С.Чинзориг: Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, улсад ажилласан жил тасалдахгүй байх болно

С.Чинзориг: Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, улсад ажилласан жил тасалдахгүй байх болно

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,  тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай  хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байгаа. Энэ талаар эдгээр хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хэчнээн асуудлыг шийдвэрлэхээр тусгаж өгсөн бэ?

-Хууль санаачлах эрхийнхээ дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гэсэн хоёр хуулийн төсөл боловсруулаад, Засгийн газраас санал аваад УИХ-д өргөн барьсан. Эдгээр хуулийн төсөл байнгын хороогоор, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр дөрвөн багц асуудлыг шийдвэрлэхээр тооцож байгаа. Даатгалд хамрагдсан хэлбэрээсээ хамаараад, хүүхэд асарсныхаа тэтгэмжийг авч байгаа ээжүүд ялгавартай тэтгэмж авдаг хуулийн зохицуулалт одоо үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, заавал даатгалд хамрагдсан ээжүүд хүүхдээ асарсных тэтгэмжийг цалингаасаа 100 хувь авдаг. Харин сайн дураараа даатгалд хамрагдсан ээжүүд цалингаасаа 75 хувь авдаг. Тиймээс нэгэнт хүүхэд төрүүлээд, асарсныхаа тэтгэмжийг авч байгаа ээжүүдэд даатгалд хэрхэн хамрагдсан гэх хэлбэрээсээ үл хамаараад 100 хувь тэтгэмжээ авдаг болох нь зүйтэй гэсэн зохицуулалт оруулж өгсөн.

-Хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимт­гэл төлөлтийн асуудал энэхүү хуульд тусгагдсан уу?

-Хүүхэд төрүүлээд, хүүхдээ гурван нас хүртэл нь буюу цэцэрлэгт хамрагдах хүртэл нь ээжүүд гэртээ хардаг. Гэтэл энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалддаг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ээжүүдийн тэтгэмжтэй байх хугацааны буюу найман сарын шимтгэл төлөгдөөд, үлдсэн нь тасардаг. Үүнээс болж үлдсэн хоёр жилийн шимтгэл тасарч ээжүүд хохирч байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд, хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, улсад ажилласан жил тасалдахгүй байхаар тусгасан.

Түүнчлэн ээжүүдтэй холбоотой өөр нэг зохицуулалт нь олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх асуудал юм. Одоо үйлчилж байгаа хуулиар дөрөв буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг 50 настай тэтгэвэрт гарахыг нь зөвшөөрдөг. Энэ бол ээжүүдийн нийгмийн хамгааллыг шийдсэн чухал хууль. Гэхдээ ээжүүд 50 настай тэтгэвэрт гарчихаар ажилласан жил нь бага тооцогдоод тэтгэвэрт гарахдаа бага тэтгэвэр тогтоолгодог дутагдалтай тал бий.

Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцож байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжид улсад ажилласан нийгмийн даатгал төлсөн жил дээр нь зургаан жил нэмэгдээд, тухайн ээж тэтгэвэрт гарахдаа тэтгэврээ өндөр тогтоолгох боломжийг бүрдүүлж өгч байгаа гэсэн үг.

-Энэхүү хуулийн хүрээнд малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах асуудлыг  тусгасан гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулахаар хуулийн төсөлд тусгасан. Яагаад малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах гээд байна вэ гэхээр тэдний хөдөлмөр бусад салбарыг бодвол онцлогтой буюу хүнд орчин нөхцөлтэй хөдөлмөр гэж бид үздэг. Малчдын хөдөлмөрийн ажлын цаг нь хязгааргүй урт үргэлжилж байдаг.

Өөрөөр хэлбэл, цаг наргүй буюу үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг. Мөн өдөрт үргэлжлэх ажлын цагийн дийлэнх нь байгалийн хатуу ширүүн нөхцөл, нар салхинд өнгөрдөг. Тиймээс ч малчдын дундаж наслалт төв суурин газрын иргэдийн дундаж наслалтаас харьцангуй бага байдаг. Үүнтэй холбоотойгоор малчдын тэтгэврийн насыг таван насаар наашлуулах багц  хуулийн төслүүдийг өргөн барьсан. Энэ мэт багц дөрвөн асуудлыг тусгасан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,  тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан юм.

-Малчин, хувиараа хөдөл­мөр эрхлэгчийн тэтгэв­рийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Хэмжээг нь ямар байдлаар тогтоосон бэ?

-Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн хамгааллыг сайжруулах чухал хууль юм. Өнөөдөр улсын хэмжээнд 350 мянган малчин, 240 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид байна гэж тооцдог. Эдгээр иргэд нийт ажиллагсдын 48 хувийг эзэлж байгаа. Тэгсэн хэрнээ малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 10-15 хувь нь л өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Тэгэхээр нийт ажиллагсдын 48 хувийг эзэлж байгаа энэ хоёр том бүлгийн 80-90 хувь нь нийгмийн даатгалын гадна байгаа. Тиймээс эдгээр иргэд ахмад настан болоод нийгмийн баталгаа нь алдагдах сөрөг нөхцөлд байдал үүсээд байгаа учир малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн төлөөгүй явж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тусгасан.

