Г.Занданшатар: УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр кноп даруулдаг байя гэсэн санал гарсан

Г.Занданшатар: УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр кноп даруулдаг байя гэсэн санал гарсан

Анхдугаар Зөвлөлдөх санал асуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд болж өнгөрсөн билээ. Тэгвэл  энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, М.Оюунчимэг болон Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын эхний шатанд 1570 хүн оролцсон.  Үүнийг  санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд хоёр дахь шатанд 740 төлөөлөл оролцсон юм.

Эдгээр 740 хүнийг 15 гишүүнтэй 49 баг болгож, баталсан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээнээс Зөвлөмж гарах юм байна. Уг Зөвлөмжийг тавдугаар сарын 6 гэхэд Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Үүний дараа Байнгын хороо УИХ-д танилцуулна. Ингээд иргэн, УИХ, шинжээч, судлаачдын хамтарсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдах юм байна. Тэрхүү ажлын хэсэг нь иргэдийн санал, Ерөнхийлөгчийн санал, Улсын дээд шүүхийн санал, Үндсэн хуулийн цэцийн санал гэх мэт олон талын саналыг тусгасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах юм байна.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Анхдугаар Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлэх сэдвийг хэрхэн сонгосон бэ?

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Зургаан сэдвийг сонгохдоо 3-4 шат дамжсан. Ардын их хурлын депутат, Үндсэн хууль тогтоогчдын хурал зохион байгуулсан. Мөн ШУА-аас Үндсэн хуулийн 25 жилийн хэрэгжилтэд дүгнэлт өгсөн. НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс Үндсэн хуулийн хэрэгжилтийн тайлан гарч, өнөөдөр хэлэлцүүлсэн эхний таван асуудал хөндөгдсөн юм. Үүнээс гадна Хууль зүйн их сургуулийн доктор н.Энхбаатараар ахлуулсан хараат бус судлаачид бүх аймагт очиж хэлэлцүүлэг, семинар, санал асуулга явуулсан. Ингээд 20 гаруй сэдвээс 10-ыг нь УИХ-ын ажлын хэсэгт өгсөн. УИХ-ын ажлын хэсэг зургааг нь сонгож хэлэлцүүлсэн.

-Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн сэдвийг энэ хэлэлцүүлэг дээр оруулж ирсэн нь шинжээч судлаачдын анхаарлыг татаж байсан. Яагаад ийм сэдэв оруулж ирэх болсон бэ?

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав: -Энэ сэдэв нийгэмд ихээхэн яригдаж байсан учраас орж ирсэн. Ард түмний хандлага ямар байгаа вэ гэдгийг тандах зорилготой оруулж ирсэн гэж ойлгож байна.

-Зөвлөлдөх санал асуулгаар иргэд ямар сэдвийг хамгийн их хөндсөн бэ?

-УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулгаар хариуцлагын асуудал маш их хөндөгдсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулая, УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр кноп даруулдаг байя, хариуцлагатай байя, төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэе  гэхчлэн санал  гарсан.

-Журмын тухай хуулийг хөндөх үү. Өмнөх хуулийн төслөөс ямар зүйлийг нь авч, алийг нь хаяж байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал олон жил яригдаж байна. Гэхдээ үе үеийн ажлын хэсэг хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байна. Журмын тухай хуульд аль болох өөрчлөлт оруулахгүйг хичээж байгаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд хэр их зардал гарч байгаа вэ. Зардал мөнгө хаанаас гарч байгаа вэ?

-Одоо бол зардал гарахгүй. 250 сая төгрөгийн баталж өгсөн. Хэрэв дутвал Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргуулна. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтээр санал асуулга явуулах бол мэдээж, нэмэлт зардал гарна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.