МАН-ын гишүүд энэ сарын 25-нд онц их хурал хийхийг шаардлаа

МАН-ын гишүүд энэ сарын 25-нд онц их хурал хийхийг шаардлаа

МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус хөдөлгөөний зохицуулагч Т.Баасанцогт “МАН-ын  "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөн үүсгэн байгуулагдах болсон гол шалтгаан нь МАН УИХ болон орон нутгийн сонгуульд үнэмэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. Гэтэл жилийн хугацаанд энэ бүхэн яаж буурав.  МАН-ын 65 суудал авсан явдал бол иргэд МАН-ыг мэргэжлийн засгийн газар байгуулаасай гэж итгэсэн, бүрэн эрх өгсөн ийм л явдал. МАН-аас байгуулагдсан засгийн газар мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан, цөөнхийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа нь хүмүүст эргэлзээ төрүүлж байна. 

Саяны ерөнхийлөгчийн сонгуулиар иргэд МАН-д үнэлгээ өглөө. Тийм ч учраас бид МАН-ын дотоод асуудлыг шударгаар шийдвэрлэхийн тулд энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж байна. МАН-ын үндсэн дүрмийн дагуу бага хурал хуралдаж ИХ хурлыг зарладаг.  М.Энхболд бага хурлыг есөн сард хуралдуулах тухай мэдээлсэн байдаг. Энэ нь албан ёсны мэдээлэл биш. МАН дотооддоо эв нэгдэлтэй, намынхаа дүрмийг чандлан сахисан намын хувьд нийт гишүүдийнхээ санал бодлыг сонсох хэрэгтэй. МАН дотоод хямралаа даван туулах нь зөвхөн намын гишүүдэд төдийгүй нийт ард түмний эрх ашигт нийцнэ" гэлээ.

Харин МАН-ын Ээлжит бус онц их хурлын төлөө хөдөлгөөний дэд зохицуулагч н.Баяндэлгэр тус намын үндсэн дүрэмд удирдлага их хурлыг хуралдуулах ёстой гэж заасан байдаг ч, 2013 оны арваннэгдүгээр сараас хойш нэг ч удаа худалдаагүй гэдгийг онцолсон юм. Тэрбээр “Хэрвээ бид шаардахгүй бол хугацаа алдаад байна. Хурлаа хурдан хийгээрэй. Холбогдох шат шатны намын удирдлагууддаа хэлээрэй. МАН-ын алдаатай бодлого даамжирч байна. М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар алдаагаа хүлээж, уучлал гуйх ёстой" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-2017 оны ерөнхийлөгийн сонгуулийн хариуцлагыг намын даргаас гадна, засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбаттай яагаад хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм бэ?

-Ард түмэн тэнэг биш. Монгол Улсын ерөнхий сайд ядаж 5, 10 жилийн цаадахыг хардаг хүн байх ёстой. Ж.Эрдэнэбат гэдэг хүнтэй асуудал яриагүй. Түүний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг байгаа. Энэ хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж бодож байна. Бид ард түмнийхээ дуу хоолой болж явна.

- Та бүхэн Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой юу?

-Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбож ярихаас ч өөр аргагүй юм. У.Хүрэлсүхийн шинэчлэлээр олон мянган залуусаар МАН-эгнээгээ тэлж байсан. Залуучуудын байгууллагын залуус дуу хоолойгоо илэрхийлж байхыг хараад У.Хүрэлсүхтэй холбож ярих нь аргагүй юм. Гэхдээ өнөөдөр МАН-ын гишүүд дэмжигчид сэтгэлийн дуудлагаар санал бодлоо илэрхийлж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.