Босгогүй төр-1 буюу бичиг үсэггүй мунхаг албадтай

Босгогүй төр-1 буюу бичиг үсэггүй мунхаг албадтай

МАН-ыг хаа очиж боловсон хүчин сайтай гэж сөрөг хүчин нь хүртэл ярьдаг байсан нь саяхан. Гэтэл одоо боловсорч сэхээрсэн хүмүүсээсээ илүү дарга дагаж, дүр эсгэж, хор найруулсан нь дээшээ гардаг болсныг эрх баригчид нотолж байна. Үүнийг гэрчлэх олон жишээг яам тамгын газар, агентлагуудын дарга нарын үйлдэж байгаа албан бичгүүдээс харж болохоор байгаа юм.

Наанадаж л төрийн албанд эх хэлээрээ зөв бичиж чадахгүй үг үсгийн болон найруулгын алдааг түм бумаар нь “үйлдвэрлэгчид”-ийг авахаа больчихмоор байгаа юм. Төрийн албанд орох анхны шалгуур нь монгол хэлний шалгалт яагаад байж болохгүй гэж. Ингэснээр ядаж л алдаатай албан бичгээр ард түмнээ доромжлохгүй байлтай.

Харин өнөөгийн нөхцөлд төрийн алба төрлийн алба болж, албан тушаалыг дээгүүрээ хэчнээн тэрбумаар нь наймаалцдаг болсны гороор төрийн албанд боловсрол, мэдлэггүй, цаашилбал бүр эх хэлээрээ зөв бичиж чадахгүй хүмүүс олширч байна. Хувь хүн нь биш юм аа гэхэд ийм хүмүүсээр багаа бүрдүүлж байгаа намын удирдлагууд нь ичдэг байгаасай.

Цахим ертөнцөд тэдний үйлдсэн алдаа мадгаар нүүр дүүргэсэн албан бичгүүд хүмүүсийн элэг доог болж  хөвөрсөөр. Энэ нь нэг биш нэлээн хэдэн удаагийн үйлдэл атал түүнийгээ засч залруулж, мунхаг албаддаа хариуцлага тооцож, тэдний чадавхижуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь Монголын эх хэлний соёлыг устахад төрийн албаны дарга нар өөрсдөө гар бие оролцоод байгаа мэт.

Угтаа бол нийгмийг сэхээрүүлэх, тэдэнд эх хэлний зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх хүмүүс нь төрийн алба, бүх шатны сургуулийн багш нар. Гэтэл төрийн албаны даргын сэнтийд үнэн худал нь мэдэгдэхгүй гадаад дипломтой, дарга нарын хүүхэд, ахан дүүс олноороо заларч байна. Энэ асуудал мөн л Төрийн албаны зөвлөл ажлаа хийхгүй, эсьвэл муу хийж байгаагийнх. 

Тэднийг үе удмаараа дарга болоод байгаад атаархсангүй. Хэсэг бүлгээрээ цөөхүүлээ баяжиж байгааг шүүмжлэх гэсэнгүй. Дарга, захирал байж болно гагцхүү эх хэлээрээ алдаатай бичиж ард түмнийг битгий доромжлооч гэж хүсье. Өөрсдийгөө болоод доод албан тушаалтнуудаа ядаж эх хэлээрээ зөв бичих чадварт сургахыг дахин хүсье.

нотолгооны нэг хэсэг энэ байх даа. /Боловсролын яамаа ядаж бичиг үсэг тайлагдсан хүнээр удирдуулмаар /

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.