Хэн юу хэлэв

Хэн юу хэлэв

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ТАСС агентлагт анх удаа ярилцлага өглөө. Түүнчлэн улстөрчид бужигнаж, Засгийн газрыг унагах албан бичгийг өргөн барьж, У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж их л адал явдалтай долоо хоног өнгөрлөө. Ингээд өнгөрч буй долоо хоногт хэн, ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

Х.Баттулга: Далайд гарцгүй манай орны хувьд хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллах нь чухал

/Монгол Улсын Ерөнхийлөгч/

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагч Алексей Селищевийн тавьсан асуултад хариулж, ярилцлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд дөнгөж сар гаруйхан хугацаа өнгөрч байна.

Улс орныхоо гадаад бодлогын талаар надад бодож төлөвлөсөн олон санаа, төлөвлөсөн ажлууд бий. Монгол Улс газар нутгийн байршлын хувьд Ази тивд байдаг учраас Азийн бүх улс оронтой дипломат харилцаатай явж ирсэн.  Гэхдээ бидэнд нэг онцлог бий. Энэ нь манай улс хоёр том гүрэн, тодруулбал, Орос, Хятадын дунд оршдог. БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Япон, Энэтхэгтэй ч мөн адил  стратегийн түншлэлийн харилцаатай.

БНСУ-тай ч иж бүрэн түншлэлийн харилцаагаа хөгжүүлж байна. Газарзүйн байрлалынхаа онцлогийг ашиглаж, гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно. Манай улсын бас нэг онцлог бол Европын улсуудтай Оросоор хиллэдэг, Азийн орнуудтай бол Хятадаар хиллэдэг. Тиймээс нэн тэргүүнд хоёр хөршдөө айлчилж, эдийн засгийн харилцааг сайжруулах тал дээр бодит алхмуудыг хийнэ гэсэн бодолтой байгаа. Жишээ нь, гааль, худалдааны тариф дээр нэлээд өөрчлөлт хийнэ. Монгол Улс газрын баялаг ихтэй орон учраас боломжийн хэрээр нэмүү өртөг шингээж, технологийн хувьд шинэчлэх, дэлхий сонирхдог хоёр том зах зээл рүүгээ хандсан экспорт хийхийг зорих болно. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 35 хоног өнгөрч байна.

Тодорхой хугацааны дараа тодорхой зорилтуудыг ярина.  Бодож, төлөвлөсөн зүйл их бий. Аль ч улс орон хөгжлийн бодлогоо ард түмнийхээ олон зууны уламжлал, зан заншилд тулгуурласан байдаг. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн, миний биеэр ч нүүдэлчний цус гүйж л байгаа. Тиймээс бид нүүдэлчдийн уламжлал дээр тулгуурласан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Монголчууд бие даан амьдарч, хөгжиж чаддаг. Энэ бол монгол хүний онцлог юм.

Өнөөдөр олон зуун гадны ажиллах хүч манай ажлын байрыг   эзэлж, тэд манай орны хөгжилд оролцож байна. Үүнийг бид өөрчилнө. Өнөөгийнхөөс ялгаатай нь цаашид байгалийн баялгийн үр шимийг ард түмэндээ тэгш хүртээх болно. Сүүлийн 20 жилд байгалийн баялгийн лицензийг хэдхэн хүн ашиглаж, ашгийг нь тэд л хүртэж ирсэн. Ийм байдлаар улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хувийн ашиг орлого нь өссөөр байна.

Үр дүнд нь нэг талаас, Монголд ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, нөгөө талаас, улс төрийн бүлэглэлүүд хөрөнгөжиж нөөц баялаг нь өсөх нөхцөл бүрдсэн. Энэ бол миний хамгийн гол сэдвийн нэг юм. Миний хувьд өөр нэг чухал чиглэл бол дэд бүтэц. Энэ салбарыг манай ард түмэн өөрсдөө бүтээж хөгжүүлэх ёстой. Энэ салбар Орос, Хятад гэсэн хоёр хөрштэйгээ дэд бүтцийн салбарт харилцах гол чиглэл байх ёстой. Далайд гарцгүй манай орны хувьд хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллах нь чухал юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

С.Мөнхчулуун: Намын дүрэм бол гишүүддээ Үндсэн хууль мэт байх ёстой

/НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга/

НИТХ дахь МАН-ын 16 гишүүн Иргэдийн хурлын даргыг огцруулах тухай хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулсан. Улмаар ИТХ-д хүргүүлчихээд байгаа. Энэ талаар НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн нээлтээс авахуулаад олон ажил хаяанд ирчихлээ. Улс оронд хийх ажил их байхад хажуугаар нь улс төр хийгээд байгаа нь харамсалтай байна. 

НИТХ дахь МАН-ын бүлэг нийтдээ 34 төлөөлөгчтэй. Түүний 16 нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан. Энэ нь олонхи болохгүй гэсэн үг. АН-ын бүлгийн 11 төлөөлөгч нэмэгдээд гарын үсэг зурж байгаа юм билээ. Нийлээд 27 төлөөлөгч болсон. Тэгсэн ч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны хүрээнд Иргэдийн хурлын ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй.

