Попуудын хийрхэл улсын эдийн засгийг түймэрдэх нь

Попуудын хийрхэл улсын эдийн засгийг түймэрдэх нь
Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гаргасан дүгнэлт яг одоо нийгмийн хүрээний хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна. Тодруулбал, МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, М.Оюунчимэг нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгснөө өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар танилцуулсан юм. Гэвч энэхүү байнгын хорооны гаргасан дүгнэлттэй өөрийн болон өрөөлийн намын аль ч туршлагатай улстөрчид, цаашлаад эдийн засагчид итгэхгүй байгаа нь энэхүү дүгнэлтийг хэнд зориулж хийсэн, ямар зорилгоор тараасан нь тодорхой болоод байгаа юм. Тэгээд ч эдгээр гишүүд дангаараа нэг намынх. Уул нь ажлын хэсгийг ямар ч тохиолдолд парламентад суудалтай бүх улс төрийн хүчнээс оруулж томилдог хуультай. 
 
Хуулийн төсөл өргөн барихад ч энэ зарчмыг баримталдаг атлаа бүхэл бүтэн Төв банкны бодлого үйл ажиллагааг хянах чухалхариуцлагатай ажлыг нэг нам дангаараа шалгаж, АН-ынханд огтхон ч мэдэгдэхгүйгээр хийсэн нь яах аргагүй хардлага төрүүлж буй юм.  
 
Нөгөөтэйгүүр, дандаа шинэ гишүүд энэхүү ажлын хэсэгт оржээ.Төв банкны үйл ажиллагааг хянаж шалгах байтугай, хуулийн төсөл хэдэн шат дамжлагаар батлагддаг, хэрхэн боловсруулах вэ гэдгээ ч судалж амжаагүй, суралцаж яваа гишүүдийг Монголбанк, Засгийн газар, УИХ-ын хамтарч хэрэгжүүлж байсан томоохон төсөл хөтөлбөрийг судал хэмээн үүрэгдсэн нь ерөөс сонгууль угтсан шоу төдий, нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулах гэсэн ядмаг үйлдэл гэдэг нь хэнд ч илхэн байгаа юм. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг уншиж судалсан улстөрчид, цаашлаад эдийн засагчид “Ямар ч тооцоо судалгаагүй, маш муу дүгнэлт болсон. Зөвхөн нэг хүнийг харлуулах гэсэн улс төрийн шалгалт болсон” хэмээн дүгнэж байх юм.
 
Ингэж хардахаас ч аргагүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг анх МАН-ын бүлэг хаалттай хаалганы цаана хэлэлцсэн. Үнэхээр л энэ асуудлыг олон нийтэд дэлгэхийг хүссэн бол бүх асуудлыг нээлттэй хэлэлцэж болох байсан ч тэгсэнгүй. Тэгэхээр өөрийн намын гишүүд болон тэдгээрийн компанид хамааралтай асуудлыг “нууцын зэрэглэл” гэсэн хавтаст нууж орхиод, зөвхөн Н.Золжаргал ба АН-ыг муухай харагдуулах ажилдаа тэд хэтэрхий улайраад байна уу хэмээн хардахад хүргэж байгаа юм. 
 
Монголбанкны алдагдлыг тэд гурван их наяд хэмээн тодорхойлж, улмаар Н.Золжаргал гэж хүн 448 тэрбум төгрөгийг цүнхэнд хийгээд зугтчихсан мэтээр нийгэмд ойлголт өгөхөөр улайрч байгаа. Гэвч Төв банк огтхон ч хууль зөрчөөгүй. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зээл авсан нийт аж ахуйн нэгжийн хэд нь эргэж төлбөрөө төлснийг тэд дурьдахгүй атлаа зөвхөн зориулалтын бусаар ашигласан гэдэг тоог л анхаарч үзэж, зориудаар түгээх оролдлого хийж байх юм. Гэтэл энэхүү хөтөлбөрөөс зээл авсан аж ахуйн нэгжүүдийн 98 хувь нь зээлээ эргээд бүрэн төлсөн байдаг. Дандаа үндэсний баялаг бүтээгч аж ахуйн нэгж, иргэд байжээ. 
 
