“Их Эе” хууль ёсных уу, хууль бус уу

“Их Эе” хууль ёсных уу, хууль бус уу

Эсрэг тэсрэг байр суурь

Ү.ХҮРЭЛБААТАР: Р.НЯМДОРЖ ХАДАГ, СҮҮТЭЙ БИДНИЙГ УГТАЖ, АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ БАЙХ

-Өчигдөр МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хуралдаж, хэлэлцэх асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Ээлжит бус “Их эе” шүүхийн шийдвэрийн дагуу болсон. Тийм учраас хууль бус гэж үзэж болохгүй. Улсын дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 1-ний 403 тоот тогтоол байгаа. Энэ тогтоолд МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар ээлжит бус “Их эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан.

Энэ шийдвэр өчигдөр биелэлээ.  Уг нь 2003 ондоо багтаж хуралдах байсан. Гэвч хуралдаагүй. Тиймээс 2014 оны зургадугаар 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Тэр хурлаар “Их эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, намайг даргаар нь томилсон.  Ингээд оны өмнө ээлжит бус “Их эе”-ийг оны өмнө хуралдуулахаар хичээсэн янз бүрийн шалтгааны улмаас хойшилсон.

Р.Нямдорж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүнийг хууль зөрчиж, “Их эе”-ийг албан хуралдуулсан гэж шүүхэд өгсөн. Гэтэл 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокуророос 387 тоот тогтоол гаргаж, Р.Нямдоржийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр бид хурлаа хийх боломжтой, ээлжит бус “Их эе”-ийг хуралдуулсан юм.  Энэ удаагийн хуралд 170 төлөөлөгч оролцсон нь ирц 85 хувьтай байсан гэсэн үг. Хурлаар МҮБХ-ны тэргүүнийг сонгосон. Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн Хүдэрбаатар, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нар өрсөлдсөн. Улмаар Л.Чинбатаас бусад нь нэрээ татаж, 99.99 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнийг сонгосон.

Мөн хяналтын зөвлөл, цэцдийн зөвлөлийг ч шинээр сонгосон. Энэ хурал хууль бус биш болохоор хуучин удирдлага болох Р.Нямдорж, Д.Данзан нар хадаг сүүтэй биднийг хүлээж авч, албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөх байх.  Ямар ч байсан Л.Чинбат МҮБХ-ны тэргүүн болсон. Харин дэд тэргүүн гэж байхгүй байхаар шийдсэн. Дэд тэргүүний хувьд гүйцэтгэх захирал томилж, МҮБХ-ны үйл ажиллагаагаа хариуцуулахаар төлөвлөж байна.

Дээрээс нь бид хурлын үйл ажиллагааны тайланг Р.Нямдорж, Д.Данзан тэргүүтэй хүмүүст албан бичгээр хүргүүлнэ. Хуучин удирдлагууд ухамсраараа суудлаа тавиад өгчих байх. Монголын ард түмэн, бөхөө мэддэг хүн бүр харж байгаа учраас элдэв асуудал болохгүй биз. Энэ удаагийн ээлжит бус “Их эе”-д Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцоод, тэргүүнд өрсөлдөх бүрэн эрхтэй байсан. Гэвч ирээгүй ээ. Бид шүүхийн шийдвэрийн дагуу хуралдсан. Энэ бол албан ёсны хурал. Ирц хангалттай байсан. Тийм учраас бид шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. Бид бол хууль дүрэм биелүүлэх гээд л яваад байгаа, даалгавар авсан хүмүүс. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх даалгавар. Дээд шүүхийн шийдвэр гарсан л бол түүнийг биелүүлэх ёстой шүү дээ. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх ёсгүй, битгий хуралд оч гэж зарладаг. Хууль ёсны хурлыг хууль бус гэж хэлдэг. Энэ бол гэмт хэргийн шинжтэй зүйл. Тиймээс бүх талцал хуваагдлыг зогсоосон хурал боллоо гэж үзэж байгаа юм.

