Ж.Эрдэнэбатыг 100 хувийн саналаар дэмжив

Ж.Эрдэнэбатыг 100 хувийн саналаар дэмжив
МАН-ын Бага хурал 15.00 цагийн үед эхэллээ. Бага хуралд нийт 310  гишүүн ирэх ёстойгоос 174 гишүүн хүрэлцэн ирж, 58,3 хувийн ирцтэйгээр хурлыг эх­лүүл­сэн юм. Хуралдааныг нээж М.Энхболд үг хэллээ. Тэрээр “Сонгуулийн өмнө хуралд­сан Бага хурлаар УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-д өр­сөл­дөх нэрсийг тодруулж, мө­рийн хөтөлбөрөө баталснаар сон­гуулиар ялалт байгуулах буухиаг дагуулсан. Иймд МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье” гэсэн юм. Бага хурлыг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар даргалж, Н.Амарзаяа дэд даргын үүрэг гүйцэтгэсэн юм. 
 
Хуралдааны эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны УИХ-ын болон аймаг орон нутгийн сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар илтгэл тавилаа. Дараа нь Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгох эсэхийг хэлэлцэв. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл ороход Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатаас гадна С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар нэр дэвшээд байсан.
 
Гэвч С.Бямба­цогт, Ж.Мөнхбат нар сайн дураар нэрээ татсанаар бага хур­лаар зөвхөн нэр дэвшигч Ж.Эрдэнэ­батыг дэмжих, эсэх асууд­лыг хэлэл­цэж, 100 хувийн сана­лаар дэмж­лээ. Энэ үеэр бага хурал­даан­тай холбогдуулж МАН-ын Хэв­лэл мэдээлэл, олон нийттэй харил­цах хэлтсийн дарга Г.Ганбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Өглөө 11.00 цагаас хуралд­сан МАН-ын УЗ-ын хурлаар Ж.Эрдэнэ­батыг дэмжсэн. Бага хурлаар бат­лагд­сан нэрийг УИХ дахь МАН-ын бүл­гээр дамжуулж УИХ-д өр­гөн барина. Түүнчлэн МАН-ын Бага хурлын зарим гишүү­нийг чөлөөлөх, зарим гишүү­нийг нэмэх асуудлыг хэлэл­цэнэ” гэлээ.
 
Мөн тэрбээр “Удир­дах зөвлөлийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямба­цогт, Ж.Эрдэнэбат нарын нэрийг дэвшүүлсэн. Гэвч улс ор­ны эдийн засгийн бай­дал хүнд нөхцөлд байна. Тий­мээс эдийн засаг, санхүүгийн мэр­гэ­­жил­­тэй, орон нутгийн ажил амьд­­рал мэддэг хүнийг томи­лох нь зүйтэй юм гэж үзээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямба­цогт нар нэрээ татаж авсан” гэдгийг дуул­га­сан юм. МАН бага хур­лын­хаа үр дүнгийн та­лаар өнөө­дөр Төрийн ордонд дэл­гэ­рэн­гүй мэдээлэл өгөх юм байна. Мөн энэ удаагийн бага хурлаар зөвхөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцсэн бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүн болон бусад сайд нарын асуудлыг хэлэлцээгүй гэнэ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.