Дээрээс нь гарын үсгээ зураагүй МАН-ын төлөөлөгчид 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийг өмгөөлж хамгаалж байна гэсэн мэдээллийг хэвлэлээр болон сошиалаар тарааж байна. Тийм юм байхгүй. МАН-ын бүлэг гэдэг бол өөрөө намын дүрэмд байдаг нэг бүтэц. Бид нийслэлийн МАН-ыг төлөөлж энд сууж байгаа. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Нөгөө талаар өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Намын Удирдах зөвлөл хуралдаад, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ямар нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцохгүй гэж шийдвэр гаргасан.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хариуцлагын асуудлыг МАН-ын Их хурлаар ярина. Их хурал есдүгээр сард хуралдана. Ердөө л 20 орчим хоногийн дараа хурал болох гэж байхад наана нь улстөржиж, намыг хагалан бутаргаж, төр захиргааны ажлыг цалгардуулах, тогтворгүй байдал үүсгэх хэрэггүй байгаа юм. 27 төлөөлөгч гарын үсэг зурсан, Иргэдийн хурлын даргыг огцруулна гэж АН-ын бүлгээс мэдээлэл хийсэн.

Тэглээ гээд Иргэдийн хурлыг даргыг огцруулж болохгүй гэдгийг би хэлэх гэж дахин сануулаад байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол орон нутгийн байгууллагуудын мөрдөх ёстой Үндсэн хууль л гэсэн үг. Бид энэ хуулийг л барьж ажилладаг. Энэ хуулинд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг цуглуулаад огцруулна гэсэн заалт байхгүй. НИТХ-ын гишүүдийн 30 нь буюу гуравны хоёроос дээш төлөөлөгч гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг хуралдуулна гэсэн заалт бий.

Мөн нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос дээш гишүүн санал гаргавал хурал тарна гэсэн заалт байгаа. Төлөөлөгч нар гарын үсэг цуглуулаад, Иргэдийн хурлын даргыг огцруулах боломжгүй гэдгийг тэд бүгдээрээ мэднэ. Тэгсэн мөртлөө улс төрийн зорилготой үйлдлүүдийг хийж байгаа нь харамсалтай байна. Өнөөдөр бид улс төр хийх гэж энд ажиллаагүй. Нийслэлийн сая гаруй иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх л гэж ажиллаж байгаа.

Аль аль намын бүлэг нь тийм зорилготой ажиллаж байгаа гэж би боддог. Одоо улстөржилтөө зогсоож, өвлийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн нээлт гээд ажлууддаа анхаарлаа хандуулмаар байна. Дээрээс нь би бүлгийн даргын хувьд төлөөлөгчиддөө хандаж хэлье. Нэгэнт бид намын дүрэмтэй. Дүрэм бол намын гишүүддээ Үндсэн хууль мэт байх ёстой. Намын нэрээр өрсөлдсөн, сонгогдсон, албан тушаалд томилогдсон. Тийм болохоор намын дүрмийнхээ хүрээнд ажиллаач гэж хэлье. Бага хурал, Их хурал ирэх сард болно. Түүнээс өмнө улстөржөөд яах юм бэ л гэж хүсмээр байна” хэмээжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Тэгвэл М.Энхболд дарга Б.Баатар хоёрын утасны яриаг гаргаж тавь л даа

/УИХ-ын гишүүн/

Шадар сайд У.Хүрэлсүх болон “Херо” энтертайнментын захирал Б.Баатар нарын хоорондоо ярьсан утасны бичлэг алдагдаж, багагүй шуугиан тарьсан билээ. Тэр ярианд нэр нь хамгийн их дурьдагдсан хүн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэгвэл тэрбээр энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Би гар утсыг тагнаж, чагнадаг байгууллагын хүн биш. Хоёр хүн утсаар яриа л биз. Сонгуулийн дараа утсаар ярьсан л гэж байна билээ.

Би ямар утсаар ярьсан биш. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч унасан нь үүнээс боллоо гэж нэг утасны яриагаар дүгнэж болохгүй шүү дээ. Б.Баатар гэдэг хүн манай ах. Гэхдээ бид хоёр хожим танилцсан ах, дүү хоёр. Бид хоёрыг танилцаж байх үед Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ойрхон ажиллаж байсан.

У.Хүрэлсүх дарга “100 эрхэм”-д нь ороод, тэд найз л байсан шүү дээ. Тэгж ярих юм бол сонгуулийн үеэр “Бүрэн зураглал” энэ тэр гээд хамгийн их холбогдсон хүн нь М.Энхболд дарга өөрөө. Тэгвэл М.Энхбол дарга Б.Баатар хоёрын утасны яриаг гаргаж тавь л даа. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэг ч гишүүн намынхаа эсрэг ажиллаагүй. Үүнийг би хариуцлагтайгаар мэдэгдэе. Д.Амарбаясгалан даргын хэлдгээр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж ажилласан.

Ийм их хэмжээний хөрөнгө, цаг гаргасан сонгуулийг би өмнө нь үзээгүй. Би 10 гаруй жил идэвхтэй улс төрд ажиллаж байна. Ц.Нямдорж гуай, Т.Аюурсайхан, би гээд олон хүн тэргүүн эгнээнд гарч ажилласан. Сонгуулийн үеэр бүлх залгичихсан юм шиг байсан нөхдүүд сонгуулийн дараа бүлтрээд байх хэрэггүй. Тухайн үедээ гараад ажиллахгүй яасан юм. Сонгуульд ялагдсан үндсэн шалтгаан бол М.Энхболд дарга УИХ-ын даргаар ажилласан нь. Та бүхэн санаж байвал би анх дарга болоход нь л эсрэг санал өгч байсан. Тэр хүн ард түмний энэ их итгэлийг Ерөнхий сайдаар ажиллаж, хариулах ёстой байсан юм” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.