Р.НЯМДОРЖ: ЭЭЛЖИТ БУС “ИХ ЭЕ” НЭРТЭЙ ЦУГЛААН ХУУЛЬ БУС

-Ү.Хүрэлбаатар, Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй хүмүүс өчигдөр ээлжит бус “Их эе” нэртэй цуглаан хийсэн. Үүнтэй холбоотойгоор жинхэнэ МҮБХ-ноос бид мэдэгдэл хийж байна. Энэхүү цуглаандаа бөхчүүдийг оролцуулахын тулд нэг бөх рүү 4-5 хүн ярьсан байгаа юм. Тухайлбал, Х.Баянмөнх, А.Сүхбат, Д.Амгаа, Ж.Ганболд гэх зэрэг хүмүүс тасралтгүй ээлжлэн ярьсан гэж байгаа. Нэг нь айлган сүрдүүлдэг бол нөгөөх нь аргадаж гуйдаг. Гурав дахь нь амлалт өгөх зэргээр уйгагүй ажиллаж, цөөнгүй хүнийг цуглуулсан.

Гэхдээ энэ хуралд одоо амьд сэрүүн байгаа 10 аваргаас долоо нь, 15 арслангаас 11 нь, есөн гарьдаас долоо нь оролцохоос татгалзсан. Мөн 25 заанаас 19 нь, 40 харцагаас  30 нь, 179 начингаас 163 нь энэ цуглааныг хууль бус гэж үзэж, очоогүй байна. Энэ нь аваргуудын 70, арслангуудын 73, гарьдуудын 78, заанууд, харцагуудын 75, начингуудын 90 хувь нь тус хуралд оролцоогүй гэсэн үг. Ийм хурлыг МҮБХ-ын “Их эе” гэж үзэх арга алга.

Нөгөө талаас тэдний цуглуулсан бөхчүүдийн бараг тэн хагас нь Увс аймгийн харьяат байсан. Дээрээс нь хадам, хүргэн, үр хүүхдээ хүртэл хамж, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй, тэднээс нууж, хаалттай хуралдсан нь энэ цуглаан хуйвалдаан гэдгийг нотолж байгаа юм. Мөн энэ цуглаан “Их эе”-д төлөөлөгч сонгох тухай МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар баталсан журмыг ноцтой зөрчсөн. Хоёрдугаарт, А.Сүхбат, Ж.Ганболд, Х.Баянмөнх нарын таван хүний гурван шатны шүүхээр зөв нь тогтоогдсон гэж яриад байгаа Цэцдийн зөвлөлийн хурал нь хуурамч ирц бүрдүүлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 253.1-ээр зүйлчлэгдэн шалгагдаж, тэр нь тогтоогдсон.

Одоо прокурорын шатанд хянаж байгаа. Хуулийн үйл ажиллагаа явагдаж дуусаагүй, эцсийн шийдвэр гараагүй байхад хийсэн цуглаан нь хууль зөрчсөн тул холбогдох хууль дүрмийн дагуу хүчингүй болно.  Үүнийг мэдэгдэж байна. Гуравдугаарт, МҮБХ-ноос 2016 оны арванхоёрдугаар сард мэдэгдэл гаргасан. Тэр мэдэгдлийн тавдугаар зүйлд “МҮБХ 2017 оны II улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит “Их эе”-ийн товыг тогтооно.

