Ж.Амгалан: Аливаа зүйлд судалгаатай, ул суурьтай хандаж сэтгэхгүй бол бид дэлхийгээс хоцрох гээд байна

Ж.Амгалан: Аливаа зүйлд судалгаатай, ул суурьтай хандаж сэтгэхгүй бол бид дэлхийгээс хоцрох гээд байна

Төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратегийн судлаач, Ж.Амгалантай ярилцлаа.

-Манай улсад судалгааны тэр тусмаа аюулгүй байдлын судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын ийм чиглэлийн байгууллагуудтай харьцуулан үзэхэд ямар төвшинд явна вэ?

-Аливаа улсын аюулгүй хөгжих, эрсдлийг урьдчилан тооцож даван туулах чадвар бодлогын судалгааны байгууллагуудаас нэлээд хамаардаг. Судалгааны байгууллагуудын судалгааны чиглэл, хамрах хүрээ, чанар, судлаачдын ур чадвар, ажлын үр дүн ямар байна тийм л төвшинд тухайн улсын судалгааны бодлого явна. Гол нь мэргэжилтэнээ бэлтгэх, тэр бэлтгэгдсэн мэргэжилтний мэдлэгийн төвшин, ёс суртахуун, асуудлын талбайг хэрхэн эзлэхээс их зүйл шалтгаална. Нөгөө талаас   судалгааны сайн ажлыг үр дүнтэй ашиглаж чадахгүй бол үр дүн гарахгүй.

Манайд эдийн засгийн чиглэлийн судлаачид цөөнгүй боловч эдийн засаг хямарч байгаа нь бол энэ чиглэлийн судалгаа, судлаачид ямар түвшинд байгааг нэг талаас харуулж байгаа хэрэг, нөгөө талаасаа судлаачдын гаргаад ирсэн судалгааг зөв, үр дүнтэй ашиглах чадвар төрд, төрийн албан хаагчдад дутаад, төрийн санах ой хангалтгүй байна. Одоо төрийн албан хаагч болгон судлаачийн хэмжээнд ажиллах хэрэгтэй болжээ. Дэлхий тийм болчихлоо. Асуудлыг мэдрэхгүй, материал ашиглаж чадахгүй бол ажил урагшлахгүй, ер нь судалгаагүй, уялдаа холбоогүй нэг ч юм байхгүй болсон. Манайханы хэлдгээр шинжлэх ухаанч хандахгүй бол ямар ч ажилд  ахиц гарахгүй, судалгааны байгууллагууд ч урагшлахгүй. Өнөөдөр гадны зээл тусламж, төсөл, хөтөлбөр болгон өөрсдөө судалгаагаа хийж байна. Энэ бол хамаг юм онгичоод хаячихдаг нэг талын аюул л даа. Манайд одоогоор 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогоос өөр  ашиглах боломжтой судалгаа бараг алга, хүлээн зөвшөөрөгдөхгүй байна, тэд ч зөвшөөрөх хүсэлгүй байдаг бололтой. Шалтгаан нь биднийг, нийгмийг  худал хуурмаг, найдваргүй, ёс суртахуунгуй бурангуй гэж хардаг, бид ч тэгж харагддагтай холбоотой байх. Дэлхийд  бодлогын судалгаа хийдэг 6670 гаруй байгууллагатайгаас хойд хөршид 10 сая, урд хөршид 56 сая судлаач ажилладаг гэсэн тоо харж байсан. Гэтэл манай “Тинк танк” бүрэн ажиллахгүй, ашиглалт бага байна. Манай их хаан Хубилай XIII  зуунд  “Бичгийн мэргэдийн хүрээлэн” байгуулсан түүхтэй шүү дээ.

-Тэгвэл өнөөдөр төрийн удирдлагын хэмжээнд шинжлэх ухааныг, судалгааг хир үр дүнтэй  ашиглаж байх шиг байна вэ?

