АСЕМ-ын “Ази-Европын Хүнсний аюулгүй байдал”-ын зөвлөлдөх хурал болно

АСЕМ-ын “Ази-Европын Хүнсний аюулгүй байдал”-ын зөвлөлдөх хурал болно
АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас өнөөдөр “Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт” сэдвийн хүрээнд “Монцамэ” агентлагийн АСЕМ-ын мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд ХХААЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа, ГХЯ-ны Европ, Америкийн газрын захирал М.Цэнгэг оролцсон юм.
 
ХХААЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа хэлэхдээ “АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-21-нд Улаанбаатарт болно. Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно.
 
Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн сэдвийн хүрээнд зохиогдоно. Үүнд:
 
- Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал
- Хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал
- Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага
- Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчин 
- Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ анхаарах асуудлууд зэрэг илтгэлүүд тавигдах юм” хэмээн ярилаа.
 
Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжид үзүүлж буй нөлөө зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн манай улс дээд төвшний уулзалтыг зохион байгуулснаараа олон улс, бүс нутгийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, баримталж буй бодлого, байр сууриа сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой аж.
 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.