Улмаар МҮБХ-ны ээлжит “Их эе”-ийг хууль ёсны хүрээнд, дүрмийн дагуу хуралдуулж, шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно” гэж зарласан. Одоо хоёрдугаар улирал дуусаагүй байна. Зургадугаар сард Цэцдийн зөвлөлийн хурлаар ээлжит “Их эе”-ийн товыг тогтооно. Ээлжит “Их эе” дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаад хуралддаг. Энэ жишгээр 2018 онд ээлжит “Их эе”-ийн хугацаа болж байгаа. Тийм болохоор 2018 он гарахаар хурлаа хийнэ. Наадам, зуны амралт дууссаны дараа 4-5 сарын дотор багтаж хуралдана гэсэн үг. Намайг гурван шатны шүүхээр энэ хурлыг даргалж хуралдуул гэсэн, маргаан тэдний талд гарсан нь үнэн.

Гэтэл “Цэцдийн зөвлөл” гэх одоо байгаа 61 хүний гуравны хоёр нь буюу 66 хувь нь хуралдаж байж ээлжит бус Их эеийг зарлах дүрэмтэй. Эдгээр хүмүүс нөгөө л нэг айлгадаг, ятгадаг, гуйдаг журмаараа нэг хурал хийжээ. Гэтэл тэр хурал дээрээ очоогүй таван хүний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан байгаа юм. Аймгийн бөхийн холбооны хүнийг дарамталж байж “Миний оронд Улаанбаатар хотод байгаа тэр хүнийг оруулуулаарай” гэдэг итгэмжлэл бичүүлж аваад Цэцдийн зөвлөлийн бус хүнийг хуралд оруулсан байх жишээтэй. Гэхдээ би энд худал гэж ярина, тэнд Ү.Хүрэлбаатар худал гэж ярина.

Гурав, дөрөвхөн хоногийн дараа шийдвэр гарч, үнэн зөв нь мэдэгдэнэ.  Би ажлаа өгнө. Гэхдээ А.Сүхбат,  Ж.Ганболд, Х.Баянмөнх, н.Дуламсүрэн нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй, нэр хүнд муутай. Би үүнийг Монголын бөх сонирхогчдод гурван жилийн өмнөөс хэлсэн. Би хувьдаа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд хоёр гурван хүн бодож байна. Ээлжит бус Их эеийг их яарлаа гэхэд 2018 он дөнгөж гарангуут хуралдуулах төлөвлөгөөтэй байна. Миний хүсч байгаа ганц зүйл бол биеийн хөгжил, оюуны хөгжил, сэтгэл зүрхний хөгжил, иргэний боловсролтой хүнд би ажлаа өгнө. Монгол бөхөө гэсэн сэтгэл зүрхгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Ганболд нарт би ажлаа өгөхгүй.

Сэтгүүлчийн дүгнэлт

Р.НЯМДОРЖ, Д.ДАНЗАН ТЭРГҮҮТНҮҮД ХОВХРОХ ЦАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ

МҮБХ-ны ээлжит бус “Их эе” өнгөрсөн ням гарагт болж, шинэ тэргүүнээр Л.Чинбатыг томилсон талаар өчигдөр Ү.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд шүүхийн шийдвэрийн дагуу ээлжит бус “Их эе”-ийг хуралдуулжээ. Тийм учраас энэ хурал хууль ёсны, хүчин төгөлдөр гэж байгаа юм. 2003 онд дээд шүүхийн шийдвэр гарч, ээлжит бус “Их эе”-ийг хуралдуулж, тэргүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлц гэсэн аж. Тэр дагуу зүтгэсээр сая нэг юм хурлаа хийж, тэргүүнээ сольж, Цэцдийн зөвлөлөө ч өөрчилсөн юм байх. Гэтэл МҮБХ-ны тэргүүн болох Р.Нямдорж болохоор шүүхэд өгөхдөө хурлын ирцийг хуурамчаар бүрдүүлсэн. Таван хүний гарын үсгийг дууриалган зурсан гэсэн тайлбар хийлээ. Энэ хэргийг нь хууль хяналтынхан шалгаад дуусч байгаа бөгөөд удахгүй нийтэд зарлана гэж мэдэгдэв.