Ингэхдээ тухайн үеийнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн төлөх эрхийг нь нээж өгөх хууль юм. Хэрвээ ингэж чадвал малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчид маань ниймийн даатгалд шимтгэл төлөгч болно. Нөгөө талаасаа нийгмийн даатгалд хамрагдагчдын хүрээ тэлж тэр хэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө аривжих юм.

-Эдгээр хууль хэрэгжээд эхлэхээр нийгмийн даат­га­лын сан болоод төсөвт нэ­лээд ачаалал үүсэх юм биш үү?

-Хууль хэрэгжээд эхлэхээр нийгмийн даатгал дээр бага зэргийн ачаалал ирэх нь ирэх л байх. Гэхдээ малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухайд төлөөгүй байгаа шимтгэлийг нэг удаа өөрөө төлөх учиртай. Тиймээс харин ч нийгмийн даатгалын санд тэр хэрээр хөрөнгө орж ирнэ гэж тооцоолж байгаа. Бидний тооцоолж байгаагаар 35-аас дээш насны малчид нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуульд хамрагдвал  280 орчим тэрбум төгрөг төвлөрөх тооцоо байгаа. Төлөөгүй байгаа шимтгэлийг төлүүлээд, үүний дараа тэтгэвэрт гарах эрхийг нь нээж өгч байгаа учир нийгмийн даатгалын сан болоод төсөв дээр ирэх ачаалал харьцангуй бага байх болно.

-Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ удаагийн төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн юм биш үү?

-Засгийн газраас 2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа нэлээд өөдрөгөөр төсөөлж, боловсруулсан байсан. Бид сарын өмнө 2016 оны төсвийн тодотгол хэлэлцсэн. Тэгэхэд төсвийн алдагдал 19 хувьтай байсан. Харин өнөөдөр 2017 оны төсвийг аваад үзэхээр алдагдал нь есөн хувь болоод хоёр дахин буурсан байна.

Тиймээс Засгийн газар нэлээд сайн ажиллаж, эерэг төсвийн төслийг боловсруулж байна. 2017 оны төсвийг бид маш зөв суурийг нь тавих ёстой. Яах вэ, гишүүд жижиг тойргоос буюу мажоритор тойргоос сонгогдсон учир тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын ажил олон байгаа нь ойлгомжтой. Гэхдээ эдийн засаг хүнд байгаа учир энэ удаад бид тойрогтоо хөрөнгө оруулалт хийх гэсэн бодлоосоо татгалзах нь зүйтэй.

Ингэж чадвал 2017 оны төсвийн сууриа зөв тавьж чадна. Ингэж бүтэн жилийн ажлын төсвөө зөв тавьж чадвал эдийн засаг хямралаас гарах боломж нь нэмэгдэх юм. Улмаар 2018, 2019 онд хөрөнгө оруулалттай холбоотой буюу нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлаа шийдээд явах боломж нь бүрдээд явна гэж бодож байгаа.

-Таны бодлоор энэ удаа­гийн төсвийн хасалт, таналт нь байгаа онож чадав уу?

-Төсвийг нарийн дотор нь аваад үзвэл орлого болоод зарлага тал дээр асуудалтай байж болох жижиг сажиг зүйл байгаа. Шүүмжлэлтэй хэлбэл зарим яамдын сайд нарын төсвийн багц бага зэрэг нэмэгдсэн байсан. Түүнчлэн концесс, викселийн санхүүжилтийг нэлээд нарийн шалгаж, гүйцэтгэл, үр дүнтэй нь холбож өгөх зэрэг асуудал бий.

-Эдийн засгийн хямралаас гарах гарцыг хайж, олон талаас нь судалж байгаа.  Энэ хүрээнд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудал яригдаад эхэлчихсэн. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Өмнөх эрх баригчид дөрвөн жилийн хугацаанд аль ч Засгийн газрын үед байгаагүй асар их хөрөнгө санхүүгийн боломжтой үед ажилласан. Гэхдээ улс орныг эдийн засгийн маш хүнд байдалд оруулчихсан. Үүний гор нь улстөрчид төсөв санхүү мөнгөний бодлогыг улстөржүүлсэний хар гай.

Буруу бодлого явуулсаны үр дүнд өнөөдөр бид бүсээ чангалаад, ачааг нь үүрээд явж байна. Тиймээс цаашдаа улстөрчид төсөв санхүүгийн бодлогыг хэт улстөржүүлэхгүй, салбар бүр мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг байх тал дээр анхаарах ёстой. Нөгөө талаас өмнөх эрх баригчдын үед авсан богино хугацааны хүү өндөртэй арилжааны зээлүүдийг урт хугацааны хүү багатай хөрөнгө оруулалтын зээлүүдээр солих боломжийг ашиглахыг би үгүйсгэхгүй байгаа.

