Н.Энхбаярын бие өчигдрөөс эхлэн муудаж эхэлжээ

Н.Энхбаярын бие өчигдрөөс эхлэн муудаж эхэлжээ

 

  Намын байрны гаднаас эхэлсэн МАХН-ын гишүүд дэмжигчид, намын дарга Н.Энхбаяр нарын өлсгөлөн өнөөдөр гуравдахь өдрөө СЕХ-ны Ялалтын талбайд үргэлжилж байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаас өмнө эмчийн үзлэгт ороогүйгээс бие нь муудаж өчигдөр түргэн дуудахад хүрсэн аж. 

    Өлсгөлөн зарлаж буй иргэдийг тухайн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс үзэж, шаардлагатай гэвэл эрүүл мэндийн шалтгаанаар өлсгөлөн зарлахыг хориглох учиртай ч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл Засаг дарга чиглэл өгөөгүй учраас үзэх боломжгүй гэсэн хариулт өгсөн аж. Харин МАХН-ын гишүүд өлсгөлөн зарлаж байна гэдгээ харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Эрүүл мэндийн төвд хандаж албан бичиг хүргүүлсэн хэмээн мэдэгдэж буй юм. Юутай ч гуравдах өдрөө үргэлжилж буй өлсгөлөнд хэн ч анхаарал хандуулахгүй байгаа бөгөөд ЦЕГ-аас өнөөдрийг хүртэл ялтай, ялгүйн эсэх талаар тодорхойлолт гаргаж өгөөгүй аж. Тэгвэл өчигдөр АНУ-ын Конгрессийн төлөөлөгчид УИХ-ын даргатай уулзах үеэрээ МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар тодруулжээ. 

    Тодруулбал, Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. 

 Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэв. Улсын Их Хурлын дарга хариулахдаа, энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.

    Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна” хэмээн З.Энхболд дарга хариулжээ. 

Эх сурвалж: www.mminfo.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.