АСЕМ-ыг зохион байгуулагчид хуулийн байгууллагад хандана

 АСЕМ-ыг зохион байгуулагчид хуулийн байгууллагад хандана

ЖДҮХС-гийн хөрөнгө жинхэнэ очих ёстой хүндээ хүрдэггүй төрийн эрх бүхий мэдэлтэй хүмүүс болон төрийн дээд албан тушаал хашдаг хүмүүст хүрдэг байсан талаарх мэдээлэл олон нийтийг эгдүүцүүлж байгаа.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн 2016 онд болсон АСЕМ-ын зохион байгуулахдаа мөнгөө завшсан гэх мэдээлэл зориудаар тарааж, тодорхой хүмүүсийг нэр, зураг хөрөгтэй нь олон нийтийн сүлжээгээр цацах болсон. Тиймээс тухайн үед энэ арга хэмжээг зохион байгуулах ажилд гар бие оролцсон зарим хүмүүс өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

П.Цагаан: Энэ бохир гүтгэлгийг би эрс няцааж байна

Миний бие Монголын үе үеийн Ерөнхийлөгч, ЗГ-тай Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Би хулгай хийх байтугай худал хэлсэн хүнд дургүй. Миний нэр ч Цагаан, зам мөр ч Цагаан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах биш, би байнга төсвийг хэмнэж, оны эцэст СЯ-д буцааж тушааж ирсэн түүхтэй.

Гэтэл намайг АСЕМ-аас 321 сая төгрөг хулгайлсан, идэж уусан мэтээр илт улс төрийн зорилготой гүтгэлэг, мэдээлэл тараах боллоо. Энэ бол бохир, бүдүүлэг гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар няцааж байна.

Би АСЕМ-ын шугамаар ирсэн тэр олон мянган төлөөлөгчдийг байрлуулах зочид буудал, хурлын байрны асуудлыг  үндсэн ажил дээрээ давхар хариуцаж ажилласан нь үнэн.

Манай Тамгын газрынхан ч өдөр шөнөгүй ажилласан. Зүлэг мод тарих,шуурхай зохицуулах, зохион байгуулахаас эхлээд буудал, талбайн хог цэвэрлэх, шал угаах гээд олон ажлыг үнэ хөлсгүйгээр хийсэн. АСЕМ-ын ажилд 30-40 мянган хүн сайн дураараа үнэ хөлсгүй ажилласан.

Төрийн урилгаар ирсэн 50 гаруй улсын 5000 гаруй зочид гийчдийг хүлээн авах төрийн буудал гэж байхгүй. Тийм буудал барих санаа байвч төсвийн мөнгө үрээгүй бөгөөд харин хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласны хүчинд АСЕМ-ын ард гарсан. Амжилттай зохион байгуулсан. Ачааны хүндийг хувийн хэвшил үүрсэн. АСЕМ-ыг хамтдаа гэсэн урианд хамгийн түрүүнд нэгдсэн хүмүүс бол хувийн зочид буудлууд, тэдгээрийн эх оронч санаачилга байсан.

Тэдгээр 40 гаруй зочид буудлын ажилтан, албан хаагчдад хэл соёл, хоол унд, үйлчилгээний олон чиглэлээр дэлхийн стандартад нийцсэн нэмэлт сургалт зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд үүнд туслах тухай санамж бичигт Хөдөлмөрийн сайдтай гарын үсэг зурсан маань ч үнэн. Гэхдээ тэр мөнгөнөөс нэг төгрөг ч миний гарын үсэгтэй зарцуулагдаагүй болно.

Зочид буудлынханд сургалт зохион байгуулах ажлыг ХЯ, Нийслэлийн хөдөлмөрийн газар, ГХЯ, Мэргэжлийн холбоод, гадаад, дотоодын багш нартай хамт маш амжилттай зохион байгуулсан гэж боддог. Яагаад гэвэл гадаадын зочид маань маш өндөр сэтгэгдэлтэй буцсан.Тэднээс гомдол, шүүмжлэл  гараагүй. Энэ сургалтын ачаар Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бааз, боловсон хүчин ч бэхэжсэн. Бид нэг сумаар хоёр туулай намнасан.

Үүнийг мэдсээр байж, мэдэх ёстой байж, Аудит хэмээх байгууллага шударга биш ажиллаж, хуудуутай мэдээ мэдээлэл түгээж Монголын төрийг самууруулах ажил хийж байгаад туйлын харамсч байна.

Яагаад Төрийг самууруулж байна вэ гэвэл нийгэмд, дэлхий дахинд Монголын төрд дандаа хулгайчид байдаг гэсэн үндэслэл нотолгоогүй мэдээлэл тарааж Монголын нэр хүндийг шалан дээр унагах шимтэй хөрсийг бүрдүүлж байна. Яагаад төрийг самууруулж байна вэ гэвэл төр засагт болон нийгэмд шалгагдаагүй, нотолгоогүй мэдээлэл түгээж төрийн түшээдийг төөрөлдүүлэхээс гадна нийгмийн бухимдал, үл ойлголцлыг дэврээж хорлож байна.

