Босгогүй төр

Босгогүй төр

Монгол төр улам л дархлаагүй болж байна. Газар нутгийн байрлалаар хоёр хүчирхэг гүрний дунд байдгийн хувьд энэ дорой байдал Монголд огтоос хэрэггүй мэт. Цөөхүүлээ ч гэсэн хүчирхэг байх нь бидний зорилго баймаар санагддаг. Харамсалтай нь Монгол төр улам л сульдсаар байна.

Төрийн бодлого, төрийн цензур гэх зүйл орхигдоод удаж байна. Ямар ч босгогүй болохоор хэн дуртай нь төрийн албыг танилын нүүр, намын шахалт, сүүлдээ мөнгөөр худалдан авч улмаар шургалан орж, төрийн ажлыг зоосны нүхээр харж хийх биш хийдүүлж байна.

Уг нь аливаад цензур гэж бий. Тэр тусмаа түмэнд хүртээлтэй төрийн албаны удирдлагуудыг ёс зүй, мэдлэг боловсрол, алсын хараа, нинжин сэтгэл гээд олон сайхан чанар, чадварыг  цогцлоосон хүн хаших ёстой. Үүнтэй ч олон хүн санал биз. Гэтэл манайд ажлаа, салбараа мэдэхгүй “бүдүүн” дарга нар олон байна.

Энэ зарчим алдагдсанаас төрийн албаны аль ч түвшинд баячуудын хүүхдүүд мэдлэг боловсролоос үл хамааран шургалж, даргын сэнтийд заларсаар...Төрийн албыг зоосны нүхээр харж, баяжих гэсэн шунаг сэтгэлийнхээ зэвсэг болгон ашиглаж байгаа нь харамсалтай.

Үүнээс улбаатай олон сөрөг үр дагавар бий болж байна. Наанадаж л төрийн залгамжилсан бодлого алдагдаж,  шинэ Засаг, шинэ дарга солигдох тоолонд улс оронд биш өөрт ашигтайгаар бүхнийг хийж улс орны хөгжилд чөдөр болж байна.

Тиймээс Монгол минь улс шиг хөгжиж, иргэд нь жигд хөлжиж чадахгүй байна. Ядуурал, ажилгүйдэл, өвчин эмгэг газар авсаар байна. Энэ бүхнээс ангижрахын тулд бид шударга  үнэнийг тогтоож, танил талаараа бус мэдлэг чадвараараа төрийн албанд ордог болмоор байна. Төрийн бүх шатанд босго тогтоомоор байна. Одоо бидэнд энэ л дархлаажуулалтын вакцин болох учиртай. Тиймээс төрийн албыг цэвэрлэж, босго тогтоох учиртай.

Уг нь саяхандаа төрийн босгыг өндөрсгөе гэж ярьж байлаа. Тэгэхээр нам ч гэлээ босго байж. Одоо бол бүр босго алга. Энэ тухай манай mminfo.mn сайт цувралаар нийтлэл бичих болно. Архичин, хулгайч, бичиг үсэггүй, гэмт хэрэгтнээр дүүрсэн төр болжээ. Ийм байхад хууль ёс, шударга байдал яриад ч хэрэг алга.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.