Хүнсний аюулгүй байдал ба хэрэглэгчийн боловсрол

Хүнсний аюулгүй байдал ба хэрэглэгчийн боловсрол

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн санаачилгаар Ерөнхийлөг­чийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өчигдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Уг Үндэсний чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.

Сургуулийн насны 10 хүүхдийн ес нь шүдний өвчтэй, 30-35, 60-65 насны монгол хүний шүд дунджаар 17.2 байгаа нь 80 настай япон хүнийхтэй адил байна. Хэдийгээр япончуудтай өрсөлдөхгүй ч гэлээ бидний аав, ээжүүд бидний үеэс илүү эрүүл чийрэг, “яс сайтай” байна аа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд зүрх судасны өвчлөл, хоол боловсруулах систем, хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын дийлэнх хувь нь хоол боловсруулах системийн өвчлөл, хорт хавдраас шалтгаалж байна. Хорт хавдрын дотор элэг болон ходоодны хорт хавдар хамгийн их буюу 53 хувийг эзэлжээ. Үүнийг өдөр тутам хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон эрүүл бус хэрэглээтэй холбож тайлбарлахаас өөр аргагүй юм.  

Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал боллоо... Энэ үгийг бид сүүлийн 15 жил ярьж, бичиж, ширээ тойрон хэлэлцэж байгаа ч ахиц гарахгүй байгааг “Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган”-ыг санаачлан зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч, чуулганд оролцож байгаа хүнс үйлдвэрлэгчид нэгэн дуугаар хэлж байна. Хүн амын хүнсний нийт хэрэглээний 50 хувийг импортоор хангаж байгаа үед тухайн улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд “эрсдэлтэй”-д тооцдог аж. Манай улс тэр ангилалд бүртгэгдсээр төдий хугацаа өнгөрсөн гэсэн үг.

Хүнсний аюулгүй байдал гэх энэ ойлголтод хүнсний хангамж, бүтээгдэхүүний аюулгүй байдал, шим тэжээлийн баталгаат байдал гэх гурван зүйлийг зэрэгцүүлж авч үздэг байна. Манай улсын хувьд хүнсний хангамж нь тоон үзүүлэлтийн хувьд хангалттай төвшинд байгаа ч экспорт, импортын зохистой харьцаа алдагдаж, импортоос хараат орны тоонд багтжээ. Гуравхан сая хүн амтай, 80 сая толгой малтай, нэг сая гаруй га тариалангийн газартай улс орны хувьд хүнсний хэрэглээнийхээ тал хувийг гаднаас импортлоно гэдэг “эрсдэлтэй” нөхцөл байдал мөнөөс мөн.

Улсын хэмжээнд сүүний нөөц (сүүний гарц болон малын тоо толгойгоор тооцоход) 470 сая тонн гэх боловч Улаанбаатар хот орчимд 140 сая тонн нь эргэлдэж, үүнээс 30 хувийг нь л боловсруулж хэрэглэдэг байна. НҮБ-аас гаргасан зөвлөмжөөр монгол хүн жилд 147 литр (өдөрт 0,5 литрээс илүү) сүүг хүнсэндээ хэрэглэх ёстой ч нийслэлчүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ үүний талд нь ч хүрдэггүй.

Өчигдөр Төрийн ордонд болсон “Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган”-аар хэлэлцсэн гол асуудал нь монгол хүнийг эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл чанартай хүнсээр яаж хангах вэ, хүнс үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжиж гадаад зах зээлд гаргах вэ гэдэг асуудал байв.

Манай улс 2014 онд 4958 тонн төмс, 2015 онд 720 тонн лууван, 2016 онд 200 тонн төмс, 2014 онд 1460 тонн адууны мах, 360 тонн үхрийн мах, 2015 онд адууны мах 1620 тонн, үхрийн мах 860 тонн, 2016 онд адууны мах 1999,3 тонн, үхрийн мах 600 тонныг ОХУ-д экспортолжээ. БНХАУ руу зөвхөн өнгөрсөн онд үхрийн мах дөрвөн тонн, адууны мах 6460 тонн, ямааны мах 862 тонныг экспортолжээ.
Гэсэн хэрнээ нийслэлчүүд хамгийн өндөр үнэтэй мах идэж, хүнсний ногоогоо импортоор авдаг хэвээрээ. Хөдөөд мал, мах үнэгүйдэж, малчдын амьжиргаа дээрдэхгүй байна гэх атлаа Улаанбаатарчууд махны үнэ дийлдэхээ байлаа хэмээн жагсах. Намартаа хураасан ногоогоо борлуулж чадалгүй үнэгүйдүүлж, өвөл хавартаа Эрээнээс төмс, луувангаа зөөх.

Хойд, урд талд нь хоёр том зах зээл байхад монгол мах үнэд хүрдэггүй шалтгаан нь нөгөө л малын эрүүл мэнд. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгээр энэ талын хууль эрх зүйн зохицуулалтыг хийж хоёр ч хууль баталсан ч малын эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллага нь эрсдэлтэйд тооцогдсон хэвээрээ. Дотооддоо бэлтгэж байгаа мал, махны дийлэх нь үйлдвэрлэлийн бус аргаар буюу гараар бэлтгэгддэг тул эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаггүй.

Төмс, хүнсний ногооны бизнес ч бас эрсдэлтэй хэвээр. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газар 1999 онд тогтоол гаргаж, импортын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэд 5-15 хувийн гаалийн татвар ноогдуулсан ч Хятадын бөөнөөр үйлдвэрлэдэг, өртөг хямд хүнсний ногоотой манай жижиг үйлдвэрлэгчид өрсөлдөж чаддаггүй.

