Монголын төр Б.Отгонсүх мэтийн этгээдэд үүдээ нээх учиргүй

Монголын төр Б.Отгонсүх мэтийн этгээдэд үүдээ нээх учиргүй

Төрд зүтгэж буй хүмүүстэй холбоотой элдвийн мэдээлэл хэвлэлээр явж л байдаг юм. Ямар нэг атаа жөтөө, албан тушаалын өрсөлдөөнтэй холбоотой байх нь элбэг. Гэхдээ баримт сэлтээр гарцаагүй батлагдсан нь ч бас байдаг аж.

Хотын даргаар сонгогдсон С.Амарсайхан энэ оны дөрөвдүгээр сард орлогч нараа НИТХ-д танилцуулж, нөгөөдүүл нь томилогдсон. Дараахан нь  “Улаанбаатарын шинэ удирдлага”-уудтай холбоотой мэдээллүүд урссан даа. Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч гэх О.Мөнгөншагай 2015 онд эрүүгийн хэрэгт холбогдож байжээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж байсан. Дайны хажуугаар дажин гэдэг шиг Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон Д.Мөнхжаргал айлын шатаж байгаа байшингийн өмнө сельфи хийж Хотын даргын орлогч болсноо тунхагласан зарлаж байв. Инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй явдал.

Мөн эдний дунд  Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүх багтсан байдаг юм. Түүний талаар нэр бүхий хэвлэлүүдэд “…Авлигын хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаж байсан” гээд л бичсэн. Арай ч үгүй байлгүй дээ гэмээр мэдээлэл байсан юм шүү.

Батсуурийн Отгонсүх гэх энэ дарга НИТХ-ын төлөөлөгчийн хувиар Нийслэлийн Тээврийн газарт нөлөөлөл үзүүлж зохих журмын дагуу тендерийн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Сити баз консалтинг” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр, гүйцэтгэх захирал Г.Зуундарь нартай шууд гэрээ байгуулуулсан байгаа юм. Ингэж 2017 онд тус компанид 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэрэг мандсан байдаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Б.Отгонсүхэд 2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1702001240022 дугаартай хавтаст хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

Хавтаст хэрэгт “…Нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор Д.Отгонбаатар, Ц.Мөнхбат, Б.Отгонсүх, Г.Зуундарь, Н.Отгонбаяр нарыг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиудаар яллагдагчаар татсан байна” хэмээсэн тухай хэвлэлд бичсэн байна.

Д.Отгонбаатар, Ц.Мөнхбат нар нь Нийтийн тээврийн газрын дарга, нягтлан хоёр, Г.Зуундарь, Н.Отгонбаяр нар нь “Сити баз консалтинг” ХХК-ийн эзэд юм байна. Б.Отгонсүх нь одоо Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч шүү дээ. Энэ хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин эцэст нь Б.Отгонсүх гэм зэмгүй үлдэж, түүгээр барахгүй хэрэгт холбогдож байсан салбараа буюу Нийслэлийн  Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогчоор томилогдож чадсан байна. Шүүх ямар нэг үндэслэлтэйгээр, шүүгч өөрийн итгэл үнэмшлээр Б.Отгонсүхийг гэм буруугүй гээд сулласан гэж бодъё.

Гэтэл Нийтийн тээврийн газраас  “Сити баз консалтинг” ХХК-д  ингэж шууд гэрээгээр их хэмжээний мөнгө төлөөд хийлгэж байгаа гэх ажил нь ихээхэн хөгийн байгаа юм. Энэ компани нийтийн тээврээр зорчиж буй хүмүүсийн хөлс төлөлт, жолооч нар хулгайгаар бэлэн мөнгө авч байгаа эсэхийг хянадаг “билет тасалдаггүй кондуктор” ажиллуулах үүрэг хүлээжээ.

Ингэж Нийтийн тээврийн газар ямар ч шаардлагагүй үйлчилгээг хувийн хэвшлээс авч байгаа юм. Нэгэнт нийтийн тээврийн үйлчилгээ хариуцсан ийм том агентлаг байгуулчихаад автобусны билетийн хяналтад хувийн компани өндөр үнээр хөлслүүлж ажиллуулна гэдэг төрийн хөрөнгийг үргүй зарж байгаа сонгодог жишээ мөнөөс мөн. НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүхийн нөлөөллөөр “Сити баз консалтинг” ХХК нь 2017 онд 1.6 тэрбум авсан нь ингэж эрүүгийн хэрэг болсон. Гэтэл 2018 онд 4.2 тэрбум төгрөг авчихсан байна. Дахиад энэ он гарсаар сар бүр 400-500 гаруй сая төгрөгийг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Сити баз консалтинг” ХХК руу шилжүүлсэн байх юм. Эдгээр нь хуулийн дагуу тендер зарласан эсэх нь тодорхойгүй байна. Зарласан байлаа ч өмнө нь хууль зөрчиж тэрбум тэрбумаар нь туучихсан компанид дахиад тэрбум тэрбумаар өгөөд байж болох уу.

Тухайлбал, он гарснаас хойш буюу 2019 оны тавдугаар сард “Сити баз консалтинг” ХХК руу Машин цагийн зардал нэрээр 564.738.326 төгрөг, гуравдугаар сард 522.832.888 төгрөг, хоёрдугаар сард 456.172.019, нэгдүгээр сард 528.252.745 төгрөг шилжүүлсэн авсан баримт нь байна.

“Сити баз консалтинг” ХХК-тай холбогдоог бас нэг хүн бий. Тэр нь НИТХ-ын төлөөлөгч Нацагийн Баярмөнх юм байна.

Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын орлогч Б.Отгонсүх, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх нар Нийслэлийн нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” ХХК-ийн данс руу шилжиж ороод байдаг онц их хэмжээний мөнгөний ард байж болзошгүй байна гэсэн үг. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нь “…Шударга ёсыг тогтооно”, “…Авлигатай хэзээ ч эвлэрэхгүй” гээд амаа өвдтөл ярьж явахад улсын нийслэлийн удирдлагад ийм этгээдүүдийг томилоод байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм. Товчхондоо, Б.Отгонсүх мэтийн этгээдүүдэд Монголын төр үүдээ нээх учиргүй билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.