Америкийн шинжээчид 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэжээ

Америкийн шинжээчид 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч О.Алтангэрэл нар өнөөдөр мэдээлэл хийлээ.  МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбум болон төрийн албыг наймаалцах тухай ярьсан 90 минутын бичлэгийг  эвлүүлэг эсэхийг нь тогтоолгохоор гадаадын хэдэн байгууллага руу хүсэлт явуулсан байна. Эхний ээлжинд АНУ-ын Нью-Йорк хотоос эхний хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт ирсэн байна.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр “АНУ-ын “Legal Audio Video” компаниас долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Энэ бичлэгт ямар, ямар хүн орсон талаар хэлээгүй. Зөвхөн эвлүүлэг байна уу, үгүй юу гэсэн ганцхан асуулт асуусан. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэлээ.

Тэрбээр “Надад 2017 оны зургадугаар сарын 28-ны өдөр мэйлээр ирсэн “2014.09.08 90 minut” хэмээх файлыг үзэж нягталлаа. Түүнийг задлан шинжилж дууссаны дараа энэхүү бичлэг дахь яриа нь эвлүүлэг болон хасалт ороогүй гэж дүгнэж байна. Энэхүү бичлэгт гарч буй яриа нь жижиг юм уу дунд зэргийн хэмжээтэй өрөөнд гурван хүний дунд болж байна. Бичлэгийн 0.45 секундын орчим хөдөлгөөний чимээ, гарын үсгийн чимээ гарч байгаагаар тус бичлэгийн төхөөрөмжийн байрыг сольж тавьсан нь мэдэгдэж байна. Үлдсэн бүх хугацааны турш бичлэгийн төхөөрөмж хөдлөөгүй, тогтвортой байрлалд байна” гэсэн дүгнэлтийг уншиж таницуулсан юм.

Шинжилгээг хийсэн гэх “Legal Audio Video” компанийн ерөнхийлөгч Frank Piazza гэх хүнтэй УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ямар ч холбоогүй, өмнө нь огт очиж байгаагүй гэв.

Харин хуульч О.Алтангэрэл “90 минутын бичлэг анх гарч ирснээс хойш олон асуудал дагуулсан. Энэ хугацаанд Монгол Улсын шүүх шинжилгээний байгууллага хэд хэдэн дүгнэлт гаргасан. Эвлүүлэг биш байна гэсэн нэг дүгнэлт гаргасан. Сүүлд эвлүүлэг байна гэсэн дүгнэлт болж хувирсан. Нотлох  баримт, шинжээчийн дүгнэлт хөдлөшгүй байх ёстой. Энэ дүгнэлтүүд яагад зөрж байна вэ, дэлхийн тэргүүлэгч зэргийн шинжилгээний байгууллагад өгөхөд ямар ч эвлүүлэггүй байна гэсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд “Тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг хөндлөнгийн шинжээчээр оруулж болно” гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний төв гэдэг байгууллага дүгнэлт гаргана гэсэн үг биш” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.