Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

Х.Баттулга:  ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагч Алексей Селищевийн тавьсан асуултад хариулж, ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртон нягтрах талаар томоохон алхмууд хийж, ялангуяа Азид идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж  буй. Үүнийг та хэрхэн үнэлж, энэ чиглэлээр цаашид  юу хийх ёстой гэж  бодож байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд дөнгөж сар гаруйхан хугацаа өнгөрч байна. Улс орныхоо гадаад бодлогын талаар надад бодож төлөвлөсөн олон санаа, төлөвлөсөн ажлууд бий. Монгол Улс газар нутгийн байршлын  хувьд Ази тивд байдаг учраас Азийн бүх улс оронтой дипломат харилцаатай явж ирсэн.  Гэхдээ бидэнд нэг онцлог  бий.  Энэ нь  манай улс хоёр том гүрэн, тодруулбал, Орос, Хятадын дунд оршдог. БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Япон, Энэтхэгтэй ч мөн адил  стратегийн түншлэлийн харилцаатай. БНСУ-тай ч иж бүрэн түншлэлийн харилцаагаа хөгжүүлж байна. Газар зүйн байрлалынхаа онцлогийг ашиглаж, гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно. Манай улсын бас  нэг онцлог бол Европын улсуудтай Оросоор хиллэдэг, Азийн орнуудтай бол Хятадаар хиллэдэг. Тиймээс нэн тэргүүнд хоёр хөршдөө айлчилж, эдийн засгийн харилцааг сайжруулах тал дээр бодит алхмуудыг хийнэ гэсэн бодолтой байгаа. Жишээ нь, гааль, худалдааны тариф дээр нэлээд өөрчлөлт хийнэ. Монгол Улс  газрын баялаг ихтэй орон учраас боломжийн хэрээр нэмүү өртөг шингээж, технологийн хувьд шинэчлэх, дэлхий сонирхдог хоёр том  зах зээл рүүгээ хандсан  экспорт хийхийг зорих болно. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 35 хоног өнгөрч байна. Тодорхой хугацааны дараа  тодорхой зорилтуудыг ярина.  Бодож, төлөвлөсөн зүйл их бий.

-Хүн бүр л улс орныхоо ирээдүйн төлөө сэтгэл зовж явдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд  улсынхаа ирэх  арван  жилийг хэрхэн  төсөөлж байна вэ?

-Аль ч улсын Төрийн тэргүүн улс орноо удаан хугацаанд хөгжүүлэх зорилгыг өөртөө  тавьдаг шүү дээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль их  онцлогтой болсон.  Монголын ард түмэн эдүгээ  нүүрлээд байгаа эмх замбараагүй байдал, ядуурал, ажилгүйдлийг арилгаж өгөөч гэсэн хүсэл эрмэлзлээр намайг сонгосон. Миний хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хоёр том яаманд ажиллаж байсан тул  ажлын багагүй  туршлага бий. Ойрын дөрвөн жилд эдийн засгийн том алхам, хөтөлбөрүүдийн эхлэлийг тавина. Түүнчлэн улс орны хөгжлийн гол үндэс болсон эдийн засгийн хүрээнд хийхээр төлөвлөсөн тодорхой зүйл байгаа. Бүрэн эрх өндөрлөх үед үр дүнг ярьж болно.

-Та  уламжлалт ёс заншлыг  өөрчлөлт шинэчлэлтэй  хэрхэн хослуулах вэ?

-Аль ч улс орон хөгжлийн бодлогоо ард түмнийхээ олон зууны уламжлал, зан заншилд тулгуурласан байдаг. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн, миний биеэр ч нүүдэлчний цус гүйж л байгаа. Тиймээс бид нүүдэлчдийн уламжлал дээр тулгуурласан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Монголчууд бие даан амьдарч, хөгжиж чаддаг. Энэ бол  монгол хүний  онцлог юм. Өнөөдөр олон зуун гадны  ажиллах хүч манай ажлын байрыг   эзэлж, тэд манай орны хөгжилд оролцож  байна. Үүнийг бид өөрчилнө. Өнөөгийнхөөс ялгаатай нь цаашид  байгалийн баялгийн үр шимийг ард түмэндээ  тэгш хүртээх болно. Сүүлийн 20 жилд байгалийн баялгийн лицензийг хэдхэн хүн ашиглаж,  ашгийг нь  тэд л хүртэж ирсэн.  Ийм байдлаар улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хувийн ашиг орлого нь өссөөр байна. Үр дүнд нь нэг талаас, Монголд ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, нөгөө талаас, улс төрийн бүлэглэлүүд хөрөнгөжиж нөөц баялаг нь өсөх нөхцөл бүрдсэн. Энэ бол миний  хамгийн гол сэдвийн нэг юм. Миний хувьд өөр нэг чухал чиглэл бол дэд бүтэц. Энэ салбарыг манай  ард түмэн өөрсдөө бүтээж хөгжүүлэх  ёстой. Энэ салбар Орос, Хятад гэсэн хоёр хөрштэйгээ дэд бүтцийн салбарт харилцах гол чиглэл байх ёстой. Далайд гарцгүй манай орны хувьд хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллах нь чухал юм.

