Улаанбаатар -8oC

Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт 41,5 хувьтай гарлаа

Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт 41,5 хувьтай гарлаа

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн энэ онд хэрэгжүүлэх ажлын биелэлт эхний хагас жилийн байдлаар 41.5 хувьтай гарлаа. Тухайлбал:

  • - Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 48.9
  • - Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 35.4
  • - Нийгмийн бодлого 44
  • - Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 39.6
  • - Засаглалын бодлого 41.9 хувьтай байна.

Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулан улмаар тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хэлэлцээрийг амжилттай хийсэн.

2012 онд  Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын 82.07 хувь буюу 475 саяыг нь Засгийн газрын бондоор сольж, үлдэх хэсгийг хөрөнгө оруулагчдад төлөх зорилгоор жилийн 8.750 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын “Хуралдай” бонд гаргаж олон улсын зах зээлд амжилттай арилжаалжээ.

Холбогдох хуульд өөрчлөлт оруулж борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнс, нэхмэл, хувцас, газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчийн татварын 90 хувийг хөнгөлсөн байна.

“Боловсролын зээлийн сан” байгуулж “Оюутны хөгжлийн зээлийн журам” батлан 70 орчим мянган оюутан зээлд хамрагдах боломжийг нь бүрдүүлсэн бөгөөд сургалтын зээлд шаардагдах 90 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тусгажээ.

Ахмадууддаа жилд хоёр удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэлсэн байна. Мөн жилийн 18 хувьтай байсан тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож цаашид ч бууруулах боломжийг бүрдүүллээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрч, төсвийн алдагдал 590 тэрбум төгрөгөөр буюу гурав дахин буурч, төсвийн орлого 330 тэрбумаар давж биелэн, гадаад худалдааны тэнцэл 475 сая ам.доллараар нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт гарчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ч  хэрэгжилт удааширсан, хөрөнгө санхүү төдийлөн шаардахгүй 130 зорилт, арга хэмжээг эрчимжүүлж ондоо багтаан бүрэн биелүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.