Хэнийг нь золиослох гээд байна вэ?

Хэнийг нь золиослох гээд байна вэ?

Ж.ЭРДЭНЭБАТ: МИНИЙ ЭРХЭЛЖ БУЙ АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛЫГ ҮЛ ХАРГАЛЗАН БОДИТ ҮНЭНИЙГ ТОГТООЖ ӨГНӨ ҮҮ

/Монгол Улсын Ерөнхий сайд/

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагдаагийн байгууллагад өөрийгөө болон иргэн н.Энхмэнд, н.Золбаяр нарыг шалгуулахаар энэ сарын 03-нд гомдол гаргасан тухай мэдээлэл цацагдав. Тодруулбал, өчигдрөөс эхлэн сошиал орчинд н.Энхмэнд, н.Золбаяр нарын хүмүүс “Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар У.Хүрэлсүхийг өдөж, зодоон үүсгэхийн тулд хэд хоног дагасан” гэсэн мэдэгдэл бүхий бичлэг цацагдсан. Энэхүү мэдээллийг Ерөнхий сайд Ж.Эрдэнбат нэр төрд нь халдах гэсэн бусдын зохион байгуулалттай үйлдэл хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан байна.

Тэрбээр ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрд хандан гаргасан гомдолдоо “Сошиал буюу интернэт орчныг ашиглан бусдыг гүтгэн доромжлох, нэр хүндийг нь унагаан харлуулах, зохисгүй үзэгдэл хэрээс хэтэрч байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах шаардлага бий болжээ. Иргэдийн интернэтийн хэрэглээ өргөжихийн хэрээр энэ мэт саар үзэгдэл газар авч, улмаар хэсэг бүлэг хүмүүс зөвхөн дээрх зорилгоор нэгдсэн зохион байгуулалтад орсон нь нууц биш болжээ.

Өчигдөр буюу 2017 наймдугаар сарын 02-ны өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сайтуудыг ашиглан ашиглан миний биеийг зохион байгуулалттайгаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад захиалга өгч гүйцэтгүүлсэн мэт дуу, дүрс бүхий бичлэгийг тараасан байна. Уг бичлэг, дуу оруулалт, монтаж, найруулга, зохиол бүхий байгаа нь тодорхой хөрөнгө шаардсан нарийн зохион байгуулалт бүхий ажил болох нь харагдаж байна.

Миний ажил хэргийн болоод хувь хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжлох зорилготой энэхүү үйл ажиллагаа нь тухайн бичлэгийн зохиомол байдлаар хязгаарлагдсан, эсхүл үнэхээр дүрс бичлэгт нэр дурьдагдсан нэр бүхий хүмүүс болох н.Золбаяр, н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор хийгдсэн бодитой, зохион байгуулалттай ажиллагаа юу гэдэг асуудал, түүний үнэн мөнийг олж тогтоох нь чухал байна.

Дүрс бичлэгт байх гэрч нарын мэдүүлэгт нэр дурьдагдсан н.Энхмэнд, н.Зол-Эрдэнэ нарын хүмүүс өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан, гүйцэтгэх ажлын туршлага, мэдлэг бүхий хүмүүс байгааг шалгалтын ажиллагаандаа онцгой анхаарч үзэх шаардлагатай байна.

Иймд дараах асуудлуудыг шалгуулах хүсэлтэй байна. Үүнд:

  1. Уг бичлэгийг зохион байгуулалттай, урьдаас төлөвлөж, найруулж, монтаж, дуу оруулалт, тайлбар бүхий зохиомжилсон нь нэгэнт тодорхой байна. Иймд дүрс бичлэгийг хэний захиалгаар, хэн, хэзээ хийсэх болох;

  2. Дүрс бичлэгт дурьдагдсан үйл явдал үнэхээр болсон эсэх, үнэхээр дээрх зохион байгуулалт бүхий ажиллагаа явагдсан бол үүнийг хэний захиалга, хүсэлтээр гүйцэтгэсэн болох, ямар учраас миний биеийг хамаатуулсан болох зэргийг богино хугацаанд нэг мөр шалгаж, тогтоолгох хүсэлтэй байна.

