Гадны банк оруулж ирэх нь зөв, буруу

Гадны банк оруулж ирэх нь зөв, буруу

Эсрэг тэсрэг байр суурь

Б.Мөнхзаяа: Гадны банкийг оруулах цаг нь одоо биш

/Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч/

-Бусад улсуудыг харахад,  гадаадын болон дотоодын банкуудын аль аль нь байдаг. Гэхдээ хэзээ оруулж ирэх вэ гэдэг цаг хугацааны асуудал нь нэлээд чухал. Яг одоогоор  санхүүгийн зах зээл болон улсын эдийн засгийн нөхцөл байдлаа харах юм бол дотоодын банкуудын чадавхи, тогтвортой байдал нэн тэргүүний асуудал юм.

Бусад хөгжиж байгаа орнуудын жишээ туршлагаас харахад гадны банкууд орж ирснээрээ дотоодын банкуудыг шахдаг. Хамгийн эрсдэл багатай гэж хэлж болох томоохон хөрөнгө оруулалтын зээлийг гадны банкууд авчихдаг. Дотоодын банкинд энэ тохиолдолд эрсдэл ихтэй, жижиг зээлүүд ирдэг. Дээрээс нь нэмж хэлэхэд,  манай улс системийн асуудал үүсэхгүй л бол эрхзүйн зохицуулалтаа өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, эрхзүйн зохицуулалт нь дандаа хоцорч явдаг гэсэн үг.

Ийм тохиолдолд гадны банкуудыг оруулж ирээд бүр болохоо байсныхаа дараа бид дуугарч эхлэх үндэслэлтэй. Хэрвээ ийм нөхцөлд асуудал хүндэрвэл улсын  эдийн засгийн талаас илүү хувь нь гадныхны барьцаанд явчих эрсдэлтэй. Эрхзүйн орчноо сайн бүрдүүлснийхээ дараа гадны банкийг оруулж ирэх хэрэгтэй.

Ж.Дэлгэрсайхан: Гадны банкуудын өрсөлдөөнөөс өөр хувилбар ч байж болно

/СЭЗДС-ийн зөвлөх, эдийн засагч/

-Монгол Улсад гадны банкийг оруулж ирэхэд бусад орнуудтай адилхан нөхцөл байдал биднийг хүлээгээгүй гэдгийг Засгийн газар болон Монголбанк анхаарах хэрэгтэй. Яагаад гэхээр, Монгол Улсын геополитикийн нөхцөл байдал, эдийн засгийн чадамж асуудалтай. Бид цэвэр үйлдвэрлэгч орон болоогүй байна.

Хэрэглээний эдийн засагтай байгаа энэ үедээ гадны банкийг оруулж ирлээ гэхэд хязгаарын нөхцлүүдийг тавьж  өгөх хэрэгтэй. Ялангуяа орон зайн хувьд хаанаас оруулж ирэх вэ гэдгээ сайн харах шаардлагатай. Гадны банкуудын өрсөлдөөнөөс өөр хувилбар ч байж  болно. Санхүүгийн зах зээл дээрх бүтцээ сайжруулах алхмуудыг хийж болно. Хөрөнгийн зах зээл болон бусад гадны хөрөнгө оруулалтын сувгуудыг дэмжих шаардлага үгүйлэгдэж байна. Засгийн газар өр тавилгүйгээр жижиг дунд үйлдвэрлэгчдээ гадны болон дотоодын зах зээл рүү гаргах асуудлыг дэмжснээр мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломжтой.

Тэсрэг байр суурь

Б.Түвшинтөгс: Зах зээлийн механизм бага хүүтэй гадны банкны салбарыг эрж байна

/МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал/

-Дэлхийн бизнесмэнүүдээс хаана хамгийн ашигтай бизнес эрхэлж болохоор  байна гэж асуувал “Монголд банкны эзэн баймаар байна” гэж хариулна. Манай арилжааны банкууд жилийн 20.1 хувиас өндөр ашигтай.