Түүнчлэн олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авахад буруудахгүй байх. Миний харж байгаагаар ОУВС-тай хамтарч “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлвэл сайн тал нь бид санхүүгийн сахилга бат маш сайжрах юм байна гэж харж байгаа. Яах вэ нөгөө талд нь төсөвт байгууллагуудын орон тоог бууруулах, зарим нэг нийгмийн хамгааллын асуудлыг буруулах, зогсоох  зэрэг шаардлага тавих байх.

Гэхдээ одоогоор ОУВС-тай хамтрах албан ёсны хэлэлцээр хийгдэж эхлээгүй байна. Бидэнд ямар нөхцөл тавих нь тодорхойгүй байгаа. Ер нь “Стэнд бай” хөтөлбөр зөвхөн төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлийн дэмжлэг үзүүлнэ. Тиймээс бид хөгжлийн хөрөнгө оруулалтын зээлийг хэрхэн босгох эсэх асуудлыг давхар судлах хэрэгтэй байна.

-2017 оны мөнгөний бодлого төсөвтэйгөө хэр уялдаж өгсөн гэж харж байна. Мөнгөний бодлого энэ байдлаар батлагдчихвал ямар ч үр дүн гарахгүй бол яах вэ?

-Ер нь мөнгөний бодлого болоод төсвийн бодлогыг зайлшгүй уялдуулах шаард­лагатай. Бид Монголбанкнаас шаардахдаа валютын ханшийг хэдэд хүргэх вэ, хэзээ ханшийг нь бууруулах юм бэ гэж шаардаад байгаа. Гэтэл валютын ханшийг бууруулах асуудал гэдэг нь ганцхан Монголбанкны асуудал биш. Төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрхэн явуулах, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн эргэлдүүлэх гэж байгаа, гаднаас яаж валют болгох эсэх хөрөнгө оруулалтын ямар бодлого явуулах гээд бүх асуудал төсөвтэйгөө уялдаж гэмээнэ валютын ханш буурах асуудал яригдах учиртай.

Тиймээс ч төсөв, мөнгөний бодлого зайлшгүй уялдах ёстой. Энэ удаагийн мөнгөний бодлого өмнөх мөнгөний бодлогыг бодвол төсөвтэйгөө нэлээд сайн уялдуулахыг оролдсон. Ер нь цаашдаа бид Монголбанкны хуульд нэлээд өөрчлөлт оруулах шаардлгатай байна. Түүнчлэн валютын ханшийг хэрхэн оновчтой тогтоож байх вэ гэдэг дээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Сүүлийн дөрвөн жилд л гэхэд валютын ханшийг тогтворжуулахын тулд Монгол банкнаас интервенц хийгээд, зургаан тэрбум ам.доллар гаргачихсан байна.

Гэтэл тэр интервенц хийсэний үр дүн гараагүй. Валютын ханш улам л өсөөд байгаа. Тэгэхээр зөвхөн интервенц хийснээр валютын ханшийг тогтоож чадахгүй. Тиймээс Монголбанкны хуультай холбоотой асуудал, төсөв санхүүгийн хэмнэлтийн бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхтэй холбоотой бүх зүйлийг уялдуулж байж л бид үүсээд байгаа хүндрэлээс гарна. Улмаар валютын ханшийг барих юм байна гэдэг асуудал дээр гишүүд нэлээд сайн ойлголттой болж байгаа гэж бодож байгаа.

-Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэг­дүүлэх төслийг төс­вийн тодот­голд тусгасан ч эргүү­лэн татахаар болсон. Ер нь татварын бодлогыг яаж зохицуулах нь зөв юм бэ?

-Татвар нэмэх бодлогыг бид цогцоор нь шийдэх хэрэгтэй байгаа юм. Түүнээс хэдхэн салбарыг нэр зааж хөнгөлөлтөд хамруулах зэргээр нэг хэсгийг нь татвараас чөлөөлж, нөгөө хэсгийн татварыг нэмэх нь тийм зөв шийдвэр биш. Бид хүн амын орлогын албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж, хөнгөлөлтийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

Нөгөө талдаа Монгол Улсын баялгийн хуваарилалт маш буруу яваад байна. Цөөхөн хэсгийн гарт баялаг маш хүчтэй хуримтлагдаж байгаа. Тиймээс ч баян, хоосны ялгаа маш их газар авч буй. Энэ хүрээнд манай улс татварынхаа бодлогыг өөрчлөх шаардлагтай байна. Өөрөөр хэлбэл, татварынхаа бодлогыг шатлалтай болгох ёстой гэж боддог. Ийнхүү шатлалтай болгож чадвал хуримтлал, их төвлөрч байгаа болон орлоготой байгаа хэсгээсээ илүү татвар авдаг. Хуримтлал бага төвлөрч байгаа болон орлого бага хэсгээсээ бага татвар авдаг байвал орлогын тэгш бус ялгааг сааруулах боломж бүрдэх юм. Тиймээс татварынхаа тухай хуулийг цогцоор нь авч үзэх ёстой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.