Дээрх үйлдлийг  бүхэлд нь дүгнэн үзвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 20.3 дахь хэсэгт заасан “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэмт хэргийн шинжтэй байгааг анхаарна уу.

Миний бие өөрийн гаргасан гомдолд дурьдсан асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд биечлэн тайлбар, мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргах зэргээр иргэнийхээ хувьд эрхээ эдэлж, үүрэг хүлээж оролцох бөгөөд та бүхэн шалгалтын ажиллагааг миний эрхэлж буй албан тушаалын байдлыг үл харгалзан шударгаар явуулж, бодит үнэнийг тогтоож өгнө гэдэгт найдаж байна” хэмээжээ.

А.ҮЙЛСТӨГӨЛДӨР: ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХТЭЙ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙГАА

/Шадар сайдын зөвлөх/

Дээрх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан "Өчигдрөөс эхлэн мэдээллийн сүлжээгээр У.Хүрэлсүхийг мөрдсөн талаар асуудал гарч ирлээ. Харамсалтай нь ийм явдал болсон нь үнэн. Бид 2017 оны долдугаар сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандсан.

Шадар сайдын хувьд энэ асуудалд нухацтай хандах үүрэг өгсөн. Энэ асуудал одоо шалгагдаж байна" гэсэн юм. Харин уг ажлын хэсгийн ахлагч А.Үйлстөгөлдөр "Сарын өмнө бидэнд Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар мөрдөж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг Шадар сайдад танилцуулахад “Хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй” гэж үзсэн.

Ийм учраас долдугаар сарын 03-нд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт хандан албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэндэд халдах зохион байгуулалттай үйл ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж болзошгүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан шалгаж, яаралтай арга хэмжээ авна уу” гэж бичсэн байгаа.

Одоогоор дээрх газруудаас ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Дөрөв хоногийн өмнө  /2017.08.01/ мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт хандсан. Яагаад гэвэл энэ хэрэг явдалтай холбоотой гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн.  Албан бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар чагнах, тагнах ажиллагаа явуулж байгаа талаар Шадар сайдын албанд мэдээлэл ирүүлсний дагуу холбогдох байгууллагаар шалгаж, тогтоолгох тухай албан бичиг явуулсан.

Энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн, төрийн өндөр дээд албан тушаалтны амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн. Цаашлаад төрийн сайдыг тагнах, чагнах байдлаар хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэсэн ноцтой үйлдэл тул Аюулгүй байдлын байнгын хороонд хандаж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд мөн хандсан байгаа. Та бүхэнд хариуцлагатай хэлэхэд энэ явдлын талаар баримт бичиг болон CD хувилбараар ирсэн нь үнэн.

Энэхүү явдалд бид маш их сэтгэл зовниж байна. Энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдэд санаа зовниж байна. Хуулийн байгууллагаар аюулгүй байдлыг хангах, гэрчүүдийг хяналтдаа авах нь зүйтэй гэж Шадар сайдын ажлын алба мэдэгдэж байгаа. Энэ хэрэг явдлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх боломжгүй байгаа гэдгийг хэлье” гэсэн юм.  

Сэтгүүлчийн дүгнэлт

ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ШОУДАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшин, ялагдсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өөрийн фэйсбүүк хуудастаа “2017 оны долдугаар сарын 08-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар би дараах асуудлыг оруулж хэлэлцүүлсэн.

Үүнд, ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах, 2017 оны есдүгээр сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах, МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно” гэж мэдээлсэн билээ.

Энэ дундаас “намын шинэ удирдлагыг сонгох” гэсэн асуудал нэлээд эрчээ авч, намын шинэ даргад өрсөлдөгчид хэдийнэ тодорчихоод байгаа сурагтай. Үүнтэй зэрэгцэн сошиал орчинд “Social News Mongolia” хэмээх хаягнаас “Анхаар!!! Маш ноцтой бичлэг... Төрийн сайд хүнийг ингэж байхад энгийн иргэн бол цаашаа юм байна...” гэсэн гарчиг бүхий видео бичлэг цацагдаж, олны анхаарлыг татсан.