Дэлхий дээр ийм ашигтай бизнес маш ховор. Одоо энэ дүн өсч, 30 хувь руу очно. Үүнээс үүдэж зээлдэгчид маш хүнд нөхцөлд орж, арилжааны банкууд эсрэгээрээ илүү ашигтай ажиллахаар байгаа. Гадаад талдаа дэлхийн нийт эдийн засгийн 4/3 нь өнөөдөр 0 хүүтэй ойр бодлого барьж байна. Энэ их зөрүү алслагдахын хэрээр шахалт үүснэ. Зах  зээлийн механизм нь өөрөө бага хүүтэй гадны банкны салбарыг эрж байна. Бид хүчээр энэ механизмыг ажиллуулахгүйгээр  бариад байх юм бол унана.

Унахдаа маш хүчтэй унана. Тэгэхээр бид банкны секторынхоо үр ашгийг  зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Одоо Монголын арилжааны банкуудаас хэдэн хувь боловсон хүчиндээ хангалттай хувийг зарцуулж байна. Хэдэн хувь нь гадагшаа гаръя гэж ярьж байна. Тийм зүйл ерөөсөө ч байхгүй байгаа нь өөрөө энэ зах зээлд өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байна.

Д.Ангар: Одоо гадаадын банк орж ирэх цаг нь болсон

/Үл хөдлөх хөрөнгийн шинжээч, эдийн засагч/

-Гадны банк оруулж ирэх нь маш ашигтай. Дэлхий дээр гадны банкгүй хоёрхон улс байдаг. Нэг нь Хойд Солонгос, нөгөөх нь Монгол. Дэлхийн санхүүгийн төв болсон Лондон хүртэл Итали, Испани, Франц Америкийн банкуудтай маш чөлөөтэй ажиллаж байна. Ингэж байж маш их өрсөлдөөн үүснэ. Зээлийн хүү буурна, чанар сайжирна,  нөхцлүүд нь зөөлөрнө.

Манай улсад харин дотоодын хэдэн банкууд манайхаас 18 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээл авбал ав гэж нөхцлөө тулгаж байна. Одоо гадаадын банк орж ирэх цаг нь болсон. Үгүй бол бид эдийн засгийн хувьд Манжийн үеийн дарлалд байгаа юм шиг амьдарсаар байна. Гадаадын банк оруулаад ирнэ гэхээр л нөгөө дотоодын хэдэн банкууд хар пиар явуулж эхэлдэг.

Үндэсний эрх ашигт харшилна, үндэсний аюулгүй байдал гэх зэргээр. Энэ бол буруу. Чөлөөт зах зээлийн систем хэрэгтэй. Өнөөдөр манай банкуудын өгч байгаа зээл бол хүнийг зүгээр л өрөнд оруулаад, цаашид хөгжиж дэвшихгүй болгож байгаа юм.

Сэтгүүлчийн дүгнэлт

“Bank of China” буюу Монголыг залгих “мангас”

Өнөөдөр Монголын банкны систем өндөр ашиг олох машин болж хувирчихаад байгаа нь үнэн. Энэ талаар эдийн засагчид янз бүрийн жишээ татаж ярьсаар байгаа.  Мөн банкны салбарын тэнгэрт тулсан өндөр хүүг бууруулах арга нь гадны банкийг оруулж ирэх гэж үзэх эдийн засагч ч олон байна.

Тэгвэл нөгөө талдаа банкны өндөр хүүг өөр аргаар бууруулж, Монголд хөрөнгийн биржийг утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэх ч эдийн засагч байгаа юм. Ерөөсөө сүүлийн үед гадны банк оруулж ирэх асуудлыг маш эрчимтэй ярьж эхэллээ. Эрх баригчид өөрчлөгдөөгүй байсан бол аль хэдийнэ гадаадын банк ороод ирэх байсан ч гэж үзэх хүн олон байна. Тэр гадны банк гээд байгаа нь яг үнэндээ “Bank of China” юм шүү дээ. Монголд аль хэдийнэ төлөөлөгчийн газраа байгуулчихсан. Одоо зөвшөөрлөө л хүлээж байгаа.