-Төрийг ухаанаар, мэдлэгээр, ёс суртахуунаар удирддаг гэдэг. Энэ нь доголдоод ирэхээр нөгөө самрана гээч нь эхэлж байгаа нь тэр. Нөгөө хэлэх дуртай “Тинк танк” –ийг ашиглахгүй байна. Төрд ажилладаг хүн болгон өөрийгөө шүүдэг, бусадтай харьцуулдаг, биеэ засаад аваад явчихдаг тийм ёс суртахуунтай болохгүй бол мянган сайхан судалгаа, шинэ санаа, санах ойтой бодлого байгаад нэмэргүй юм. Ажиглаад байхад манайхан юманд судалгаатай тооцоотой хандах хандлага тун бага, эрх мэдэл гээч хийрхэлд авчихдаг, тэгэхлээр бодлого яаж ч явах вэ дээ. Төрдөө биш төрд ажиллаж байгаа хүмүүсийн буруу л даа. Вудро Вильсон гэдэг профессор 1887 онд  “Улсын удирдлагын шинжлэх ухаан” гэдэг бүтээлдээ төрийн байгууллагуудын дэг журам, хөдөлмөрийн бүтээмж, ажил сайжруулах арга зам бол захиргааны шинжлэх ухаан гэж тодорхойлсон байдаг нь үнэн юм шиг санагддаг. Манайхан үүнийг ихэнх нь сонссон мэддэг боловч төрийн байгууллагад судалгаатай хандлага, дэг жаяг журам, бодит бүтээмж, эрчтэй хүчтэй ажиллагаа гээд аль аль нь их сул, дархлаа муутай, дээрээс нь  бэлтгэгдсэн боловсон хүчин дутмаг, байсныг нь холдуулчихдаг нэг тийм л үлбэгэр байдал ажиглагдах юм даа. Ийм байхад судалгаа, тооцоог ашиглаад бодлого гаргаад тууштай явна гэхэд бэрхшээлтэй. Яг одоо бол төрд судлах тооцох асуудал ус агаар мэт хэрэгтэй тийм цаг ирлээ шүү дээ. Судалгаагаа зөв хийгээд төсөв нэмж авах биш хэмнэхээс ажлаа эхэлбэл нөөц бололцоо гараад ирдэг тал бий, бид 1990-ээд оны эхээр, 2008 оны үед тэгж л байсан.

-Төрд  тооцоо судалгаатай нарийн бодлого байдаг байх гэж ард түмэн итгэдэг. Гэтэл ингээд хямраад нийгэмд бухим­дал үүсээд ирэхлээр тэр итгэл алдарч  эхэлж байх шиг?

-Төрийн залгамж чанар гэж яриад байна аа даа. Залгамж чанар гэдэг нь бодлогоо тасалдалгүй залгуулаад ямар чанарын шаардлага стандарт тавигдана түүнд нь хүргээд  явахыг хэлдэг. Засаглалийн систем, чадварын мөн чанар нь юугаар яаж илэрч байгааг судлаачид төдийгүй ард түмэн олоод харчихдаг энэ нээлттэй цаг үед нарийн чамбай бодлоготой, хүчирхэг төр л улсаа авч явах нь мэдээж юм. Хөгжлийн бодлого эмх цэгцтэй, системтэй, өөрийн нөхцөлдөө таарсан, судалгаанд суурилсан байвал хөгжилд эерэгээр нөлөөлнө гэдгээ мартмааргүй байна. Сонгуулиар зарим нэг юмнууд шийдэгчихээд байгаа нь гол усаа цэвэрлэхтэй л адил юм уу даа.

-Болохгүйг нь сонгуулийн үр дүнгээр тоглоомноос гаргадаг гэдэгтэй санал нэг байна. Гэлээ ч  манай төр нэг л болж өгөхгүй байгаа нь юундаа байна вэ?