Н.Золжаргалд хөтөлбөр хамаарах уу 
 
Харамсалтай нь үгүй гэж хэлэх байна. Төв банкийг мөнгөний уламжлалт бус бодлого хэрэгжүүлэхийг үүрэг болгодог газар нь УИХ болон Засгийн газар. Өөрөөр хэлбэл, УИХ-аас 2012 онд 57, 2013 онд 62, 2014 онд 34, 69 гэх мэт тогтоолуудыг баталж өгч, ямар бодлого хэрэгжүүлэхийг нь Төв банкиндаа зааж тодорхойлж байжээ. Эдгээрийг шүүж үзэхэд иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй арга хэмжээ ав, үнэ тогтворжуулах цогц механизм боловсруулж хэрэгжүүл, Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн төвшинд нам, тогтвортой байлгах арга хэмжээ ав, Хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болго гэх мэтээр үүрэг чиглэл өгч байсан аж.
 
Мөн УИХ-аар ч асуудлыг хэлэлцэж, олонхийн дэмжлэгээр баталж байлаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг тухайн үед УИХ-аар хэлэлцэж байхад дэмжиж кноп дарж байсан гишүүд өдгөө энэ хөтөлбөр шиг хэрэггүй зүйл алга хэмээгээд намын захиасаар өөрийн хийсэн үйлдлээ үгүйсгээд сууж байгаа нь эмгэнэлтэй. Үнэхээр хөтөлбөрийг хэрэгжүүлж болохгүй байсан бол, хууль бус мөнгө хий дэмий урсч байсан бол УИХ яагаад энэ хөтөлбөрийг баталж байсан хэрэг вэ. МАН-ын гишүүд яагаад өөрийн компаниа оруулж зээл авч байв.
 
Тухайн үед Төв банкын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан МАХН-ын гишүүн Э.Батшугар, Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан МАН-ын гишүүн Б.Жавхлан нар яагаад дуугүй сууж байв. Энэ хөтөлбөрийг УИХ-ын даалгавар, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлсэн дөрвөн жилд МАН, АН, МАХН хамтарч засаг барьж байсан нь худлаа биш. Сангийн сайдаар нь МАН-ын гишүүн, өнөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сууж байсныг нуух аргагүй. Тэгээд ч Төв банк арилжааны банк биш. Нэг хүн дангаар очиж туйлдаг, хэн хүссэндээ мөнгө тарааж суух орчин ч биш.
 
Жил бүхэн аудитын шалгалт орж, УИХ-аар жил бүр Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн баталдаг. Энэ хүрээнд Төв банкны алдаа оноо юу байсан, амжилт нь ямар байгаа, цаашлаад хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг ярилцдаг. УИХ-аар танай, манай нам гэж талцахгүйгээр нухацтай ярилцаад баталдаг. Уламжлалт бус мөнгөний бодлогыг, уламжлалттай уялдуулж хэрэгжүүлэх үүрэг авсан Н.Золжаргал ба түүний багийнхны хийсэн ажлыг нэг хүнд нялзаах ородлого нь өөрөө шог харагдаад байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж байхад Төв банкинд ажиллаж байсан газрын дарга нар өдгөө ч ажилласаар л байгаа. Энэ хүмүүс үнэхээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан бол түүнийг эсэргүүцэж дуугарах ёстой. 
 
Гэвч тийм зүйл болсонгүй. Дан ганц шинэковуудаар эгнээгээ бүрдүүлсэн ажлын хэсгийн таван гишүүн таван өөр мэдээлэл тарааж давхисаар яваа юм. Төв банкны хараат бус бодлого үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн, мэргэжлийн бус, хоорондоо зөрчилдсөн баримтын алдаатай дүгнэлт нь угтаа Төв банкаа үгүй хийх гэсэн, улс орныхоо эдийн засагт түймэр тавих хэмжээний ноцтой асуудал гэдгийг эдгээр таван гишүүн дотор мэддэг хүн цөөхөн байгаа нь харамсалтай. Попуудын улстөржилт улс оронд ямар хор хөнөөл учруулдгийг олон удаагийн гашуун туршлага бидэнд харуулсныг нуух юун. 
 
