“Фронт” С.Цэгмидэд гавьяат малчин цол хүртээв

“Фронт” С.Цэгмидэд гавьяат малчин цол хүртээв

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байна.  Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймагт ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.  Ерөнхийлөгчийн санаачлагаар жил орчмын өмнө эхэлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын ажил дуусах шатандаа орж байгаа.  Шинэ төмөр зам олон улсын стандартын гуравдугаар зэрэглэлээр баригдаж байгаа бөгөөд 416 км-т найман хэсэгт хяналтын байгууллага ажиллахаар төлөвлөөд байгаа билээ.  

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардууллаа. Энэ жил Дорноговь аймгаас тус одонг  203 ээж авсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “ Коронавируст цар тахлын улмаас хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг уламжлал маань тасалдсан. Гэхдээ 720 ээжид “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон,  9,957 гаруй ээжид “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон олгох тухай зарлиг гарсан байгаа. Дорноговь аймагт ажиллах үедээ зарим эхчүүдийн одонг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм” гэдгийг онцолсон. 

Улмаар Ерөнхийлөгч Өмнөговь аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, ээжүүдэд “Алдар эх” одонг гардуулаад байна. 

Харин өчигдөр Дундговь аймагт ирлээ.  Айлчлалынхаа хүрээнд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж үг хэлэхдээ,  “Өнөөдөр одонгоо гардаж байгаа олон эхчүүдийн хамт нэгэн буянтай бууралд Монгол Улсын гавьяат малчин цол, тэмдгийг гардууллаа. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай юм. Тэрээр 1942 оны арванхоёрдугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ.

С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан. Үйлс буян нь дэлгэрсэн бууралдаа зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.