ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцав

ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан өчигдөр Барилга хөгжлийн төвөөр зочилж хамт олон, үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцлаа. Барилга хөгжлийн төв нь барилга, нийтийн аж ахуйн салбарын талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, улсын төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд техникийн хяналт тавих, магадлал хийх ажлыг зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, шаардлагатай мэдээллээр БХБ-ыг хангах чиг үүрэг бүхий төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Тус байгууллага нь салбартаа өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал барилгын норм дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах, барилгын материалын хийц, бүтээц, эзэлхүүний чанарыг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийх зэрэг өргөн хүрээнд Засгийн газар, БХБЯ-ны бодлогыг хэрэгжүүлдэг. Ажлын хүрээ нь өргөн цар хүрээтэй учраас олны анхаарал, шүүмжлэл, хардлагаас хол байдаггүй нь ч үнэн билээ. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хүртэл тусгай зөвшөөрөл олгох нэрийдлээр мөнгө хураагаад сууж байдаг газар мэт ойлгодог ч үнэн хэрэгтээ УИХ-ын тогтоолын дагуу тэмдэгтийн хураамж гэж авдаг, тэр нь татварын дансанд шууд шилждэг тухай Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа  сайдад тайлбарлаж байв.

Салбарын ачааны гол тэнг үүрдэг Барилга хөгжлийн төвийн хамт олон салбарын сайддаа ажлын өндөр амжилт хүсч баяртайгаар угтан авсан юм. Сайд Х.Баделхан хийх ажил их, хариуцлага хамгийн чухал болохыг тус төвийн хамт олонд сануулаад зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа нь бат бөх байж, тулгарсан бэрхшээл бүхнийг гар, сэтгэл нийлж даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газарт зочиллоо

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан дараа нь Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын хамт олон, ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудынх нь талаар санал солилцов. Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын дарга Ц.Ганхүү шинээр томилогдсон сайдад ажлаа танилцуулж хэлтэс бүртэйгээ танилцууллаа. Тус газрынхан УИХ-д өргөн бариад байгаа Газрын харилцааны шинэтгэлийн хүрээнд Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай”, “Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай” хуулийн төслүүдийг батлуулахын ач холбогдол,  Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд орон зайн бүх төлөвлөлтийг том талбайг хамруулан хийхэд суурь газрын зургаар хангах зорилгоор 1:25000-ны байр зүйн зургаар зурагжуулах ажлыг хийж байгаа бөгөөд тодорхой хөрөнгөний асуудлыг төсөвт тусгаж өгөхийг сайдаасаа хүссэн юм.

Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын Кадастрын хэлтсийн цомхон бүтэцтэй ч чадварлаг албан хаагчид ажил байдлаа танилцсандаа сайд сэтгэл хангалуун үлдсэн. Газрын зургийг агаараас авч координатын хувьд ямар ч алдаагүйгээр суурь өгөгдлийг нь хийдэг энэ онцгой агентлагийнхан нарийн мэргэжлийн хүмүүс байдаг болохоор улс төрийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн давтагдашгүй энэ мэргэжилтнүүд хэзээд дархан цаазтай мэт үлдэж чаддаг. Үндэсний мэдээллийн сан бий болгож, кадастрын, байгалийн зураглалын гэх мэт бүхий л  орон зайн үйлдлүүдийн хамгийн өндөр нарийвчлалтай суурь өгөгдлийг тодорхойлж, орчин үеийн техникийн шийдлүүдийг ашиглаж байгаа энэ хэлтсийнхний даруухан бөгөөд хөдөлмөрч хамт олон салбарын сайдаа баяртайгаар хүлээн авч амжилт хүссэн юм.

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын хамт олон, үйл ажиллагаа, одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудлуудтай танилцав.

Тус корпорацийн захирал Ж.Хичээнгүй байгууллагынхаа хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулаад, Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн явцын талаар дэлгэрэнгүй ярилаа. Уг хөтөлбөрийн дагуу 2015-2021 онд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулах юм.

Өмнөх Засгийн газруудын баталсан тогтоолын дагуу нийт  97.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Түрээсийн санд шилжүүлснээр 1512 айлын орон сууцны түрээсийн төлбөрөөс сард 336.1 сая төгрөгийг зээлийн хүүнд төлөх болжээ. Мөн түрээсийн санд шилжсэн орон сууцнуудын нийт өртөг нь 82.3 тэрбум төгрөгт хүрч, хүүгийн зардалд 17.2 тэрбум төгрөг болж, үүнээс ТОСК ТӨҮГ 7.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр болоод байгаа тул ирэх гурван жилийн төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байгаа юм байна.

Энэ мэтчлэн “ТОСК” ТӨҮГ-ын тулгамдсан асуудлууд, түүнээс гарах гарцын талаар санал солилцож, асуудлыг хурдтайгаар шийдэхийн тулд нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. Ийнхүү сайд Х.Баделханы салбарынхаа харьяа агентлаг, байгууллагуудтай танилцсан эхний уулзалтууд үр дүнтэй боллоо гэж салбарынхан нь ам сайтай байлаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.