МАН-ын улстөрчдийн компаниудыг жагсаалтаас хасав уу 
 
Олон тэрбум төгрөгийн алдагдал өмнө хэлсэнчлэн аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлтөөс болоогүй. Тэгээд ч Төв банк нэг ч төгрөгийн зээл олгоогүй. Төв банкаар дамжиж арилжааны банкууд зээл олгосон асуудал. Бодит бус алдагдал гэдэг нь орон сууцны ипотекийн найман хувийн зээл, цаашлаад шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барихад олгосон зээл зэргээс үүдэлтэй. Хэрвээ Төв банкийг арилжааны банк шиг ашигтай ажиллах ёстой гэж үзвэл эдгээр хөтөлбөрөөс зээл авсан аж ахуйн нэгжүүдээр алдагдлыг төлүүлэх ёстой болно. Найман хувийн зээлээр байртай болсон 60 мянган өрхийн зээлийн хүүг 20 хувь болгон өсгөж байж төлөлт хийлгэх учиртай. Алдагдлыг нөхүүлэх ажлыг аж ахуйн нэгжүүдээр хийлгэсэн тохиолдолд өчнөөн олон аж ахуйн нэгж дампуурч, нийгмийн хямралд хүрнэ гэдгийг МАН-ын туршлагатай улстөрчид хангалттай мэдэж буй.
 
Тиймдээ ч ажлын хэсэгт орохгүй хойшоо сууж, улс төрийн зорилготой тархи угаах ажлаа шинэхэн гишүүдээрээ хийлгэсэн нь илхэн. Мөн эргэн төлөлт хийгээгүй, зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгж дунд МАН-ын гишүүдийн компани ч толгой цохиж явна. Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл авсан компаниуд дотор УИХ-ын гишүүн О.Содбилэгийн “НИК” ХХК, Б.Анандбазарын “Содмонгол” зэрэг компаниудын тун ч өндөр зээл авсан нь дурайж байгаа. Мөн Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк ч үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр ашгаас хүртэж явсан нь илхэн.
 
Нөгөөтэйгүүр, МАН-ын бүлэг хаалттай хаалганы цаана энэхүү дүгнэлтийг хэлэлцэхдээ нэр бүхий гишүүдийнхээ компанийг жагсаалтаас хассан нь өдгөө ил болоод байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимент”  ХХК нь 3.9 сая ам.долларын өр төлбөртэй, энэ асуудал нь шүүхийн шатанд явааг хасч оруулж ирсэн нь энэхүү хөтөлбөр хэнд зориулсан, ямар зорилготой байсныг илчилж өглөө. Цаашдаа ч МАН-ын гишүүдийн булхай луйвар эхнээсээ илрэх нь дамжиггүй юм. 2012-2016 оны хөтөлбөрийн үр дүнд 80 мянган айл өрх орон сууцтай болсон.
 
Гэтэл өнөөдөр нэг ч айл өрхөд ипотекийн зээл олгохгүй байгааг худлаа гэж хэлэхгүй биз. Барилгын салбар үндсэндээ зогсонги байдалд орчихоод байгаа. Шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байж чадсаныг хэн ч үгүйсгэхгүй. Гэтэл сүүлийн зургаан сарын хугацаанд литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Дөрвөн жилийн бодлогын үр дүнд банкны салбарыг зээлийн тасалдлын эрсдэлээс сэргийлсэн.
 
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн 98% нь эргэн төлөгдөж дууссан. Үлдсэн 24 тэрбум төгрөгийн зээл нь хуваарийн дагуу 2018 оны нэгдүгээр сард төлөгдөж дуусахыг Төв банкны вэб сайтаас бэлхнээ харж болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн зээлийг тогтворжуулж байх үед (2013-2014) эдийн засаг 7.9-11.6 хувиар өсч байв. Харин хөтөлбөрийн зээлүүд эргэн төлөгдөж, шинээр мөнгөний нийлүүлэлт хийхгүй байх үед (2015-2016) эдийн засаг 1.0-2.3 хувийн өсөлттэй байсан гэх мэтээр бодит тоо, баримтгүй дүгнэлт хоёр хоорондоо алд дэлэм зөрүүтэй байх аж. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэгчээр МАН-ын бүлгийн улс төрийн зорилготой хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг эрх баригчид ямар ч хамаагүй аргаар нийгэмд түгээх оролдлого хийж байгаа ч ард түмний амьдралд энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн учраас түүнд нь итгэх хүн олдохгүй байгаа нь гачлантай. 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.