Боловсролын сайдыг огцруулчихлаа, дараагийнх нь хэн бэ

Боловсролын сайдыг огцруулчихлаа, дараагийнх нь хэн бэ

УИХ-ын лхагва гарагийн чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэхийг хэлэлцэж, 64.3 хувийн саналаар дэмжсэн юм. Шалтгаан нь “Математикийн шалгалтын тест задарсан” гэх хэрэг.

Тухайн үед УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд “Хариуцлага тооцоход санал нэг байгаа ч, эзнээ олсон уу гэж асуумаар байна. Дэд сайдыг нь Элчин сайдаар томилчихоод, сайдыг нь огцруулж буй нь шударга зарчим мөн үү” хэмээж байв. Гэхдээ энэ үйл явдал хариуцлага алдсан сайд дарга нарт цааш цаашдаа арга хэмжээ авч, хариуцлагын тогтолцоог сайжруулах юм байна гэсэн хүлээлтийг бий болгосон. УИХ-ын дарга М.Энхболд ч хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагчдад хатуу хандахаа мэдэгдсэн удаатай. Тэгвэл, БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулчихлаа, харин одоо тэдэнд хариуцлага хүлээлгэх болов уу.

“Царцаа ногоон” осолдлоо, зам тээврийн сайд хариуцлага хүлээх үү

Бидний нэрлэдгээр“Царцаа ногоон” буюу шинэчлэн сайжруулсан АН-2 онгоцтой болсноо Зам тээврийн яамныхан хэдхэн хоногийн өмнө сүржин мэдэгдэж байв. Орон нутагт нислэг үйлдэх чадвартай энэхүү онгоцыг Ерөнхийлөгчийн сонгууль угтаж оруулж ирлээ гэх яриа тухайн үед дэгдэж байсан.  Өөрөөр хэлбэл, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үйлчлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ гэх хардлага байсан юм. Тэгвэл ОХУ-аас оруулж ирсэн хоёр онгоцны нэг нь Буянт-Ухаагаас хөөрөх гэж байгаад осолджээ. Нислэгийн бүрэлдэхүүнд нисэх баг болон албаны хүмүүс, сэтгүүлчид байсан гэх мэдээлэл байна. Нислэгийн зурваст онгоц осолдсон нь ЗТЯ-ныхны ажлын хариуцлага сул байгааг илтгэж байгаа хэрэг юм. Мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулсан нь энэ салбарыг эмзэг болгосон талаар мэргэжилтнүүд ам уралдан шуугидаг нь ийнхүү нотлогдож байгаа бололтой. Дэд сайд нь твиттер хуудсаар УИХ-ын гишүүний нэр төрд халдаж, баасан шээснээр нь доромжилж суух зуур салбарт нь ийм асуудал үүсч байх жишээний. Салбарын сайд нь хэн гэж хүн байдгийг ч монголчууд мэдэхгүй гэхэд хэтийдэхгүй.  Тэгвэл хариуцлага алдсан бэлэгний дэд сайд, хэний ч мэдэхгүй сайд хоёрыг энэ удаа  огцруулах уу.

Хоёр цэрэг амь үрэгдэж, найм нь шархадсан салбарын сайд яах вэ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд хээрийн сургуулилт хийж байсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр албан хаагч гар бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдаж, найман албан хаагч шархадсан билээ. Энэ сарын 11-нд гарсан хэрэг явдлын дараахан УИХ-ын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийлсэн. Уг хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага хүлээлгэж, огцруулах саналаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн удаатай.

Тэгвэл одоо тус салбарын сайд яах бол.

Эрүүл мэндийн сайд дараагийн удаа огцрох уу

Салбарын сайд бол тухайн салбарын ажил, үйл ажиллагааны хэрэгжилтийг Ерөнхий сайд болон улсын хэмжээнд дангаараа бүрэн хариуцах үүрэгтэй. Салбарын яамаа удирдаж чаддаггүй сайд нар ч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх, түүнтэй хариуцлага тооцох асуудал Ерөнхий сайдын бүрэн эрх. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ж.Батсуурийг огцруулах асуудалтай хамт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг огцруулах асуудал орж ирсэн гэнэ. Гэхдээ түүнийг огцруулах асуудал УИХ-д очсонгүй, тэр мултарч үлдлээ. Ер нь тэрбээр сайдын суудалд томилогдсоноосоо хойш л хэл аманд өртөж, огцруулна гэх яриа чих дэлссээр ирсэн юм.

Хүүдээ тусалсан гэх УИХ-ын дэд даргад хариуцлага тооцох уу

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байх үед буюу 2003-2006 онд түүний хүү Н.Анхбаяр “Эрдэнэт”-д 2.5 тэрбум төгрөгний шахаа хийсэн гэх мэдээлэл зарим хэвлэлд гарч байсан. Тэгвэл энэ асуудлыг эрхэм гишүүн өөрөө ч хүлээн зөвшөөрч, тайлбар хийгээд амжсан юм. Тэрбээр “Миний хүүхэд гэрээ хийе гээд Эрдэнэт үйлдвэр руу хоёр удаа явахад би таньдаг хүндээ хэлсэн юм. Та нар боломж байдаг бол дэмжээрэй. Өөртөө ч, хүнд ч гай болохгүй зүйл байдаг бол гээд гуйсан юм. Хэн ч гэсэн хүүхдээ хууль ном зөрчихөөргүй бол дэмждэг хүний л ёс шүү дээ” хэмээж байлаа. Бүхэл бүтэн нэг улсын Хууль зүйн сайд эрхэм эрх мэдлээ урвуулан,  бизнесийн хууль бус арга барил ашиглаж, ашиг сонирхлын зөрчил гаргасан, тэр ч байтугай өөрөө хүлээн зөвшөөрсөн атал түүнд ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байгаа юм. Хэвлэлд дурьдсанаар, 2004-2006 онуудад нийтдээ 760.400 ам.долларын гурван гэрээг Н.Анхбаярын "Анлимитед" ХХК хийсэн байдаг аж.  2004 онд УИХ-ын гишүүн, Их хурлын дэд дарга Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Анхбаяр 24 настай байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.