Өршөөлийн 49 хоног...

Өршөөлийн 49 хоног...

Одоогоос нэг жилийн өмнө Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын “Mossack Fonseca” хуулийн фирмийн хууль бус ажиллагааны талаархи дуулиант баримтыг олон нийтэд дэлгэж, Германы “Suddeutsche Zeitung” сонинд нийтэлсэн нь эдүгээ ч гэсэн дэлхий нийтийн гол сэдэв болсоор байна. Дэлхийн 200 гаруй орны улстөрч, урлаг соёл, спортын алдартнууд хориг болон татвараас бултах, мөнгө угаах зорилгоор өөрсдийн эд хөрөнгийг оффшор бүсэд нуун дарагдуулж ирсэн байдаг.

Харин эрхэм баячуудын мөнгө, хөрөнгөө  хуулиас гадуур аятайхан нөхцөлд өсгөж, үржүүлдэг фирмийг улс орон нь ядруухан эдийн засагтай, ард иргэд нь ядуу, ажилгүй Монголын  улстөрчид, толгой баячууд ч тойрч гарсангүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, "Петровис"-н Ж.Оюунгэрэл, И.Дамдин нарыг оффшор бүс дэх компанид данс эзэмшдэг хэмээн зарласан.

Уг баримтыг дэлгэсний дараа зарим улс орны улс төрчид огцорч, зохих арга хэмжээг авсан байдаг. Гэвч манай улсад “Би, Чи” дээрээ тулан явган хэрүүл болсоор өдийг хүрч буй. Ер нь манай улстөрчдийн дунд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдвол өөрсдөөсөө түлхэн мянгуужингийн үлгэр болгож дуусгадаг хэв маяг энгийн үзэгдэл мэт болсон.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргалаа. Уриалгад “Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна.

Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна.

Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” гэжээ.

Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай 49 эрхэмд өршөөлийн 49 хоногийн хугацаа олгож, сануулга өгчээ. Манай улс шиг хүнм ам цөөтэй, эдийн засаг дорой улс оронд оффшор данстай улс төрч байна гэдэг зохимжгүй хэрэг. Басхүү тэд энэ их хөрөнгийг хаанаас олж, оффшор бүсэд байршуулсан бэ гэдэг мянган асуултын тэмдэг. Тиймээс дээрх хүмүүст аль эртнээс арга хэмжээ авах ёстой байсан болов уу.

49 хоног гэдэг хангалттай хугацаа. Энэ хугацаанд эрхэм гишүүд гүрийгээд суугаад байлгүй өөрсдөө сайн дураараа хэргээ хүлээн хөрөнгө, мөнгөө улсын сан хөмрөгт тушаавал дээрсэн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.