Жасинда Ардерн: Дельта вирус бол “тоглоомыг өөрчлөгч”

Жасинда Ардерн: Дельта вирус бол “тоглоомыг өөрчлөгч”

Хоёрдугаар сараас хойш COVID-19 халдварын дельта хувилбарын нэг тохиолдол илэрсний дараа улсын хэмжээнд хөл хорио тогтоож байгаагаа Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мягмар гарагт зарлалаа. Тус иргэнээс илэрсэн вирусыг шинжилж байгаа ч хурдацтай тархдаг дельта хувилбар байх магадлалтай  гэж эрх баригчид үзжээ.

Шинэ Зеландын хамгийн том Окленд хотод амьдардаг вакциндаа хамрагдаагүй 58 настай эрэгтэйгээс халдвар илэрчээ. Тэрбээр хотынхоо олон газраар аялсан бөгөөд эх үүсвэр нь хилтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Шинэ Зеланд мягмар гарагаас эхлэн гурав хоногийн турш хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Хөл хорионы IV түвшний үед хүн бүр гэртээ байх ёстой бөгөөд эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн зайлшгүй хэрэгцээт үйлчилгээний газрууд хүртэл хаалттай байх юм. Жил орчмын өмнө тус улс ийм хатуу онц байдлын хязгаарлалт тогтоож байсан билээ.Халдвар илэрсэн өвчтөний аялсан Окленд болон Корманделийн хойд хэсэг долоо хоногийн турш IV түвшний хөл хориог хэрэгжүүлнэ.

Энэ тухай Ерөнхий сайд Жасинда Ардерн “Дельта вирус илэрч байгаа сүүлийн орнуудыг нэг нь Шинэ Зеланд боллоо. Тиймээс бусад орны туршлагаас суралцан, ямар үйл ажиллагаа явуулах, юуг эс хэрэгжүүлэхгүйгээ шийдвэрлэх боломжтой. Дэлхий нийтээр дельта хувилбарын вирусыг “тоглоомыг өөрчлөгч” гэж нэрлэж байна. Тиймээс хурдан тархахаас өмнө эрт зогсоохын төлөө бид шаргуу ажиллах шаардлагатай. Хэрэв тархалтыг зогсоож чадахгүй бол юу тохиолдож болохыг бусад орноос харсан. Гэхдээ үүнийг зогсоох ганцхан боломж бидэнд бий” гэв.

Тус улс халдвар тархаж эхэлж байх үед аялагчдыг хүлээж авахаа зогсоож, бүх улстай хилээ хаасан нь оновчтой арга хэмжээ байсныг дэлхий нийт магтаж байв.Учир нь таван сая хүн амтай тус улсад лхагва гарагийн байдлаар 3000 хүрэхгүй хүн халдвар авч, 26 хүн нас бараад байна. Мөн энэ халдвар илрэх хүртэл хэвийн амьдралдаа шилжээд байсан билээ.

Гэхдээ Шинэ Зеландад халдварын эсрэг вакцинжуулалт удаан үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар тус улсын хүн амын 20 хүрэхгүй хувь нь вакциндаа хамрагджээ. Шинэ Зеландын хөрш Австралийг ч тархалтыг зогсоож чадсан хэмээн бүх нийтээр магтсан ч дельта хувилбар тархаж, хүн амын талаас илүү хувь нь хөл хорионд ороод байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.19 ПҮРЭВ № 162 (6639)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.