Энэ мэдэгдлээс үзвэл Ү.Хүрэлбаатар, дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй хүмүүс хэрэгтэн болох гээд ч байх шиг. Ямар ч байсан МҮБХ-ны тэргүүний төлөөх “дайн” дахиад үргэлжлэх нь тодорхой боллоо. Наашлуулж хэлбэл, 2018 оны эхэнд ээлжит “Их эе” хуралдах хүртэл үргэлжлэх нь. Одоохондоо хоёр талын хэнийх нь зөв, аль нь үнэн яриад байгааг тунгаах арга алга. Шууд тэр нь зөв, энэ нь буруу гэж хэлэх  боломжгүй байгаа юм. Р.Нямдорж тэргүүтний яриад байгаа эрүүгийн хэрэгт буруутгасан асуудал үнэхээр гараад ирвэл Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс буруудаж магадгүй. Түүний өмнө маргааныг хагалах юу ч алга. Гэхдээ энд нэг л зүйл байна.

МҮБХ-г 26 жил удирдаж, үхтэл зууралдаж байгаа Р.Нямдорж, Д.Данзан тэргүүтнүүд одоо зайгаа тавиад өгөх цаг болсон юм биш үү. Бид Бөхийн холбоог байгуулсан. Тэд Бөхийн өргөөг хувьчилж авах нь гэж ярьж байна билээ, энэ хоёр хүн. Дээрээс нь ирэх жил ээлжит “Их эе”-ээр суудлаа өгнө гэж ярьсан. Тэгэхдээ тэдний эсрэг хууль дүрэм яриад, шинэчлэхээр зүтгэж буй гэх хүмүүст өгөхгүй гэнэ лээ. Тэгэхээр дахиад л зууралдах гээд байгаа юм биш биз дээ. Монгол бөх сүртэй хөгжсөн юм алга. Цагаан сарын барилдаанаа үзэх гэж иргэд яаж дугаарлаж, билет авч байгаа билээ. Бөхийн найраа, допингийн хэрэг, цаашлаад дүрэм гэх мэтээр завхрал их байна. Тэр бүхнийг шинэчлэх цаг болсон. Уг нь ээлжит бус “Их эе”-ийн хуралдаанаар “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон. Гэвч одоо байгаа тэргүүнүүд нь сандал, суудлаасаа зууралдах нь тодорхой байгаа юм. Уг нь бол Л.Чинбат гэдэг хүн энэ холбоог илүү сайн удирдаж, өөрчлөлт шинэчлэлт хийгээд явах болов уу гэж ихэд юм.

Хүнийхээ хувьд өөр шүү дээ. Тэр хүнд арай ч Бөхийн өргөөг хувьчилж авах гэсэн шунал байхгүй биз. Харин ч энэ холбоог өөрчлөх, шинэчлэл хийх, ядаж л Бөхийн өргөөг wifi-тэй болгох байлгүй дээ. Харамсалтай нь Р.Нямдорж гуай өөрийнх нь хувьд “саалийн үнээ” болсон холбоогоо тийм ч амар тавиад туучихгүй нь тодорхой байна. Ядахад ээлжит бус “Их эе”-д оролцсон улсын цолтой 41 бөхийн 28 нь Увсын харьяат байсан гэсэн шалтаг гараад ирлээ. Х.Баянмөнх аварга хүргэн А.Сүхбаттайгаа нийлж, Увсын хэдэн бөхчүүдийг дуудаад л “Их эе” хийчихлээ гэж дайраад байгаа юм. Ер нь бол энэ хэрүүл дараа жил хүртэл үргэлжлээд, ээлжит “Их эе” хийхэд туллаа гэхэд Р.Нямдорж гуай зүгээр л саналаараа яваад өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгээд арай өөр хүнд энэ холбооны “жолоо”-г атгуулж, хариуцуулах цаг болсон. Хуучин бүхэн нь бугшсан энэ холбоонд шинэчлэлийн “салхи” яах аргагүй хэрэгтэй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.