Түгжрэл үү, түгжээ юү?

Түгжрэл үү, түгжээ юү?

Улаанбаатарын зам дээр 2-3-хан км газар хоёр, гурван цаг саатсан хүмүүсийн бухимдал сүүлийн хэдэн өдөр дээд цэгтээ хүрч байх шиг. Ихэнх нь түгжрэлд орж "түгжирч" байгаадаа л бухимдаж, үгийн хатууг ёстой нэг гамгүй урсгаж байна. Хэл зүйн болоод учир зүйн талаас нь үзвэл бүгдээрээ нэг зам дээр үүсгэсэн эзэн биегүй нөхцөл байдал болох "түгжрэл"-ийг л харааж, давхиж ирээд түгжрүүлээд байгаа нэг нэгийгээ, урд хойноо давхиж байгаа хуучин шинэ машинуудаа л буруутгав.

Яг үнэндээ мөнгө нь байвал хүн бүр машин авах эрхтэй, зардлаа дийлж байвал хэн ч унах эрхтэй тул үнэндээ өөрөө өөрийгөө баалж буй хэрэг л дээ. Өөрийгөө оролцуулаад бас адилхан жолооч та нарыгаа буруутгах гэхээр жаахан тиймхэн л байна. Тэгэхээр бүгд машинаа орхиод алхахгүйгээс хойш "түгжрээд" л байхаас даа. Гэхдээ бүх хүний дуртайяа хийдэг "бусдаас буруугаа хайх" аргыг бүгдээрээ энэ тохиолдолд ашиглачих уу яах уу? Цааш нь ярих уу яах уу? Нэгэнт өөрөөсөө биш өөр зүйлээс гарц хайж байгаа юм чинь хэдүүлээ буцаад өөрсөд дээрээ булуу хураахгүйн тулд үндэслэлтэй үзэцгээнэ ээ хө.

"Монгол хэлний их тайлбар толь"-нд
"Түгжрэл гэдэг ньТүгжрэх үйлийн нэр;
1. Судас, гэдэс зэрэг хоолойлог эрхтний хөндийд гадны болон дотоодын биет тээглэж эргэлдэх хөдөлгөөнийг нь саатуулах эмгэг.
2. Машин тэрэг шахцалдан явж чадахгүй болсон байдал." гэсэн байх бөгөөд холбоотой бусад үйл үгийг нь хайж үзвээс:
"ТҮГЖИХ
1. Гарах, нэвтрэх нүх сүвэнд юм чихэж бөглөх, битүүлэх;
2. Үүд хаалгыг цүүдэх, юмаар даруулж нээгдэхгүй болгох" гэжихүй дор санаа хол хуучны хашир хүний зангаар их гүүш Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь"-ийг давхар сөхөн үзэхүй "Түгжрэл" гэсэн үг энэ тольд эс байх тул (Биднээс өмнөх үед одоогийн манай хотынх шиг түгжрэл гэж огт байдаггүй байсан, эс бөгөөс манай өвөг дээдэс урсаж буй урсгал өөрөө түгжирдэггүй ямар нэгэн зүйл л түгжээ үүсгэдэг гэж үздэг байжээ.) холбоотой үгсийг хайсанд:
"түгжих" гэж юмыг ягштал битүүмжлэн хаах; хаалга түгжих; үүд түгжих; нүх түгжих." гэснийг улбаалан тэр онгорхой, нээлттэй байх ёстой үүд хаалга, гарц орц, нүх, зам сэлтийг хааж битүүлдэг айхтар зүйлийг лавшруулан эрвээс:
" "түгжээ" гэж юмыг түгжих бэхлэх оньс, хөндлөн даруулга, мод төмөр зэрэг юм; түгжээс; *хаалганы түгжээ; үүдний түгжээ; ширээний түгжээ"; гэсэн байхыг олж үзээд сэтгэл ихэд баясав шүү, би чинь.
Юунд чи баясав гэж асуумаар байгаа биз дээ. Би бас та, цаашлаад зам дээр машинтай гарч ирсэн бид чинь нөгөө гайхал "түгжрэл"-ийг үүсгээгүй, бас надаас танаас болж энэ олон хүн зам "түгжирч" зогсоогүйг мэдсэн хүн чинь баярлалгүй яах вэ.
Бид нар огт "буруугүй" юм байна шүү дээ. Одоо ч биднээс болоогүйг мэдсэнээс хойш буруутныг олох юухан байх вэ дээ. Ердөө л бидний багталцаад, ойлголцоод, бүр болохгүй бол хэрэлдээд ч болов явж л байх замуудыг минь хэн нэгэн ямар нэгэн "түгжээ"-гээр "түгжиж", бөглөж хааж орхижээ. Энэ "түгжээ"-гээ тэд санаатай санаагүйгээр хоёр удаа сайн гэгч нь зүүсэн аж.
1. Дэлхийн жишгийн дагуу сайтар ТӨЛӨВЛӨН зам, барилга, бүх зүйлийг нь цогцоор нь ухаалгаар барьж байгуулж байсан Улаанбаатарыг минь сүүлийн 28 жилд зүгээр л "мөнгө" гэдэг "түгжээгээр" оюун санаа, сэтгэлээ "түгжсэн" нөхдүүд нэг нь зөвшөөрч, нөгөөдүүл нь барьж байгуулах нэрийн доор хувь хувьсгалтайгаа нийлэн хуйвалдаан, шунал гэсэн том "түгжээ"-ээр хотын минь ТӨЛӨВЛӨЛТ-ийг таг мартагдтал нь "түгжсэн" нь эхний ТҮГЖЭЭ болой.
2. Төлөвлөлтийг нь "түгжиж" чадсан "түгжигч" нар Улаанбаатар хотын минь улаан зам бүрийг хаан бөглөж ган төмөр, шил хуванцар, цемент тоосго, мод шавраар том жижиг "Түгжээ"-нүүдийг бодитоор нь барьж, хороолол дундын зам, блок хоорондын зам, хотын үндсэн замуудыг холбосон хялгасан судас, мэдрэлийн судал мэт чухал үүрэгтэй туслах зам, холбоос бүрийг нь шуналын сэдэлтэйгээр бөглөж, хааж, "амьд" мэт хөдлөн орчиж, хөгжин урсаж байх ёстой хотыг минь жинхэнэ ёсоор "түгжрэл"-д оруулж гацаачихаад өчүүхэн цалингаа хуримтлуулан байж, лизинг зээл нэмэн байж машинтай болсон жирийн иргэдийг өөрсдийг нь "түгжрэл"-ийн буруутан болгон хооронд нь хэрэлдүүлж, орк, халкаар нь дуудалцуулан таашаал авч суугаа нь хоёр дахь "Түгжээ" нь ажгуу.

