Эх орноосоо урвасан асуудлаар ноцтой баримт дэлгэнэ гэв

Эх орноосоо урвасан асуудлаар ноцтой баримт дэлгэнэ гэв
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд Эрүүгийн хуулиар хар тамхины хэргийг ялаас чөлөөлсөн гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өмнө нь шинэчлэн баталсан Эрүүгийн хуулиар эх орноосоо урвах зүйл заалтыг байхгүй болгосон хэмээн мэдэгдэж, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Х.Нямбаатар нарын гишүүдтэй маргалдаж байсан. 
 
Мөн энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулахаа ч мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл энэ удаагийн Эрүүгийн хуульд эх орноосоо урвах заалтыг байхгүй болгосноос гадна хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлсөн хэмээн мэдэгдсэн юм. 
 
Хуучин Эрүүгийн хуулийн 192, 196 гэсэн заалтад энэ төрлийн гэмт хэргийг зүйлчилж, ял оноож байсан бол одоогийн шинэ хуульд 20.7 гэсэн заалтаар энэ асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тэгэхдээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис гэдэг байсныг өөрчилж зөвхөн бодис болгон өөрчилжээ. 
 
Нөгөөтэйгүүр, борлуулахаас гадна хадгалсан гэж үзэн ял шийтгэж байсныг шинэ Эрүүгийн хуулиар байхгүй болгожээ. Тэрбээр, "Хар тамхи хэрэглэх байраар хангасан бол ял оноодог байсныг торгодог болсон, Хуулиар зөвшөөрсөн мөнгө олдог гурван аймшигтай бизнес бол архи, тамхи, эм. Үүнд хатуу хяналт хэрэгтэй. Хар тамхины наймаанаас асар их ашиг олдог.
 
Аль ч улс оронд энэ чиглэлийн хууль маш чанга байдаг. Гэтэл манайх зөөллөөд сууж байна. Өмнөх хууль ч хатуу байгаагүй, энэ удаа бүүр зөөлрүүлчихлээ. Лобби явсан гэж харж байгаа” хэмээсэн юм. Мөн хохирол шаардахаа больсон, ялын хэмжээг бууруулсанд харамсч буйгаа илэрхийлээд эрх баригчдын энэ дураараа үйлдэлд тун удахгүй хариу барьж, эх орноосоо урвасан асуудлаар ноцтой баримт дэлгэхээ мэдэгдлээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.