Яагаад төрийг самууруулж байна вэ гэвэл хууль хяналтын байгууллагуудаар чулуу хөөлгөж, төрийн мөнгөнөөс хулгайлсан шившигт үйлдлээ нуун дарагдуулах бохир, заваан, жигшмээр заль мэх гаргаж, төрийн нэр хүндийг унагаж байна.

Ийм учраас 1-т, Аудитын ерөнхий газар 72 цагийн дотор дүгнэлт хэмээх захиалгат, хариуцлагагүй баримт бичигтээ залруулга хийж миний нэр төрийг сэргээхийг шаардаж байна. 2-т Ерөнхий аудитор та мөн ЖДҮС-гаас хулгайлсан мөнгөө нэн даруй буцааж өгөхийг шаардаж байна. Эс хийвээс хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах болно.

Э.Бат-Үүл: Бусад гүтгэлгийг тэвчсэн АСЕМ-ын асуудлыг бол тэвчихгүй

АСЕМ бол улсаа улс шиг болгохын  төлөө хийсэн 1990  оны хувьсгалын нэр төрийн баяр байсан юм. Зөвлөлтийн колончлолоос чөлөөлөгдөөд жинэнээсээ бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс болсныг гэрчилсэн баяр байсан юм. Түүнийгээ Б.Бат-Эрдэнэ,  Ч.Хүрэлбаатар мэтийн түүхээ мэддэггүй “хулхи монгол”, “чацга”-аар гутаалгахгүй.

“Ардын нам   олон нитйийн сүлжээгээр худлаа мэдээлэл цацсан. Тэрхүү мэдээлэл дээр нь АСЕМ-ийн арга хэмжээнээс Ч.Сайханбилэг 76 тэрбум, миний бие 33 тэрбум  төгрөг идсэн.  Бүр миний хүү Б.Чулуудай хүртэл холбогдчихож. Нийтдээ АСЕМ-ийн арга хэмжээний 120 тэрбум төгрөгийг биднийг “идсэн” гэнэ. Би АСЕМ-ийг зохион байгуулах ажилд оролцож байснаараа маш их бахархдаг. Улаанбаатар хотынхоо  гудамж талбайг засаж цэмбийлгээд сайхан болгосон.

Ирсэн зочид манай хотын цэвэр цэмцгэрийг магтсан  гэсэн. Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” цогцолборт болсон хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл хангах ажлыг би ерөнхийлөн удирдаж зохион байгуулсан. Олон орны зочдод, монголчууд ямар гайхалтай ахуй болон соёлын өвтэй болохыг харуулах гэж байдгаараа хичээсэн. Харамсалтай нь би сонгуульд ялагдчихаад ажлаа өгчихсөн учраас тэр сайхан арга хэмжээндээ биеэр  оролцож чадаагүй. Би АСЕМ-ийн арга хэмжээний бичлэгийг бүгдийг нь олж авах санаатай. Түүнийг цуглуулж  эмхэтгээд ач,  зээ нартай дурсгал болгож өгнө. Тэд маань өвөөгөөрөө бахархаж үр хүүхдүүдээ өвлүүлэх учиртай.

АСЕМ-ийн хүндэтгэлийн арга хэмжээ маш сайхан болсныг Европын томчуул амаа олохгүй магтаж байсан. Хамгийн гол нь Монгол Улс анх удаа  төрийн дээд зиндааны  төлөөлөгчдийг  бөөнд нь цуглуулан  олон улсын улс төрийн олимпыг зохион явуулсан. Улсын төсвөөс наад зах нь  250 тэрбум төгрөг гарах ёстой гэтэл бид улсын  төсвөөс 20 тэрбум төгрөг гаргуулсан.


Өч төчнөөн хүмүүс хандив  өгсөн.  Үнэнийг хэлэхэд хямд  төсөв аргаар үнэхээр гайхамшигтай дэлхийн улс төрийн олимпыг эх орондоо зохион байгуулсан.  Грекчүүд  спортын олимпыг санаачилсан бол монголчууд улс төрийн олимпыг санаачилсан юм шүү.  АСЕМ-ийн талаар яригдаад байгаа  асуудлуудыг  хамтарч  шалгаж  дэмжлэг үзүүлэхэд  бид бэлэн байна.  Яагаад гэвэл эх орныхоо  төлөө ийм сайхан зүйл хийж байхад дунд нь яс хаяж байгаа хүмүүс яршиг л байна шүү.

Ёстой гай л байна. Тийм өөдгүй нөхдийг олох хэрэгтэй. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа явж өгдөггүйэгсэн мөртлөө улс төрийн гүжир гүтгэлэг эх захгүй яваад байдаг. Одоо АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэвчихгүй. Хөлөө хүрэх газар хүртэл  заргалдана. Заргалдаад зогсохгүй заавал хариуцлага хүлээлгэнэ.  Гүтгэгчдийг өршөөхгүй. АСЕМ-ийн гүтгэгчдийн цаана Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол” нуугдаж байгаа. Тэднийг илчилнэ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