Хориг хэлэлцэх үед Сангийн сайд ажлаа хийж болох уу

Хориг хэлэлцэх үед Сангийн сайд ажлаа хийж болох уу

УИХ-ын үдээс өмнөх хуралдаан 12 цаг өнгөрөөд түр завсарласан юм. Энэ үеэр Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ.

 Гишүүн Х.Нямбаатарын  “УИХ-ын хууль, бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж, мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хоригтой давхацвал зарим хэсгийг мөрдөхийг түр зогсооно гэсэн. УИХ-ын 58 дугаар тогтоолоор Засгийн газрын гишүүдийг томилсон. Тэгвэл өнөөдрийг хүртэл Засгийн газрын гишүүдийн гаргасан шийдвэр хууль бус гэж тооцох уу” гэсэн асуултад Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “2005-2009 оны хооронд журам маягийн зүйл байдаг. Хэрвээ тэдэн цагийн дотор үйлчилнэ гэсэн тохиолдолд 24 цагийн дотор Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй байсан. Энэ заалт тухайн үеийн ерөнхийлөгчийн үед байхгүй болсон. Харин хориг тавьсанаар Сангийн  сайдын албан тушаал түдгэлзэх заалт үйлчилнэ” гэж хариулсан байна.

 Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тав хоногийн завсарлага авах хүсэлтэйгээ хэлэхдээ “УИХ-ын чуулган дээр гэнэт УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудал жагсаалтад орж ирсэн. Энэ хориг энэ сарын 26-ны өдөр ирсэн. Өнөөдөр өглөөг хүртэл манай бүлэгт энэ асуудал орж ирээгүй. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэх ёстой. Тийм учраас бүлгийн хурлаа хийж, шалтгааныг судлах учир завсарлага авах хүсэлтэй байна” гэсэн тайлбарыг өгөв.

Ш.Раднаасэд:

-Ерөнхийлөгчийн  хориг ирсэн тохиолдолд 14 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Өнөөдрийн нөхцөлд энэ хугацаанд ирэх оны улсын төсөв хэлэлцэн батална. Сангийн сайд улсын төсөв хэлэлцэх үед байхгүй байж болохгүй. Тиймээс АН-ын бүлэг нэг цагийн дотор энэ асуудалд байр сууриа нэгтгэнэ үү. Нэг цагийн завсарлага өгь" гэснээр байнгын хорооны хуралдаан түр хойшиллоо.

Сая Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хэсэгчилсэн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын танхимыг бүрдүүлэхдээ Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, УИХ-аас баталсан хуульд хэсэгчлэн хориг тавьсан байгаа юм.

Ийн хоригтой холбоотойгоор асуулт тавьж, хариулт авсны дараа гишүүдээс санал хураахад олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж санал өгсөн юм.

Байнгын хорооны хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцоогүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Дэгийн хуулиар тухайлсан асуудлаар намын бүлэг завсарлага авах эрхтэй. Гэвч завсарлагыг хүссэн хугацаагаар өгсөнгүй. Тиймээс бүлгийн гишүүд оролцох боломжгүй байна” гэсэн тайлбар хийсэн юм. МАН-ын гишүүд оролцсон байнгын хорооны гишүүдийн 90.6 хувь нь “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй” гэж үзлээ.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.