МАН-ын дарга нар багаараа улирна гэв үү?

МАН-ын дарга нар багаараа улирна гэв үү?

Энэ сарын 20-22-нд болох МАН-ын Их хурал урьд хожид байгаагүй олон төлөөлөгчтэй хуралдана гэж МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэдэгджээ. Түүний ярьснаар МАН-ынхан Их хурлын бэлтгэлээ хангаад дуусч байгаа юм байна.

Энэ Их хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал МАН-ын шинэ даргыг сонгоно гэж байна. Ингэхийн өмнө одоогийн дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон тус намын Хяналтын хороо тайлан илтгэлээ тавих юм байна. Түүнчлэн МАН-ын гишүүд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүгийн тайланг тус Их хурлаар сонсож хэлэлцүүлэхээ илэрхийлээд байгаа ажээ.

Үүнээс гадна МАН-ын Их хурал ойртох тусам зарим нэг мэдээлэл ил болж байна. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболд дахин нэр дэвшиж магадгүй гэжээ.

Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөнө гэдгээ илэрхийлчихээд байгаа. Харин экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат далдуур бэлтгэлээ базааж байгаа гэж буй. Бас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уламжлал ёсоороо МАН-ын даргад өрсөлдөнө гэж удахгүй зарлах тухай мэдээлэл байна. Эдэн дээр М.Энхболд дарга нэмэгдэж магадгүй гэсэн үг.

Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал бас яригдаж таарна. Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол нам ялбал шагнуулж, ялагдвал хариуцлагаа хүлээдэг албан тушаал. Хамгийн түрүүнд, намын даргаас ч өмнө Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал яригддаг номтой. Харин энэ удаад МАН-ын дарга М.Энхболд “…Хариуцлагаа хүлээж албан тушаалаа өгнө” гэж түрүүлж дуугарсан. Гэхдээ өнгөрсөн намар болсон МАН-ын Бага хурлын өмнөхөн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бас иймэрхүү агуулгатай мэдэгдэл хийсэн. Ингээд харахаар МАН-ын удирдлага солигдох нь зүй ёсны асуудал болж байгаа юм.

Гэтэл М.Энхболд эргэж буцаж магадгүй гэх мэдээлэл тарахтай зэрэгцээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бас үргэлжлүүлэн ажиллахаар үлдэхээр болж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Уг нь Д.Амарбаясгалангийн дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоор М.Ганбаатар, Б.Баярмагнай нар бэлтгэлээ базааж, эх орноо тойроод явсан. Энэ хоёр дээр Д.Амарбаясгалан нэмэгдээд, өрсөлдөөн гурван хүний дунд болж магадгүй болжээ.

Ер нь бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намдаа ялагдал авчирсан МАН-ын дарга нар улирч үлдэхээр шийдсэн бололтой дог.

Эх сурвалж: www.polit.mn

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.