгуулсан этгээдүүдийг нэрлэх, УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн хар жагсаалтыг гаргасан байна. Энэ хар жагсаатад багтсан хүмүүсийг сонгуульд оруулахгүй байх саналыг бүх намын дарга нарт тавьсан боловч авч хэрэгсээгүй. 
 
Тиймээс монголын ард түмэн минь энэхүү жагсаалтад багтсан хүмүүсийг сонгохгүй байхыг хүсч байна. Мөн УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болох “Цагаан жагсаалт”–ыг хариуцлагын гэрээн дээр үндэслэн хийсэн ба энэ сарын 11-нд зарлана. Хэрвээ хэн нэгэн гомдолтой байвал гомдлоо гаргаад яв. Бид хариуцлагаа хүлээх ёстой эрх бүхий байгууллага хэмээн ярилаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хар жагсаалтад багтсан эрхмүүдийн нэрийг тун удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.