Ц.Нямдорж: Би “хэн нэгэн сэтгүүлчийг тагна, чагна” гэх үүрэг хэнд ч өгөөгүй

Ц.Нямдорж: Би “хэн нэгэн сэтгүүлчийг тагна, чагна” гэх үүрэг хэнд ч өгөөгүй

 

Сэтгүүлчдийг хууль бусаар тагнасан хэргийн захиалагч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэх яриа нийтэд тархсан. Харин Нийслэлийн прокурорын газраас энэ талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбар хийгээд байгаа. Нөгөө талд Ц.Нямдорж сайд энэ асуудалд дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр “Би ямар ч сэтгүүлчийг тагнаж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Нөгөө л Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж л ийм зүйл хийж байгаа. Сэтгүүлчид намайг тагнаж байсан болохоос би тэднийг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан удаа байхгүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа. Эрдэнэтийн 49 хувийн том луйвар, Зоригийн хэргийн хаалттай шүүх хуралтай холбоотой хүн бүрийг л ингэж байна. УИХ-ын гишүүн Болд, Батзандан нарыг байцаасан бол өнөөдөр миний талаар худал мэдээлэл тараалаа.

Гадуур ийм яриа байна гэж Мөнхтөр гэж өмгөөлөгч өчигдөр л анх удаа над дээр ирж уулзсан. Ер нь УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь айлган сүрдүүлэх, дарамтлах, эрүү үүсгэх бусармаг үйлдэл газар авлаа. “Жаст”, Алтангийн хоорондох элдэв наймаа надад огт хамааралгүй асуудал. Би Монголын толгой бизнесмэнүүдийг бүгдийг нь танина. Таньдаг болохоор л холбоотон болдог юм уу. Сэтгэл санаагаар дайрсаар унагаах ийм л зүйл яваад байна. С.Зоригийг амьд байхад ийм дайралтууд өдөр шөнөгүй явагдсаар тэр хүн дууссан. Дашбалбар ч мөн адил цаг бусаар явсан. Төрийн төлөө зоригтой үг хэлдэг гишүүдийг дайрсаар явуулдаг. Өнөөдөр миний ээлж бололтой. Ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна. Би хэзээ ч сэтгүүлч нартай зууралдахгүй. Харин ийм үйл ажиллагаа хийж буй цаад бусармаг эзэдтэй нь хуулийн хүрээнд ажиллана" гэх тайлбарыг өгөв.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.