УБТЗ дэд сайд Б.Цогтгэрэлийг машин, шатахуунаар хангадаг байсан гэнэ үү

УБТЗ дэд сайд Б.Цогтгэрэлийг машин, шатахуунаар хангадаг байсан гэнэ үү

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн. Тус зөвлөлд одоогоор 20-иод албан тушаалын зөрчилтэй холбоотой гомдол санал ирээд байгаа юм байна. Г.Баасан “УБТЗ ХНН-тэй холбоотой ирсэн олон гомдлын нэг нь Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийг унаагаар хангадаг асуудал тухай. Дэд сайд Б.Цогтгэрэл УБТЗ-аас машин унаж, шатахуунаа хийлгэдэг нь Ашиг сонирхлын хуулийн хоёр заалтыг зөрчсөн үйлдэл.  Олон нийтийн зөвлөлөөс үүнийг зогсоох хүсэлтийг АТГ-т шилжүүлээд байгаа” гэлээ.

Г.Баасан даргын мэдээлснээс үзвэл УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилжээ. Тухайлбал, 2015 онд авлигын хэргээр шалгагдаж, ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргаар томилогдсон байна. Түүнчлэн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэх хүн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогджээ. Мөн хулгайн хэргээр 6 жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэх хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ томилгоонуудыг цуцлуулах талаар АТГ-т удаа дараа гомдол ирсэн ч хэрэгсээгүй аж.  Тиймээс Олон нийтийн зөвлөлд хандсан юм байна. Олон нийтийн зөвлөл эл асуудлаар УБТЗ ХНН-д хандсаны дараа дээрх хүмүүсийг ажлаас халлаа гэсэн хариуг өгч байжээ. Гэтэл дээрх хүмүүсийг ажлаас халах бус орлогч болгон ажиллуулж буйг газар дээр шалгаж илрүүлжээ..

Цааш нь тэрбээр “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа АТГ-ыг хоёр удаа молигодож байна. Энэ албан тушаалтнуудыг томилохдоо АТГ-аас ашиг сонирхлын тодорхойлолт аваагүй атлаа Ийгл телевизээр “авсан” гэж гүжирдсэн. Энэ асуудлаар АТГ  Д.Жигжиднямаад хариуцлага тооцоогүй.  Д.Жигжиднямаа АТГ-ын захиалагч нь юм уу гэдгийг АТГ-ын дарга Х.Энхжаргалаас асуумаар байна. Мөн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой өөр нэг гомдол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ирсэн. Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт байгаа. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн "УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан" гэсэн хэмээн хэллээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.