Ногоон санхүүжилтийн асуудлаар анх удаа чуулав

Ногоон санхүүжилтийн асуудлаар анх удаа чуулав

Бизнес эрхлэгчдэд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, дэмжлэг, олон улсын чиг хандлагыг таниулан, эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй бизнес эрхлэхэд шаардлагатай мэдлэг мэдээллийг хүргэж, санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулах боломжуудыг танилцуулан, гарц шийдлийг санал болгох зорилготой Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган өчигдөр боллоо. Хас банкнаас зохион байгуулж буй уг чуулган “Туушин” зочид буудалд болсон бөгөөд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Хас банкны удирдлагууд, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан болон жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцсон юм.

Анхдугаар чуулганаар Уур амьсгалын ногоон сан, түүний санхүүжилт, бизнесээ хэрхэн ногооруулах, түүнд тулгарч буй асуудлууд зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд явагдлаа.Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулганыг нээж “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайнгүй, ган гачиг, түймэр, үер ус зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгаль цаг уурын аюул гамшиг ойр ойрхон тохиолдож эдийн засгийн өсөлт, ард иргэдийн аж ахуй эрхлэн амьдрах боломжийг хумьж, бэрхшээл дээр бэрхшээл нэмж байна.

Ийм  учраас уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлыг зөв оношилж, сөрөг нөлөөг нь гарз хохирол багатай даван туулах, эерэг боломжийг урьдаас харж бүрэн дүүрэн ашиглах, нэг ёсондоо уур амьсгалын эргэлтгүй болсон өөрчлөлтөд дасан зохицох  хэрэгцээ улам нэмэгдэж байна.

Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь нийгмийн эмзэг ядуу бүлгийн иргэдэд хамгийн хүндээр тусч байгаа билээ. Дасан зохицох үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө мөнгийг Засгийн газар дангаараа хариуцах боломжгүй нь тодорхой бөгөөд олон талт хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажил юм. Иймд төр-хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлж, аж ахуйн нэгж, бизнесийн салбарын бай­гууллагууд улс орны тогт­вор­той хөгжлийн амин чухал энэ ажилд идэвхтэй оролцох, хувь нэм­рээ оруулах зайлшгүй хэрэгцээ гарч ирж байна.

Монгол Улсын  эдийн засаг хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд энэ хөтөлбөр цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ,  ногоон барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, жижиг дунд  бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн  үндсэн зорилтуудад нийцсэн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нэн чухал арга хэрэгсэл болж байна.

Энэхүү чухал хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж байгаа Хас банкныханд тусгайлан баяр хүргэж амжилт хүсэхийн ялдамд, уг хөтөлбөрийн үндсэн санхүүжүүлэгч Уур амьсгалын ногоон сан, хамтран санхүүжүүлэгчид болох Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан, Европын Сэргээн босголт хөгжлийн  банк болон бусад түншлэгч байгууллагуудад  Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” гэсэн юм. Дашрамд дурдахад, Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд байгуулагдсан шинэ төрлийн санхүүжилтийн механизм юм.

Уг механизм нь хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт хийх замаар хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой. Мөн Уур амьсгалын ногоон сан нь зөвхөн тус сангаас магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын төр, олон нийт болон хувийн хэвшлээс хэрэгжүүлэх байгаль орчинд ээлтэй ногоон төслүүдийг санхүүжүүлэх аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.