-Өнөөдөр дэлхийд бодлогоор бусдаас давуу байхын төлөөх чимээгүй дайн болж байна. Дайн бол улсын бодлогын үргэлжлэл гэж үздэг. Цаг хугацаа, гадаад, дотоод нөлөөлөл гээд олон эрсдэлтэй замаас зөвийг нь  сонгож явна гэдэг энэ эмзэг цаг үед тийм амар биш. Гадаад дотоод орчны сөрөг нөлөөнөөс хамгаалагдсан байхыг аюулгүй байдал  гэдэг шүү дээ. Төрийн бодлого болохгүй байна гэдэг нь төрд ажил хариуцсан та бид чадахгүй байна, чадсангүй л гэсэн үг. Болохгүй бүхэн  төрийн буруу биш төрд ажилласан, одоо ажиллаж байгаа нөхдүүд болгож чадаагүй, чадахгүй байгаатай холбоотой асуудал. Манай улс бол гаднаас  элдэв самуунгүй, дотоод асуудлаа л цэгцэлчихэд болчихоор тийм тайван орчинтой улсын нэг шүү дээ.  Одоо эдийн засгийн хямрал гэж яриад л байна. Эдийн засгийн төдийгүй ер нь хямрал болгон аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байдаг. Улсын экспорт, импорт, банк санхүү, мөнгөний бодлого, төсвийн аюулгүй байдал гээд бодлого алдаж болохгүй, хянал­таас гаргаж болохгүй олон юм бий. Мөнгөний бодлогыг л гэхэд таамаглах төсөөлөх аргагүй зөвхөн баримжаалсан судалгаан дээр л суурилж шийдэх болчихоод байна. Төрийн оролцоотой бүх юм аа л судалж, хянаж, тэр алдаа, олж харахгүй байгаа боломжийг илрүүлэн гаргаж ирэхгүй бол энэ  хэвээрээ л явна.

-Хүнээс л бүх юм шалтгаалах нь ээ дээ ?

-Өөр юунаас байхав дээ. Түүх, одоо үе ч тэгж л уншигдаж байгаа. Хаана ч адилхан. “Их хүн зам үлдээдэг, эвгүй хүн жалга үлдээдэг” гэсэн араб үг байдаг шүү дээ. Эвгүй гэдэг нь юманд эв хавгүй, судалгаа тооцоогүй гэсэн санаа байх,

-Төрд ажиллах хүнийг бэлтгэдэг, шинжлэх ухаан тэр тусмаа судалгааг үндэслэл болгодог болгохгүй  бол цаашид ямарч шалгуургүй нэг нөхөр төрийн албанд орж ирээд бужигнуулаад байх шинжтэй болох нь дээ?

-Төрийн ажилд мэдлэгээс гадна ёс суртахуун маш чухал. Төр муу асуудалтай тулгарахыг хүсдэггүй, үй олон асуудлыг төрд ажилласан хүмүүс л бий болгочихоод байна. Энэ хэний буруу вэ гэвэл төрд эрх мэдэлтэй ажил хийсэн этгээдүүдийн л буруу нөгөөх ёс суртахууных нь  доголдол. Одоо  болохгүй байгаа асуудлыг өөрчлөхийн тулд хаанаас эхлэх ёстой вэ гэвэл төр, засаг эсвэл нэг том байгууллагуудаас биш хүнээ бэлтгэхээс, сонгохоос, чамбай судалж засч залруулахаас эхэлмээр байна. Аливаа асуудалд сонголт тохироо гэж байдаг. Сэтгэл санаа, ёс суртахуунаа нааштайгаар өөрчлөөд эхэлбэл иргэн нь, гэр бүл нь, нийгэм нь цаашлаад улс орон нь өөрчлөгдөөд л явна. Нагаржунайн айлдвар энэ тэрийг үзэж  байхад бас л тийм юм билээ. Гаднаас зохицох зохицохгүй олон мэдээлэл  аваад, туршлага нэрээр дууриагаад л  ажлынхаа цаад зорилго агуулгыг бүрэн мэдрээгүй төрийн албан хаагч олон байна. Ийм улс чинь бодлогогүй юм баахан хийчихээд, их мөнгө буруу аргаар олчихоод  түүнийгээ засах гэж маань мэгзэм болж, ном хуруулж, түвдээс лам залахаас өөр яах юм бэ?.  Ийм хүмүүс  төр авч явах, засах тухай ярих хэцүү шүү дээ. Биеэ зас, гэрээ зас тэгээд төрөө зас гээд дээд удмаас мессеж өгсөөр байтал дөргүй бух шиг зүтгэж болохгүй биз дээ. Асуудлын гол алдаа ийм хэмжээнд л эргэлдээд байгаа юм биш үү. Төрсөн сэтгэгдэл, хий таамаглалаар баримжаалсан бодлого, судалгаанд тулгуур­ласан бодлого хоёрын ялгаа  маш их. Судалгаагүй юм болгон аюулгүй байдалд эрсдэл дагуулдаг гэдгийг л мэдрэх хэрэгтэй байна.

