Ерөнхийлөгч Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ахмет Язал Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн мэндчилгээг уламжлаад хоёр талын харилцаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Турк Улсын Ерөнхийлөгчид хариу талархал илэрхийлээд “Турк Улс арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн их туршлагатай. Монгол бол ХАА-н орон. Далан сая толгой малтай” гээд хоёр талын хооронд арьс шир боловсруулах үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Ахмет Язал уг саналыг Туркийн Ерөнхийлөгчид уламжлахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхоны хөндийн Түрэгийн үеийн хөшөө дурсгал болон Налайхын орчмын мэргэн Тоньюкукийн хөшөөг түшиглэн Туркийн талаас аялал жуулчлал нэмэгдүүлэх боломжтой хэмээлээ.

Элчин сайд үүнтэй санал нэг байгаагаа тэмдэглээд "Turkish Airlines"-ын нислэгийг эрчимжүүлбэл зөвхөн эдийн засгийн хувьд бус, аялал жуулчлал хөгжүүлэхэд түлхэц болно гэдгийг тэмдэглэв. Энэ талаар 9 дүгээр сарын сүүлээр Зам тээврийн хөгжлийн яамтай зөвлөлдөх уулзалт хийх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.