За энэ нэгэнт өнгөрсөн юмны төлөө уурлаж бухимдахаа болиод өнөөдрийн энэ түгжрэлээ аль болох богино хугацаанд багахан хөрөнгө мөнгөөр зоригтойхон хөдлөөд, дорвитойхон багасгах арга зам бодож олцгооё л доо, нөхөд минь. Бодож олъё ч гэж дээ бэлээхэн дэлхийн туршлага байна шүү дээ.
Дэлхийн бүх саятан хотууд тэр дундаа хөгжингүй улс орнуудын бүх хот хороолол дундын зам, блок хоорондын замын стандарт бий. Одоо бид Улаанбаатар хотод нэн яаралтай ийм замуудын судалгааг гаргаж, бөглөж хаасан хашаа, хаалт бүрийг авч хаях, мухардаж төгссөн зам бүрийг уртасган нэвт гаргах ажлыг нэгдсэн журмаар хийх хэрэгтэй юм. Зориглож чадвал хороолол дундын хөндлөн туслах замуудын тоог 2019 оны өвлөөс өмнө бид 5 дахин нэмэгдүүлж чадвал үндсэн төв замуудын ачааллыг 25-аас доошгүй хувиар бууруулах боломжтой гэсэн судалгаа бий.


Ганцхан жишээ дурдахад, сүүлийн 6 жилд шинээр баригдаж дууссан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын хорооллуудыг л харахад Дүнжингаравын уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэл хойшоо энэ ширэнгийг нэвт гарсан ганц ч туслах зам байхгүйгээс бүх автомашин хойд, урд талынх нь үндсэн замуудын ачааллыг шууд нэмэгдүүлж байна. Энд хойд урдаас нь өөр өөрсдийн хороолол нэртэй 2-3-н байшин руу орсон 11 туслах зам байх боловч бүгд өөр өөрийнх нь хашаанд тулаад л мухардаж байх нь юутай тэнэг хэрэг гээч вэ. Ёстой жинхэнэ төлөвлөлтийг таг мартаж, хар амиа хичээсэн бэртэгчин зангийн залуухан тод "гэрэлт" жишээ биз дээ. Энэ хэсэгт ядаж 6 замыг нь хаасан хашааг авч хаяан нэвт холбоос үүсгэхэд л хойд урд талын үндсэн замуудын түгжрэл эрс багасна шүү дээ. 