-Олон хүн гадаад, дотоодод сураад үндэсний боловсон хүчин  бэлтгэгдээд байгаа боловч үр дүн нэг л тааруухан байх юм?

-Үндэсний боловсон хүчин гэдэг чинь үндэсний эрх ашгаа ухаарч боловсорсон хүнийг хэлдэг. Тархиа угаалгаад ирснийг нь хэлдэггүй байх. Үндэсний боловсон хүчний  ажлын үр дүн төрийн ажлын хаана нь очиж эерэгээр тусаад байна гэдгийг бид бодож судлахад илүүдэхгүй. Зарим орон төрд ажиллах хүнд болох болохгүйг нь зааж өгөөд  сайхан засаад өгч байна шүү. Тэднийг эх орондоо ирэхээр нь чөтгөрийн тойрогт оруулаад зэврүүлчихээд байна. Олон талын мэдлэг чадвар, төрмөл авьяастай иргэн манайд зөндөө байна. Улсын хөгжилд  бэлтгэгдсэн боловсон хүчин гэдэг гол хүчин зүйл. Тэднийг олж ашиглах ажил үндсэндээ алга. Бэлтгэгдсэн хүмүүсээ гадагш нь  маш их алдаж байна. Хүн амын гадагшлалт эрс өсчлөө. Ажиглаад байхад боловсролтой, юм боддог, гайгүй сэтгэдэг нь нь явчихаад байна шүү дээ. Манайд судалгаанд суурилж шийдвэр гаргадаг практикийг хэвшүүлэх, төрийн алба хаагчдад нийгмийн сайн сайханы төлөө зүтгэх соёл, ёс суртахуун тогтоохгүй бол бидний зам ээдрээтэй хэвээр л байх болно. Энэ эдийн засгийн тогтворгүй байдал олон зүйлд нөлөөлж, хөдөлгөөнд оруулж  хямрал ба боломжийн эх суурийг тавчихлаа. Энэ хямрал гээд байгаагийн  эх үндэс нь цэвэр боловсон хүчний, ёс суртахууны л хямралаас болсон юм шиг харагдаад байгаа юм. Нийгэм дэх иргэний ухамсар гажчихсан байгааг ярихаас цаашгүй л байна. Бид хүнээ, нийгмээ  хамгаалахын тулд яах вэ гэдгээ нэгдүгээрт анхаарах цаг болжээ. Эхний ээлжинд хүүхдүүдээ зөв хүн болгоход хүн бүрийн зөв оролцоо чухал байна. Гаднаас дуртай үедээ юуг ч эвдэх аюул эргэн тойронд их байгааг мэдрэхгүй, мартчих юм.  Бид их том юм ярих тусам том эндүүрэл рүү орно.  Бидний дархлаа нимгэн, их эмзэг гэдэг нь мэдрэгддэг. Т.Галсан найрагч “Бид цөөхүүлээ шүү дээ” гэдэг шүлгэндээ  бичсэн байдагтай адил. Аливаа зүйлд судалгаатай, ул суурьтай  хандаж бусадтай ядаж адил хэмжээнд сэтгэхгүй бол бид дэлхийгээс хоцрох гээд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.