Ерөнхий сайд даварч байж, “Рио”-гийн өр, Дубайн гэрээ хоёртойгоо үлдэх вий

Ерөнхий сайд даварч байж, “Рио”-гийн өр, Дубайн гэрээ хоёртойгоо үлдэх вий

Одоо Оюутолгойн 2009 онд байгуулсан гэрээнүүдийн “чанар”-ын талаар яриад хэрэггүй. Тэр гэрээнүүдийн дүн гарчихсан. Харин Оюутолгойн ордыг хамтран ашиглагч Засгийн газар, “Рио Тинто” хоёрын хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ гэдгийг бол ярих хэрэгтэй.

Ингэхийн учир нь өмнөх дарга нар шиг олон хувьсагч ярихгүй ч “тоо”-гоо тун ойлгомжтой дарга нар “Рио Тинто”-тай хэлэлцээр хийж байна.

Харин тэд үр дүнд хүрч чадах уу. Хэлээд байгаагаа хийж барах уу. Тийм болгоомжлол гарч ирэхээр байна.

Тэгэхээр Засгийн газар “Рио Тинто”-тай ямар учраас юуг хэлэлцэхээр болсон бэ гэдгийг эргэж сануулъя.

УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоол баталсан. Тогтоолд найман чиглэл тусгасан байдаг.

Нэг. 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах,

Хоёр. Дубайн гэрээг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай,

Гурав. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,

Дөрөв. Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

Тав. Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

Зургаа. Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,

Долоо. Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх,

Найм. Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын ЭЗБХ-нд хоёрдугаар зүйлээр үүрэг болгох зэргийг тусгасан байдаг.

Тэгвэл энэ тогтоолыг хэрэгжилтийг хангах талаар 2020 оны хоёрдугаар сарын 19-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх төлөвлөгөөг баталсан.

Үүгээр Засгийн газар өмнөх татваруудын зөрүүг нэхэмжилж гаргуулах, ногдол ашгийг нийгмийн хариуцлагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгнүүлэх, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг шаардлагыг тавихаар төлөвлөж баталжээ.

Үүний дараа “Оюутолгой” ХХК татварын асуудлаар Лондоны арбитрын шүүхэд хандаж, тэр нь Засгийн газар дээр нэлээд асуудал болж байв. Ажлын хэсгийг хариуцах сайд Засгийн газраас олдохоо больж байлаа. Хоёр, гурван сайд цагийг нь тулгаж бултаад, эцэст нь ЗГХЭГ-ын даргад энэ албыг даатгаж байв.

Ингэж явсаар Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн хавар, 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд Лондоны арбитрын шүүхэд “Рио Тинто”, “Туркойс Хиллс Ресурс” компаниудыг маргааны оролцогч талаар нэмэх, “Рио Тинто”, “Туркойс Хиллс Ресурс” компаниуд “Оюутолгой” төслийн менежментийг хэрэгжүүлэх явцдаа төслийн менежмент, худалдан авалтын алдаа гаргаж, холбогдох гэрээний үүрэг зөрчсөн байж болзошгүй, Ерөнхий прокурорын 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 1/2300 тоот албан бичигт дурдсаны дагуу нийтийн албан тушаалтнууд “Оюутолгой” ордыг ашиглах гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулж батлах явцад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд, , НПГ-аас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон гадаад улсын шүүхүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн үйл баримт зэрэг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн 2021 оны наймдугаар сарын эхээр Олон улсын аудитын шинжээчдийн дүгнэлт болох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 сая ам.доллараар хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэдгийг Засгийн газрын ажлын хэсэг олон нийтэд танилцуулж, улмаар сөрөг нэхэмжлэлдээ нэмсэн.

Харин “Рио Тинто”-тай хийж буй хэлэлцээрийн явцад далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх саналыг Засгийн газрын ажлын хэсэг голлож тавьж буй юм.

Иймээс наймдугаар сарын сүүлчээр “Туркойз Хилл”, “Рио Тинто”-гийн удирдлагууд Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн юм. Уг захидалд гүний уурхайн ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Өөрөөр хэлбэл, цар тахалтай эдийн засгийн хүнд үед Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн.Үүнтэй холбогдуулж Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа дурдсан.

Мөн Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос “Эрдэнэс Оюутолгой”-д төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн байдаг. Улмаар “Рио Тинто” компаниас дөрвөн асуудал бүхий саналыг 2021 оны аравдугаар сарын 25-нд Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд нь нэгдүгээрт, ирээдүйд 22 тэрбум ам.доллар өр үүсэх санхүүгийн тооцоолол нь Монгол Улсын Засгийн газрын 1.4 тэрбум ам.доллар бүхий 34 хувийн өрийн бичилт 2009 оноос хойш 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал ирүүлжээ.

Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан нэг их наяд буюу 350 сая гаруй ам.долларын бинифит өгөх санал гаргажээ. Энэ мөнгийг гурван жилийн хугацаанд ямар нэг ногдол ашигт, татварт хамаарахгүй өгнө гэжээ. Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон тул менежментийн төлбөр авахгүй байхыг хүссэн. 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор энэ хугацаанд 1.9 хувийн шимтгэлийг зогсоох хүсэлт ирүүлсэн байна. Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулснаар Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлыг илүү богино хугацаанд дуусгана. Далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх зардлаа авах боломжийг Засгийн газар олгож, ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил цаашид хэвийн үргэлжилж 2022 оноос олборлолтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэнэ гэсэн.

Харин Засгийн газрын ажлын хэсэг “...Өмнө нь тавьсан саналаа бид дахин тавих байр суурьтай байна” гэж гүрийж буй.

Үнэнийг хэлэхэд, “Рио Тинто” өнгөрсөн 11 жилийн турш 34 хувийг эзэмшигч Засгийн газрын ямар ч захидал, санал, хүсэлтийг тоодоггүй, хариу ч өгдөггүй, ажиггүй явж ирсэн. Энэ Засгийн газартай харин ч “хүн шиг” харилцаж байгаа юм. Хэзээ ингэж байлаа даа. Тавьсан санал бүрт нь тодорхой буулт хийж, боломж ярьж байна. Тэгээд ч манайх 34, айлын тал 66 хувийг эзэмшдэг. Тэр утгаараа, Засгийн газар, “Рио Тинто” хоёр  санал нэг байж, аливаа шийдвэр гарах ёстой. Гэтэл Засгийн газар “...Гар бариад бугуй” гэдэг шиг “Рио Тинто”-гаас ирүүлсэн  2.3 тэрбум ам.долларын өрийн 1.6 тэрбумыг “тэглэх”, 350 сая ам.долларын “урьдчилгаа” өгөх зэрэг саналуудыг голж байна. “...Их санасан газар есөн шөнө хоосон” гэж үг бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж даварч байж, “Рио Тинто”-гийн өр, Дубайн гэрээ хоёроо хэвээр үлдээлгэх вий дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.16 МЯГМАР № 225 (6702)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.