М.Энхболд: Монголын ард түмнийхээ саналыг хүндэтгэнэ

М.Энхболд: Монголын ард түмнийхээ саналыг хүндэтгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд дахин санал хураалтын үр дүн нэгэнт тодорхой болсонтой холбогдуулан мэдэгдэл хийж, ялагдлаа хүлээн зөвшөөрлөө.

Тэрбээр "МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн миний бие Монголын ард түмнийхээ  санал хураалтын дүнг хүндэтгэн хүлээн авч байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд намайг дэмжиж оролцсон Монголын ард түмэн, миний сонгуулийн шат шатны штабад ажилласан намын гишүүд дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн сацуу цаашдын ажилд тань амжилт хүсч байна.

МАН хэдийгээр энэ сонгуульд амжилт гаргаж чадаагүй ч, Засгийн газрынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, улс орны эдийн засгийн хямралт байдлыг гэтэлгэн давж, ард түмнийхээ аж амьдрал сайн сайхны төлөө амласан, хийж эхлүүлсэн бүхий л ажлуудаа бүрэн дүүрэн ажил болгохын төлөө бүхий бололцоогоо дайчлан ажиллана гэдгээ энэ дашрамд тэмдэглэе.

Намын даргын хувьд СЕХ сонгуулийн тайланг УИХ-д өргөн барьмагц ээлжит бус чуулганыг зарлаж, МУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулъя гэсэн бодолтой байгаа. Энэ үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмын өмнө шуурхай зохион байгуулах нь зүйтэй гэж бодож байна.

Ирэх долоо хоногийн даваа гарагт шинэ Ерөнхийлөгчийг тангаргыг нь өргүүлэх ёслолын үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгч болоод бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Ерөнхийлөгч нарын тамга хүлээлцэх ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой энэ талаар хэлэлцсэн байгаа. Сонгуулийн үйл ажиллагаа тамга хүлээлцэх үйл ажиллагаагаар үндсэндээ өндөрлөнө. Монголчууд маань сайхан наадаж, Үндэсний баяр наадамд бөхчүүд нь хүчтэй, хурдан морьд нь шандастай, унасан хүүхэд нь цог золбоотой харваачдын сум онч мэргэн байхын ерөөлийг дэвшүүлье" гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.