Ж.Батзандан: Зөрчилд баривчлах ял оноох нь буруу

Ж.Батзандан: Зөрчилд баривчлах ял оноох нь буруу

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Олон улсын валютын сан /ОУВС/-тай тохирсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотой асуудлаар Сангийн сайдын мэдээллийг сонсох байсан ч Сангийн сайд ирээгүй байна.  Тэгвэл бүлгийн хурлын дараа  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр тавдугаар сарын 1. Татварууд нэмэгдэж байна. ОУВС ойлгомжгүй болсон өдөр.  Өнөөдөр эрх баригчдын, Б.Чойжилсүрэн сайдын амлаад байгаа бүхэн ойлгомжгүй болж эхэллээ.  Нэг л зүйлийг бид хэлж, сануулсан. Иргэдийнхаа халаас руу гар дүрж болохгүй шүү гэж. Гадны шахалтаар иргэдийг татварын дарамт руу хийж болохгүй гэдгийг өмнө нь бид сануулсан.

Тэр үед эрх баригчид “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчих юм бол мөнгө олж ирээд өрийн дарамтаа багасгаад явчихна” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр ойлгомжгүй байдалд орууллаа.

Монгол Улс үндэсний тусгаар улс гэж ойлгодог, бид дотооддоо асуудлаа зөв шийдэх байтал маш ойлгомжгүй байдлаар гадны нөлөөллөөр оруулж ирж байгаа нь Монголд тустай зүйл биш юм. ОУВС Монголын асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан нь УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 зүйлд заасан заалттай холбоотой гэж ойлгосон. Түүнд “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монгол банкаар дамжуулъя” гэсэн заалт байсныг зөв гэж харж байгаа. Тийм учраас энэ тогтоолын заалтыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжсэн.

2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагаж гарсан тогтоол.  Бид энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлэх ёстой. Гэхдээ өмнө нь Сангийн сайдын мэдээллийг сонсоё гэж бодсон ч манай бүлгийн хуралдаанд ирсэнгүй. Энэ тогтоол хэрэгжих ёстой. Тэр байтугай баяжмалаар гарч байгаа алтыг ч Монголдоо оруулж ирэх ёстой. Монголбанк алтаа авах ёстой. Тэгж байж валютын ханшийг тогтвортой хадгалж чадна” гэлээ.

Түүнээс гадна АН-ын  бүлгийн хурлаар  Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ дээр Зөрчлийн тухай хууль хэлэлцэгдэж байна, энэ долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Эдгээр нь хүний үндсэн эрхийг хязгаарладаг хуулиуд юм.

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг Зөрчлийн тухай хуультай холбоотой зарчмын байр сууриа илэрхийлсэн. Анх Засгийн газраас оруулж ирсэн Зөрчлийн хуулийн төсөлд  торгох, эрх хасах гэж байсан. Харин Байнгын хорооноос байгуулагдан ажилласан ажлын хэсэг баривчлах шийтгэл нэмж оруулж ирснээр зөрчил үйлдсэн хүний халдашгүй эрхэнд цагдаагийн байгууллага халдах, хүний үндсэн эрхийг зөрчих боломжийг нээж өгсөн. Үүнийг өөрчлөх саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа гаргасан.

Ингэснээр 11 зөрчил дээр баривчлах шийтгэл оруулж ирснийг тав болгож буурууллаа. Одоогийн байдлаар дөрвөн зөрчил дээр баривчлах шийтгэл үлдсэн. Зөрчлийн хууль гэмт хэргийн шинжтэй хууль болж хувирч байна. Зөрчилд баривчлах ял оноох нь буруу. Торгуулийн хэмжээ өндөр байгаа. Хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно гэж орж ирсэн. Үүнийг Ардчилсан намын бүлэг Зөрчлийн хуулиар далимдуулж, жирийн иргэдийг хоморголон баривчлах нүх сүв нээгдэж байна. Хүний үндсэн эрхэд халдах, боомилох хэрэгсэл болгож ашиглах гэж байна гэж үзэж байгаа учраас эсэргүүцэж байгаа, сайжруулж гаргах ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл мөн анх Засгийн газар болон өмнөх УИХ дээр барьж байсан байр суурийг эвдсэн шинжтэй байна. Тухайлбал, эрүүгийн хэрэг мөрдөн шалгагдаад шүүхэд шилжүүлсний дараа шүүх тухайн хэрэгт ял шийтгэл ногдуулах ёстой, гэм буруу нь нотлогдохгүй бол цагаатгах ёстой.

Мөрдөн байцаалтад хэргийг буцаадаг байж болохгүй. Гэтэл энэ хуулийн төслөөр коммунист эрх зүйн системээ үргэлжлүүлэх зорилгоор мөрдөн байцаалтад шүүхээс буцаадаг байхаар оруулж ирснийг эсэргүүцэж байна. Мөрдөн байцаалтад хэргийг буцаадаг байх юм бол хүний эрх дордоно. Шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар ялыг илүү хүндрүүлэх боломж гарч ирнэ. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахаар оруулж ирсэн. Социализмын үеэс цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байсан бурангуй явдлыг таслан зогсоох ёстой.

Хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа явуулдагийг халах ёстой. Харамсалтай нь, эрх баригч нам прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болно гэж оруулж ирсэн байна. үүнийг дэмжих боломжгүй. Энэ гурван асуудлыг өөрчлөөгүй цагт энэ төслийг хойшлуулах, нягтлах асуудлыг бүлэг тавих болно” хэмээн мэдэгдлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.