Үүгээр зогсохгүй баруун 4 замаас 25-ын уулзвар хүртэл, энэ уулзвараас Саппоррогийн уулзвар хүртэл хойшоо 4-р хороололтой холбосон холбоос зам ганц ч байхгүйгээс 100 метрт харагдаж байгаа хоёр байшин хооронд очих гэж төв замаараа бүтэн тойрч байх л жишээтэй байх юм. Энэ хэсгүүдэд 5-аас доошгүй нэвт холбоос замыг байгуулах шаардлагатай.
Энэ мэт жишээ нэн олон боловч эдгээрийг шийдэхэд бусад хугацаа, хөрөнгө ихээр шаардагдах арга замуудаас хамаагүй бага мөнгө, цаг зарцуулах тул гагцхүү хотын өнөөгийн удирдлагуудын эр зориг л байхад хангалттай билээ.
Цөөхөн хэдэн байшин болгоноо хороолол гэж нэрлэн дөрвөлжин хашаагаар тойруулсаар, зам зөрөг, арк гарц бүрийг бөглөж саад босгосоор байтал Улаанбаатар хот минь Хашаанбаатар болж, энэ хашаа хаалт бүр нь хотын амьдралын урсгалыг боомилж байна.
Замын ачаалалд нөлөөлж буй хашаа хаалт бүрийг нээж, мухар зам бүрийг ямар нэгэн замтай холбож, хороолол дундын зам, блок хоорондын холбоос замуудыг стандарт болгож чадвал найрсаг хөрштэй, нийтэч амьдралтай, нээлттэй сайхан хот болоход нэгэн алхамаар ойртох төдийгүй өнөөдрийн түгжрэлийг бодитойгоор бууруулах боломж буйг хэлэх юун билээ.
Яг ийм санаачилга яваад эхлэнгүүт л нөгөө түгжрэлийг харааж байснаа мартаад "манай хорооллын хашааг нураалаа, миний цонхон доогуур машин явах нь, миний хүүхэд тэглээ ингэлээ " гээд бэртэгчин зан гаргаад, хувь хувьдаа жижигхэн "түгжээ" битгий л үүсгээд байгаарай даа.
Хэрвээ ингэж зориглож чадахгүй бол хотын А бүсээ тойруулж үнэгүй зогсоолууд байгуулж өгөөд нийтийн тээвэр, онцгой, эмнэлэг, цагдаа, бусад үйлчилгээ тээврийн машинуудаас бусдыг нь тэнд нь зогсоогоод хотын төвийн 3 км-ийн тойрог дотроо бүгдээрээ сайхан алхаж, унадаг дугуйгаа жийцгээж, богино рейсийн автобусаараа зорчицгооё доо.

Тэгээд ч Лима, Каир, Богота, Дели, Манила-д л том гоёмсог хорооллууд тогтой, тортой хашаагаар хүрээлүүлж, автомат буутай харуулаар мануулж айж түгшиж суухыг үзэж шоолж явахдаа Лондон, Берлин, Токио, Сидней, Барселон, LA, Чикаго, Вашингтон, Торонто, Оттава-д хашаа хаалтгүй сайхан хорооллуудад эвтэй найртай, жаргалтай тайван амьдарч байдгийг санан харьцуулж үзэхүй дор гагц оюун сэтгэлийнхээ хашааг нурааж, бодол сэтгэлийнхээ "түгжээ"-г нээн уужим тэнүүн сэтгэж чадсан хувь хүн хийгээд улс орны амьдрал дэвжин дээшилж, "ТҮГЖРЭЛ ҮГҮЙ" хөгжин цэцэглэдэг жамтайг ухааран ойлгосноо эрхэм танд сануулан ХЭЛСҮ хэмээв.

Жич: Санамсаргүйгээр сонгосон өөрийн мэдэх зарим хотын блок хоорондын замын зураг болон Улаанбаатар хотынхоо дээр жишээ авсан зарим байршлын зургийг хавсаргав. Томруулаад харьцуулаад харвал миний санааг илүү тодорхой ойлгох буй за.

Ухаантайд нь урам болог
Сэтгэлтэйд нь сэдэл болог
Мэдлэгтэйд нь нэмэр болог
Мэдэлтэйд нь зориг болог хэмээн санаж Буяндэлгэрийн МӨНХБАТ ёслов.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.