Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорлоо

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорлоо

УИХ дахь МАН-ын бүлгийн 31 гишүүн гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Нэгдсэн чуулган хуралдахын өмнө буюу өчигдөр өглөөнөөс эхлэн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг хэлэлцэв. Огцруулах асуудлыг лхагва гаригт нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүсэлтээр Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахаар болж, МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага аваад байсан юм.

Хаалттай хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Дэд хорооноос мэдээлэл хийгээгүй бөгөөд нэгдсэн чуулганаар энэ асуудлыг мөн л хаалттай хэлэлцэв. Харин Тусгай хяналтын дэд хорооны хуралд оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Дэд хорооны хуралдаанд танилцуулагдсан мэдээллийг гадагш задруулахгүй байх үүрэгтэй нарийн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нэг зүйлийг хэлэхэд өмнө нь АТГ-аас хийсэн мэдээлэл батлагдаж, Шадар сайдыг тангаж чагнасан гэх асуудлыг У.Хүрэлсүх гишүүн өөрөө зохион байгуулсан нь баримтаар нотлогдсон” гэлээ.

Чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжсэний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат огцруулах асуудлаар АН-ын бүлгээс гаргасан санал дүгнэлтийг танилцуулав. АН-ын бүлгийн санал дүгнэлтэд “Төрийн албаны 22 мянга гаруй албан хаагчийг халсан, айлган сүрдүүлж, өөрөөр нь өргөдөл өгүүлэх замаар ажлын байрыг нь булаан авсан, 60 тэрбум гэх бохир системийг зохиосон, 800 тэрбум төгрөгийн концессын гэрээ нь Монгол улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, өр нэмэх хөнгөн сонголт хийсэн учраас Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэв. Үүний дараа чуулгана нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Т.Аюуртсайхан тэргүүтэй 31 гишүүний гарын үсэг зурсан огцруулах шаардлагад Засгийн газар УИХ-аас зөвшөөрөл авалгүйгээр хууль зөрчиж концесс хийсэн, хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олгосон, ОУВС-тай гэрээ байгуулж эдийн засгаа хямраасан зэрэг үндэслэлүүд багтсан байна. Чуулганы хуралдаанд 73 гишүүн оролцоноос 38 нь дээрх үг хэлэхээр УИХ-ын даргад нэрээ өгчээ.

О.Содбилэг: 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн бидэнд итгэл үзүүлсэн, бид улс орны амьдрал хэцүү үед төрийн эрхийг авсан. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед эхлүүлсэн ажлаа дуусгалгүй Засгийн газраа огцруулах нь буруу. Гадаад талд ч гэсэн итгэл алдарч эхэлж, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад ирэхээ больж байна. Зөвхөн өнгөрсөн сонгуулийн үр дүнтэй холбож Засгийн газрыг огцруулж болохгүй.

