Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчлав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчлав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй ЕТГ, Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөл багтсан Ажлын хэсэг 2018 оны 1 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот, ШУӨЗО, ӨМӨЗО-нд ажиллав.

Дэд сайд Б.Батцэцэг 1 дүгээр сарын 16-ны өдөр Өрөмч хотод БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Жао Чунзьютэй, 1 дүгээр сарын 17-ны өдөр Хөххотод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Ай Лихуатай уулзав.

Дэд сайд ШУӨЗО, ӨМӨЗО-ны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хоёр талаас дэвшүүлсэн Монгол, Хятадын хоорондын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн, уурхайн бус салбарын экспортын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын бус хориг саадыг бууруулах зэрэг чиглэлд анхаарч буйг тэмдэглэв. Монголын тал БНХАУ-ын хил залгаа бүс нутгуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирснийг Дэд сайд Б.Батцэцэг тэмдэглэж,  “Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсэг”-ийн механизмын үйл ажиллагааг сэргээх санал дэвшүүлж, “Монгол Улсын ГХЯ, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсэг”-ийн IV хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар ярилцав.

Ажлын хэсгийн төлөөлөгчид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж, түүний дотор Монгол Улсын баруун бүсэд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн болон зүүн бүсэд тариалсан, үйлдвэрлэсэн үр тариа, гурилан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломжийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Хавирга-Архашаат, Бичигт-Зүүнхатавч, Булган-ТакашикенДаян-Хуншаньзюй зэрэг боомтын үйл ажиллагааг сайжруулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тохиролцов.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.