“Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” хэлэлцүүлэг эхэллээ

“Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” хэлэлцүүлэг эхэллээ

"Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2017.06.17)болж байна. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл оролцлоо. Мөн онлайнаар орон нутаг дахь шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хэлэлцүүлэгт оролцсон юм.

Н.Лүндэндорж: Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн хувь заяа шүүгчдээс шууд хамаарна

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Шүүхийн шинэтгэл иж бүрэн асуудал. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүх эрх мэдэл гэдэг "айл”-ынхаа дотор байгаа, өөрсдөөсөө хамаарах гайгүй сайн шинэтгэлийг хэрэгжүүллээ. Үүнийг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монголын шүүхийн үйл ажиллагаанд анх удаа дүгнэлт өгч, дэлхийд зарласнаар баталсан гэж болно. Энэ бол бид бүгдийн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хамтын ажиллагааны үр дүн.

Дотоод шинэтгэлийн хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал гэсэн хоёр том баганы хүрээнд тойрсон асуудлаа нэлээд шийдлээ. Цаашид шийдэх асуудал ч үлдсэн. Олон нийтийн зүгээс ч шүүмжлэл, хардлага ч байсаар байгаа. Асуудлыг шүүгч бүр дор бүрнээ бодож байвал үүнийг өнөөдөр биш гэхэд маргааш шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. 

Шүүхийн шинэтгэлийг иж бүрэн цогц гэж үздэг учраас шийдэгдээгүй асуудлууд байгаагийн нэг нь хуулийн сургуулиудын шинэтгэл. Дэлхийн улс орнууд шүүхийн шинэтгэлээ хуулийн сургуулиудын шинэтгэлтэй хамт хийдэг. Харин Монгол Улсад үүнийг орхисон. Бид санаа, сэдлийг нь хэлж сануулах ёстой. Харин шийдэх эрх нь харъяа яамнуудад нь бий. 

Шүүгчийн хэрэглэдэг хуулиудын шинэтгэл бүрэн хийгдээгүй байсан. Энэ нь шүүхийн шинэтгэлд маш том орон зай үлдээж байлаа. Төрийн хууль цаазын бодлогын үндэс суурь нь эрүүгийн хууль тогтоомж, эрүүгийн шүүх дээр тогтдог гэж үздэг. Энэ нь шинэтгэл хийсэн гэж ярьдаг ч төгс биш байсан. Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэлээр том шинэтгэлийг эхлүүлж чадлаа.

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх гэж байгаа Эрүүгийн хууль, тогтоомжоор шүүх засаглалын, шүүгчдийн хэрэглэдэг хуулийн том шинэтгэл эхэлж байна. Энэ том шинэтгэлийн хувь заяа эрүүгийн хэргийн шүүгчдээс шууд хамаарна. Хуулийг зөв хэрэглэж, хэвшүүлэх нь шүүгчдийн өмнө тулгарч байгаа хамгийн чухал асуудал. Шүүгчийн өмнө маш том хариуцлага тулгарч байна. 

Эрүүгийн хууль, тогтоомжийн шинэтгэлийг том дэвшил болсон гэж харж байгаа. Шинэ зүйл бүхэн эсэргүүцэлтэй тулгардаг, зовлон туулдаг. Энэ том дэвшлийг хамгаалж үлдэх үү, эсэргүүцэгчдийн гарт алдаж ухраах уу гэдэг нь шүүгчдийн хууль хэрэглээнээс хамаарна. Тиймээс дэвшлийг алдахгүйн төлөө өөрсдийгөө дайчлаарай гэж хүсье” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.