Ж.Батзандан: 65 суудалтай МАН өөрийнхөө байгуулсан Засгийн газартай хариуцлага тооцохоор болсон, огцруулах эрх нь МАН-д байгаа. 2016 онд МАН сонгуульд орохдоо өр, татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл энэ Засгийн газар нэм­сэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг шийдсэнгүй. Дубайн гэрээг зал­руулсангүй. Засгийн газар ажил хийхгүй байна. Таван­тол­гойн гэрээ маргаантай байгаа, Зас­гийн газрын гишүүн нь ороод суучихсан тухай гомдол ирсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдөр 60 тэрбумын асуудлыг булзааруулаад, янз бүрийн шахалт дарамтаар хэргийг нь хойшлуулаад, нуух ажил хийж байна. Гэвч эцсийн дүндээ концессын олон тэрбум чинь ч бас сануулга шүү. Хүүхдийн мөнгө олгосон нь буруу гэсэн асуудал яригдаад эхэлсэн байна. Би бол хуульгүй ч бай хамаагүй хүүхдийн мөнгийг олгоосой, Монголын хүүхдүүдийг битгий ялгаасай гэж бодож байна. Энэ бол аль нэг намын хэрэгжүүлэх хөтөлбөр гэхээсээ илүүтэй Монголын төрийн үүрэг байх ёстой. Хүүхдийн мөнгө олгох асуудлыг хууль ёсны болгоод өгчихье гэж их хурал дээр ярьсан ч гишүүд зөвшөөрөөгүй. Одоо энэ нь Засгийн газрыг буруутгах шалтгаан болчихлоо. Гуравдугаарт, албан тушаалын томилгооны асуудал байна. Манай, танай нам гэхээсээ илүүтэй төр засаг нь ард түмнийхээ итгэлийг эргүүлж авах хамгийн том асуудал бол 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох. Олон мянган ажлаа хийж байсан төрийн албан хаагчдыг гудамжинд гаргаад, эргээд мөнгөөр томилогдсон байх магадлалтай хүмүүс ажлын байрыг нь булаасан. Энэ бол Засгийн газрыг огцруулах тодорхой үндэслэл болж чадна.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Хүүхдийн мөнгийг олгоход Засгийн газар ямар ч хууль зөрчөөгүй. УИХ-ын баталж өгсөн хязгаарын дагуу хүүхдийн мөнгө олгосон. Засгийн газар хурд муутай ажилласан гэж ярьж байна. Би хэдэн тоо хэлье. 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг өсөлт -1.3 хувь байсан. Тэгвэл 2017 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай болсон. Зөрүү нь есөн сарын дотор 6.6 хувь. Зарим хүмүүс МАН-ынхан азтай, нүүрсний үнэ өсөх үед засаг барьдаг гэдэг. Тэгвэл бид нүүрснийхээ үнийг өсгөж чадсан юм шүү.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:  Засгийн газар хариуцлага алдсан. Анхнаасаа энэ Засгийн газрыг байгуулахдаа л ард түмэнд өгсөн амлалтаасаа буцсан. Олон амлалтаас буцсан. Алийн болгон бид худал хуурмагаа эв нэгдэл гэж хаацайлах юм. Бид сонгуулийн үеэр ард иргэддээ мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан. Тийм Засгийн газар байгуулж чадаагүй. 65-ын бүлгээрээ хэлэлцүүлэхгүйгээр огт өөр төвшинд яриад шийдсэн. Тийм учраас Засгийн газрын чинь зэс цухуйж, өнөөдөр огцрох асуудал яригдаж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Огцруулах үндэслэлд тавьсан байна. Ер нь бол 65 хүнтэй бүлэг маань энэ бүхнийг чиглүүлж өгөө биз дээ. 65 хүнтэй бүлэг дээр дахин дахин ярьсаар байгаад шийдсэн. ОУВС-гийн хөтөлбөрт ор, хүүхдийн мөнгийг хас, татварыг хас, дараа нь нөхцөл байдал сайжирсан үед нэм, сэргээ. Ийм зүйлүүдийг 65-ын бүлэг дээр ярьж байгаад л шийдсэн. Тэгвэл энэ 65 чинь ямар хариуцлага хүлээх юм бэ. Засгийн газар руугаа асуудлаа түлхээд, ямар ч гэмгүй амьтад суугаад үлдэх үү. Боловсон хүчний алдаа гаргасан гэж байна. Энэ 65 чинь Засгийн газар руу баахан хүмүүс шахаж, чихээ биз дээ. Сайд, дэд сайд, газрын дарга нар гээд л, бүх яамдад шахсан, тэгээд л мэргэжлийн Засгийн газрын утгыг алдагдуулсан шүү дээ.

Лүндээжанцан: Засгийн газарт хариуцлага тооцож болно, алдаа эндэл байгаа. Гэхдээ үүнийг нам дотроо, бүлэг дээрээ яриад дараа нь УИХ-д оруулж ирэх ёстой байлаа. Энэ бол төрийн харилцааны асуудал. Гэтэл шууд УИХ-ын даргад хаяглаад чуулганы хэлэлцүүлэгт оруулж ирж байгаа арга замыг нь би дэмжихгүй байна.

Л.Оюун-Эрдэнэ: МАН 2000 оноос хойш анх удаа УИХ-д үнэмлэхүй олонхи болж, 65 суудал эзэлсэн. Энэ бол намын бодлогоо хэрэгжүүлэх, эдийн засгаа өөд татах том боломж гэж харж байсан. Гэтэл байгуулсан Засгийн газрын тань тал хувь нь намын бүлэг дотроо ч хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа шүү дээ. Аргаа бараад 31 гишүүн элдвээр хэлүүлэн байж огцруулах шаардлага гаргасан. Засгийн газар бурууг бусдаас биш, өөрсдөөсөө хайх хэрэгтэй.

Н.Номтойбаяр: Бодит үнэн гэвэл сайдын 17 суудалд 65 гишүүн багтахгүй болчихсонд л асуудал байна шүү дээ. Бид бүгдээрээ л мэдэж байгаа.  

Ц.Нямдорж: Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчин­тэй гэдгээ битгий мартаарай гэж би энэ Засгийн газрыг анх байгуулагдахад нь хэлж байсан. Би огцруулах бичигт хамгийн сүүлд гарын үсэг зурсан. Анх Засгийн газар байгуулагдахад нь "Эрдэнэт"-ийн 49 хувийг нам дамнасан олигархийн бүлэглэлээс салгаж аваарай, үүнийг л болиулахгүй бол Засгийн газартай чинь тэмцэнэ шүү” гэж хэлж байсан. Миний огцруулах бичигт гарын үсэг зурсан ганц үндэслэл энэ шүү.
Нэрээ өгсөн 38 гишүүн нэг бүрчлэн байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан “Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжихгүй” гэсэн томъёоллоор санал хураахад 32 гишүүн дэмжиж, 41 гишүүн эсрэг санал өгөв. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 14 сар ажиллаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.