Харин эрх баригчид ерөнхийдөө зөвшөөрлийг нь өгчих гээд л өмнөд хөршийнхөндөө бөхөлзөөд байна. Уг нь одоохондоо манайд гадны банк, тэр дундаа “Bank of China”-г оруулж ирэх цаг болоогүй байгаа. Ерөөсөө оруулж ирэх цаг болох ч үгүй байж магадгүй. Эдийн засагчид оруулж ирж болохгүй шалтгааныг янз бүрээр ярьж байна. Тухайлбал, “Bank of China” орж ирлээ гэхэд манайд өргөн хүрээтэй зээл өгөхгүй. Зөвхөн хамгийн эрсдэл багатай, өсөлттэй салбарт л зээл өгнө. Тэгэхээр Монголын банкуудад хамгийн эрсдэлтэй салбарт л багахан зээл өгөх боломж үлдэнэ. Ингээд ирэхээр манай улсын банкны салбар ганхах дээрээ тулна гэж үзэх ч хүн байна.

Тэгвэл өөр нэг хэсэг нь “Bank of China” орж ирээд, маш бага хүүтэй зээлийг баруун солгойгүй цацаж эхэлнэ. 36 суманд салбараа нээчихээд л зээлийг тараана.  Ингээд эхлэхээр хүн бүр бага хүүтэй зээл авч, хүссэн үйлдвэрлэлээ эрхэлнэ. Гуравхан сая хүнтэй манай улсад бөөн үйлдвэрлэл яваад эхлэхээр дотооддоо худалдан авах чадвар байхгүй, гадагшаа гаргах боломж хомс болоод, бизнес нь урагшаа явахаа болино. Ингээд 2-3 жилийн дараа аж ахуйн нэгж, иргэд зээлээ ч төлж чадахааргүй болоод, “Bank of China” манай улсын эдийн засгийг залгина гэж үзэж байна.

Гэх мэтээр сөрөг үр дагаварууд маш олон бий. Аль ч хувилбараар нь “Bank of China” зээл өгсөн манай банкны систем, эдийн засагт халтай. Яваандаа төгрөг цаас болж, улс орондоо юаниар гүйлгээ хийхдээ тулбал яана гэсэн эмзэглэл ч бас байна. Үгүйсгэх газар байхгүй. Тийм болохоор бид гадны банк ярихын оронд эх орондоо, өөрсдийнхөө банкны системийг эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Хүүг бууруулах олон арга зам ч байгаа л юм билээ. Гэхдээ мэдээж цаг хугацаа шаардана.

Тэр хугацааг нь түргэлүүлэх арга замыг л бид хайж олоод, хурдан хэрэгжүүлэх ёстой байх. Түүнээс биш жаахан хүндрэл тулгарахаар л гадны банк гэж гүйгээд байж болохгүй биз дээ. Тэр дундаа “Bank of China” байж бүр ч дэмий юм биш үү. Хэдийгээр Хятадын энэ том банк бага хүүтэй зээл өгсөн ч гэсэн зээлдэгчдээ “Манай улсаас тийм ч юм аа ав, ийм зүйлээ авчир” гэж тулгана.

Тэгээд бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийнхөө үнийг нэмээд л гүйцээ. Өнөөх бага хүүгээ түүндээ шингээчихнэ. Ингээд л гүйцээ. Юу гэж гадаадын банк манайханд зүгээр бага хүүтэй зээл өгөөд л, гийгүүлээд байв гэж. Үүнийг ч гэсэн эдийн засагчид хэлж л байна. Тийм болохоор манайд “Bank of China” одоохондоо битгий хэл цаашдаа ч хэрэггүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.