Улаанбаатар 3oC

Ж.Эрдэнэбатын ангид хэн хэн багтах вэ?

Ж.Эрдэнэбатын ангид хэн хэн багтах вэ?

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж буй билээ. Тэгвэл наадмын өмнөхөн томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ангийнхаа нөхдийг бүрдүүлэх ажилд ханцуй шамлан орсон сурагтай.

Тус намынхан мөрийн хөтөлбөрт тусгасан “мэргэжлийн Засгийн газар”-ыг байгуулахын зэрэгцээ цомхон, чадварлаг Засгийн газартай болгохоо амласан. Тиймээс Засгийн газар 11 яам, 13 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна.

Одоогоор Ж.Эрдэнэбатын ангид Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, БОНХАЖЯ  гэсэн үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн байх нь тодорхой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч үндсэн чиг үүргийн яамны сайд УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэх зүйлийг ярьж байсан.

Үүн дээр нэмэгдээд ЗГХЭГ-ын даргыг мөн УИХ-ын гишүүн байж болно хэмээсэн. Харин бусад сайд нь УИХ-ын гишүүн гэсэн давхар албан тушаалгүй, өөрөөр хэлбэл, дан дээлтэй байх ёстой.

Тэгвэл Үндсэн чиг үүргийн яам болох Гадаад хэргийн сайдад Н.Энхболд, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, БОНХАЖ-ийн сайдад Д.Оюунхорол, Хууль зүйн сайдад Ц.Мөнх-Оргил нар томилогдоно гэсэн “бор шувуу” нисээд эхэллээ. Харин ЗГХЭГ-ын даргаар өмнөх парламентад МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилох сураг байна.  

Түүнчлэн Зам тээврийн сайдад “Өндөр буянт” компанийн захирал Н.Төмөрхүү, ХАХНХ-ын сайдад УИХ-ын экс гишүүн Т.Ганди нарын нэр дуулдаж байна. Харин БХБ-ын сайдад УИХ-ын экс гишүүн Ц.Дашдорж, Ж.Батсуурь нарын нэр яригдаж байгаа бол ХХАА-н сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын экс гишүүн Т.Бадамжунай нар өрсөлдөх сурагтай.

Уул уурхайн сайдад УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү томилогдох магадлал өндөр байгаа гэсэн шум гарч байна. Ямартай ч Ж.Эрдэнэбат өнөөдөр намынхаа Удирдах зөвлөлөөр ангийнхаа нөхдийн нэрийг хэлэлцүүлчихвэл намын бүлэг нь хуралдах учиртай.

Түүгээр ч барахгүй “бялуу хүртэгсэд”-ийн цуваа нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй үргэлжилж, хэрвээ ямар нэг албан тушаал өгөхгүй бол нам дотроо сөрөг хүчин бий болгох тухай ч яриа дуулдаж байна.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.