Учир нь уг бичлэгт гарч буй гэрч Чойжилсүрэнгийн Батболд гэгч нь “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж, ямар нэг аргаар өдөж хоргоож байгаад цагдаагийн байгууллагад өргөдөл өгөх” даалгаврыг биелүүлэх ёстой байсан ч энэ ажил гэнэт таалагдахаа больсон тул нэрээ татаж, бас энэхүү бусармаг үйл ажиллагааг илчлэхээр шийдсэн гэж байгаа.

Тэгвэл энэ бичлэг цацагдсаны дараахан буюу энэ сарын 03-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нэр төр, алдар хүндээ сэргээлгэхээс гадна энэ жүжгийг хэн тавиад байгааг олж илрүүлэхийг хүсэв. Үнэхээр ийм хэрэг үйлдсэн бол илрүүлээд өгөөч ээ гээд зогсож байхгүй нь лавтай. Тиймээс түүнийг буруутгах үндэслэл энд алга. Энэ бол эрх мэдлийн төлөөх “жүжиг” гэдгийг эсрэг тал нь хэлээд өгчихлөө шүү дээ, бараг.

Тодруулбал, Ерөнхий сайдыг хууль хяналтын байгууллагад хандаж, гомдлоо гаргаж байх зуур, тус бичлэгт нэр дурьдагдаад буй гол баатар болох У.Хүрэлсүх ажлын албаныхаа залуусыг өмнөөсөө гүйлгэж, хэвлэлийн хурал зарлуулж, амь насанд нь аюул занал учирсан мэтээр яриулаад амжив. Үнэн хэрэгтээ төрийн тусгай хамгаалалтад байх ёстой Ерөнхий сайд маань иргэний хувиар гомдлоо хууль хяналтын байгууллагад нь гаргаж өгчихөөд байхад Шадар сайдын ажлын алба нь түүний өмнө бөхөлзөөд, бичиг шидэлцээд байгаа нь утгагүй санагдана.

Шадар сайд бол төрийн тусгай хамгаалалтад байдаггүй албан тушаалтан. Ямар хувийн компанийн захирал биш дээ. Өөртэй нь холбоотой асуудал гарсан юм бол хувь хүнийхээ үүднээс холбогдох байгууллагад өөрөө гомдлоо гаргаж болно оо доо, энэ чинь одоо.

Гэтэл төрийн албан хаагчид дарга нарынхаа өмнүүр орж, гүйлдээд байгаа нь энэ үйл явдлыг “жүжиг” гэж харахад хүргээд байгаа юм. Бас болоогүй ээ, дээрх бичлэгний II анги “Цензургүй үгс” гэх пэйж хуудсаар энэ сарын 05-нд “Шадар сайдад халдах “G” ажиллагааны тухай хөдлөшгүй баримтууд” гэсэн гарчигтай цацагдаж, зарим телевизүүдээр төлбөртэй гарав.

Тэгэхээр энэ бичлэгийг У.Хүрэлсүхийн талаас хийж, өрөвдүүлэх тактик хэрэглэхээр шийдэв үү хэмээн хардахад хүргээд байгаа юм. Учир нь өнөөдөр МАН дотор намын даргын суудлын төлөөх фракци хоорондын зөрчилдөөн дээд цэгтээ хүрч, халаа сэлгээ, хариуцлагын дайн өрнөж байгаа нь хэн бүхэнд тодорхой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын шинэ даргад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр яригдаж байгаа гэх.

Тиймээс ч У.Хүрэлсүх энэ суудал, эрх мэдлийн төлөөх их дайнаа эхлүүлээд байгаа нь энэ бололтой гэлцэх хүмүүс ч цөөнгүй болжээ. Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын улмаас сулрах албан тушаалын төлөө МАН-ын дотоод тэмцэл нэлээд хурцдах төлөвтэй. Ер нь ч тэгээд “Айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн алдаг”-ийн үлгэрээр энэ жүжгийн найруулагч нь тун удахгүй тодрох байлгүй дээ, хөөрхий.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.