Үйлдвэрлэлээ өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлье гээд банкнаас зээл хүсэхээр “танайх ашиггүй ажилладаг” гээд зээл олгодоггүй гэнэ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, бондын санхүүжилтээр үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэх хэмжээний зээл авсан ч урсгал зардлаа санхүүжүүлж, ажилчдынхаа цалинг тавьж чаддаггүй. Улирлын чанартай биз­нес, үйлдвэрлэлийн гол бэрх­шээл энэ. Харин өмнөд, хойд хоёр хөрш маань дотоодынхоо үйлдвэрлэгчдийг хамгаалахын тулд ижил төрлийн импортын бүтээгдэхүүнүүд нь 32 хувийн татвартай байна.

Хүнсний аюулгүй байдлын бас нэг чухал зүйл нь бүтээгдэхүүний төрөл ба хэрэглэгчдийн боловсрол. Нэг үеэ бодвол монголчуудын хэрэглээ, амьдралын чанар сайжирч, “мах гурилтайгаа байхад болно доо” гэдэг үе ард хоцорсон. Ядаж л хүн бүрт өдөрт нэг ширхэг өндөг иддэг, хоёр аяга сүү уучихдаг байвал үндэсний хэдэн компаниуд маань босоод ирэхээр байна. Гурван сая хүн шүү дээ.  Гэвч дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос гэхэд 100 хувь импорт. Зөвхөн ургамлын тосыг гэхэд 89 компани импортлодог байна.

Тиймээс хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд хүнсний бүтээгдэхүүнээ төрөлжүүл. Хүнсний бүтээгдэхүүнээ төрөл­жүүлэхийн тулд хүнснийхээ хэрэглээг төрөлжүүл гэдэг зөвлөгөөг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Аднан Кэрэши манайханд өгч байна. Үүний тулд эрүүл хүнс, эрүүл хэрэглээг дэмжих хэрэглэгчдийн боловсрол хамгийн чухал нь.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд ЕБС-ийн бага ангийн­ханд “Экологийн боловсрол” гэдэг хичээл орж эхэлсэн. Эрүүл мэндийн боловсрол ч бас уг нь үүнээс хоцрох учиргүй л юм. Барууны орнуудад хүүхдээ сургуульд ороход нь хамгийн түрүүнд барааны шошго уншихаас эхэлж сургадаг гэсэн. Тухайн бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэгдсэн, ямар орц найрлагатай, ямар насны, ямар өвчтэй хүнд хориотой гээд.

Гэтэл манайд барааны шошго уншдаг хүүхэд байтугай насанд хүрэгчид нь цөөхөн. Их л сайндаа телевизээр рекламдаж байгаа барааг “баталгаатай”-д тооцдог. Гэтэл тэр сурталчлаадбайгаа бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь хэт таргалалт, сахарын өвчин үүсгэдэг гэдгийг тэр бүр анзаардаггүй. Энэ ч бас хүнсний аюулгүй байдал мөн, хувь хүний боловсрол хамгийн чухал гэдгийг чуулганы оролцогчид онцолж байлаа. Хүнсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд хүнсний аюулгүй байдал хариуцсан агентлагтай болох ёстой гэдэг байр суурийг ҮАБЗ-ийн ажлын албанаас санал болгов.

Европын холбоо анх байгуулагдаад Хүнсний аюулгүй байдлыг агентлаг байгуулж “Фермерийн хашаанаас хоолны ширээ хүртэл бүх шат дамжлагат аюулгүй байдлыг хангана” гэжээ. Монголчууд энэ тухай л яриад байна. Өчигдөр болсон үндэсний чуулганаас УИХ болон Засгийн газарт хандаж энэ чиглэлээр зөвлөмж гаргав.

Зөвлөмжид, хүнсний аюул­гүй байдлын талаар сургалт сурталчилгааг хуулийн хүрээнд үнэ төлбөргүйгээр нийтэлж нэвтрүүлэх, хүнсний шим тэжээлийн тухай хуулийг боловсруулах, хилийн боомт дээрх хүнсний хяналтын лабораторийг чадавхижуулах, хүнсний сүлжээний бүх шат дамжлагуудад зохистой дадлыг хэвшүүлэх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, сүү цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор

“Үдийн цай” хөтөлбөрт орох сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг зааж өгөх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих банкны уян хатан нөхцөлтэй зээлийн системийг судлах, хөрс, усыг бохирдуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэхийн тулд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах, төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагааг сайжруулж, төрийн зарим эрх мэдлийг ТББ-дад шилжүүлэх зэрэг багтсан байна.

Дэлхийн Худалдааны бай­гууллагаас зөвшөөрсөн хэм­жээнд бид дотоодод үйлд­вэр­лэдэг хүнсний бүтээгдэхүүний импортод 20 хувийн гаалийн татвар тавихад л чамлахааргүй хэмжээний дэмжлэг болно. Манай хоёр хөрш тэгэхэд дотоодынхоо зах зээлийг импортын 32 хувийн татвараар хамгаалж байна. Бид тэдэн шиг хэмжээнд хүргэж чадахгүй юм гэхэд одоо байгаа 5 хувийн татварыг зөвшөөрөгдөх хэмжээ 20 хувьд нь хүргэхэд л үлэмж дэмжлэг болно. Төр нь Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахгүй л юм бол зах зээл тэднийг өмгөөлөхгүй.

Б.ЗАЯА

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.