-Орос, Монгол ойрын сайн хөршүүд. ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэх тухайд та хэр ач холбогдол өгч байгаа вэ?

-Манай хоёр орон олон зууны түүхтэй найрамдалт орнууд, хөршүүд явж ирсэн. Бид түүхийн баялаг замыг туулж, бие биеэ дэмжсээр ирсэн. Сүүлийн жишээ гэхэд л Халхын голын тулалдааныг бид мартах ёсгүй. Үүнийг  байнга дурсч байх ёстой гэж би боддог. Монгол Улс ОХУ-ын хил орчмын Холбооны субъектуудтэй харилцаж, хамтран ажиллах нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд  чухал үүрэгтэй. Бүс нутгийн харилцаа хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт гаргах ёстой. Энэ нь чөлөөт худалдааны бүс байгуулах, Байгаль нууртай холбоотой асуудал, Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төсөл зэрэгтэй холбоотой. Манай бүс нутгийн хооронд харилцан ойлголцох явдал дутмаг байгаа нь  санал зөрөлдөх явдалд ч хүргэж мэдэх юм. Бидний харилцаа, ялангуяа зэвсэг техникийн 95 хувь нь ОХУ-д үйлдвэрлэгддэг тул батлан хамгаалах салбар эрчимтэй хөгжинө гэдэгт найдаж байна.

-Таныхаар бол Орос-Монголын хамтын ажиллагаа аль салбарт хөгжвөл илүү  чухал гэж бодож байна?

-Өмнө хэлсэнчлэн хамтын ажиллагааны гол салбар бол нэгдүгээрт, батлан хамгаалах салбар. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс ОХУ-ын Батлан хамгаалахын сайдад илгээлт явуулсан. Монголчууд Сергей Шойгуг тува гаралтай гэж мэддэг, түүнд маш сайн ханддаг. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбар. ЗХУ-ын үед манай улс тус улсад үйлдвэрлэсэн ХАА-н техникийг маш өргөн хэрэглэдэг байлаа. Өнөөдөр ийм техник цөөрсөн учраас хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага бий. Манай хоёр орон байгаль цаг уурын төстэй нөхцөлд оршдог. Бид бас монгол малын махыг Эрхүү мужид экспортлох талаар  ярьж байгаа. Харамсалтай нь энэ асуудал ахиц муутай байна. Хамтын ажиллагааны бас нэг салбар бол дэд бүтэц, тээврийн салбарын хөгжил юм. УБТЗ бол Орос-Монголын хамтарсан хөтөлбөрүүдийг өөрчилсний дараа үлдэж хоцорсон ганц төсөл. Оросын талтай 50, 50 хувийн оролцоотой энэ төслийг өргөжүүлэхэд бид онцгой анхаарах болно. 2016 онд УИХ-ын сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын  эзэмшлийн 49 хувь нь зарагдсан. Энэ бол ноцтой асуудал. Ийм явдал УБТЗ дээр бүү гараасай гэж бид  бодож байна. Уул уурхайн хэд хэдэн лиценз эзэмшдэг “Монголросцветмет” компани гэж бий. Өнөөдөр асар их өртэй байгаа энэ компанийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд бид анхаарах хэрэгтэй байгаа юм.

-Монгол бол үзэсгэлэнт сайхан байгалиараа давтаг­дашгүй орон. Оросын жуулч­дын тоог  нэмэгдүүлэх та­лаар та юу  гэж зөвлөмөөр байна?

-Аялал жуулчлал гэдэг  чанартай үйлчилгээ, сайн удирдлага, зохицуулалт шаарддаг өвөрмөц салбар. Ирэх жил  шинэ нисэх буудал нээнэ. Энэ бол аялал жуулчлалын салбарт, ялангуяа оросын жуулчдыг татахад том түлхэц байх болно. Оросын жуулчид өнөөдөр Монголд цөөн ирж байгаа. Үндсэндээ Сибирийн бүсээс л цөөн жуулчин автобусаар ирж амарч байна. Москва болон ОХУ-ын Европын хэсгийнхэн бол Турк, Европын орнууд руу л явж байгаа шүү дээ.  Тэгээд  ОХУ-ын Буриадын аяллын товчоодтой Япон, БНСУ-ын жуулчдыг Буриад, Монгол Улс, Өвөрмонголд, өөрөөр хэлбэл “гурван монгол”-оор аялуулдаг аялал жуулчлалын тойрог бий болгох талаар санал солилцсон. Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орчихвол  Москва, Санкт-Петербургээс ч жуулчид авах боломжтой.  Түүнчлэн  жуулчдын үйлчилгээний нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллаж байна.

-Та Владивостокт болох Дорнын эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байгаа юм байна. Энэ форумын хүрээнд  ажил амжуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Энэ бол миний анхны гадаад айлчлал юм. Энэ форумын хүрээнд  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон  Зүүн хойд Азийн орнуудын Төрийн тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Хөтөлбөрийг Монгол Улсын Гадаад харилцааны яам боловсруулж байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.