За тэр хар, Дэлгэрсайханаас эхлээд хувиа бодоод эхэллээ

За тэр хар, Дэлгэрсайханаас эхлээд хувиа бодоод эхэллээ

Уран лоозонгийн шинжтэй гоё үгс олон байна аа. Тухайлбал, “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж.

Гэвч яг үнэндээ сайхан үг хэлж, мөрөөдлийн ертөнцөд умбуулж байгаад өшиглөөд орхидог хүмүүс л энд ордог нь нууц биш шүү дээ. Үүнээс гадна хувийн эрх ашгаа дээд зэрэгт тавьдаг, өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх гэсэн зорилготой бизнесмэнүүд орох нь бүр ихэслээ. Өмнөх сайхан "түүхүүдийг" харж байгаад тэр.

Энэ бол дөнгөж өнөөдөр мэдэгдэж байгаа ч юм биш. Бизнесийн салбарынхан улс төрд орж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх явдал 1992 оноос эхтэйгээр барахгүй бүр өөрсдийн гэсэн нам байгуулж байсан ч удаатайг цагаан дээр хараар бичээд, үлдээчихэж.

За тэгээд 2000 оноос засгийн эрх барьж эхэлсэн МАХН “ТБД андууд”, “Номин Холдинг”, “Алтай трейдинг”, “Их өргөө”, “Хасвуу трейд” гээд л олон компанийн захирлыг улс төрд хөтлөн оруулсан түүхтэй аж. Мөнгийг нь аваад буцаагаад албан тушаалаар хариу барьж эхэлсэн түүх эндээс тод харагдана.

Энэ удаагийн УИХ ч өмнөхөөсөө ялгаагүй. “М-Си-Эс” группийн томооон хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан /бүр хоёр болсон/ “Болд Төмөр Ерөө гол” уурхайн эзэн Б.Дэлгэрсайхан, “Ачлал” группийн  М.Билэгт, “Оргил” худалдааны төвийн Ж.Ганбаатар, “Монполимет”-ийн Ц.Гарамжав, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн, “МАК”-ийн Н.Номтойбаяр, “Их засаг”-ийн Н.Учрал, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа гээд л бас ч үгүй бизнесмэнүүд олонтой анги бүрджээ.

УИХ-д бизнесмэнүүд орж ирэхдээ нэн түрүүнд хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж, өөртөө бас бизнестээ хэрэгтэй хууль батлуулахын зэрэгцээ намдаа өгсөн хандиваараа “зодож” албан тушаал авах гэж, өөрийнхөө хүнийг шургуулах гэдгийн жишээ эхний жишээ гарч ирлээ.

 “Болд Төмөр Ерөө гол” уурхайн эзэн Б.Дэлгэрсайхан. Тэрбээр ард түмэн тансаглаж байна, тэдний тансаглалыг зогсоох ёстой хэмээн ярьж  ард түмний элчийн үүргээ гүйцэтгэж, тэдний ашиг сонирхлыг уландаа гишгээд байгаа нь олны дургүйцлийг төрүүлсэн. Тэгвэл саяхнаас тэрбээр тэрбум төгрөг өгөөд л төмөр замын даргад өөрийн хүнээ шургуулах гэсэн тухай “бор шувуу” нисч байна. Энэ үнэн бол төмөр замын даргад түүний хүн тавигдсаны дараа  “Болд төмөр Ерөө гол” компанийн орлого нэмэгдэж, эрхэм гишүүний халаас түнтийх нь дамжиггүй. Түүний байгуулсан “Болд төмөр Ерөө гол” компани Монголын газрын баялаг төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг гэдгийг мэдэхгүй хүн ховор биз. Сэлэнгийн Дулаанханд байсан уул ганц хоёр жилийн дотор нүднээ алга болсныг мэдэх хүн олон доо. 

Б.Дэлгэрсайхан ийн хөлжихийн хэрээр  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий орд газар хоосорч байгааг мэдэхгүй хүн үгүй. Хоёрхон жилийн дотор гэхэд л 3.5 сая тонныг урд хөрш рүү урсгасан гэхээр ямар хурдтай зөөж байгаа нь илэрхий. Ийм л хүн их хурлын гишүүний сэнтийд заларчихаад, бизнесээ ногоон гэрлээр явуулж, хууль бус үйлдлээ эрх дархаар халхлах гэж байгааг учир мэдэх хүмүүс хэлээд л байна шүү дээ.

За тэгээд, их хурлын гишүүн гэдэг эрх дарх чинь ямар нэгэн хууль бус зүйл хийсэн ч түүнийг нь дарах чадалтай эд юм болохоор бизнесмэнүүд ийнхүү зүтгэдэг биз дээ. Яана даа улс орон минь. Хувиа хичээгчдээр дүүрсэн төртэй байдаг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.